Өдгөөгөөс гурван жилийн өмнө 2016 оны хоёрдугаар сарын 26-нд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн манай сэтгүүлчид өгсөн ярилцлагыг хүргэж байна.
-Манай “Хоймор” буланд зочлох урилгыг хүлээн авсан танд баярлалаа.
-Хоймортоо урьсан та бүхэнд талархъя.
-Лүндээжанцангүй парламент гэж байсангүй. Байнгын ажиллагаатай парламент байгуулсан цагаас тасралтгүй сонгогдсон ганцхан хүн нь та боллоо.
-Тийм л болж таарах нь.
-Тэр үеэс хойш 26 жил та түмний нүдэн дээр ил амьдарчээ. Улстөрч Лүндээжанцан ямархуу хүн бэ гэдгийг уншигчид гадарладаг болсон байх. Энэ удаа хувь хүн талаас тань уншигчидтайгаа илүү уулзуулъя гэж бодлоо. Лүндээжанцан гэдэг хүү таны дурсамжид яаж үлдэж вэ?
-Сүүлийн үед бага нас, идэр насаа дурсах зав чөлөө тун багатай байжээ. Хүний хамгийн сайхан нас, хамгийн сайхан үе аль вэ гэхээр идэр насаа гэж олонх хүн дурсдаг юм гэнэ лээ. Миний хувьд бол өөр. Бага нас минь сэтгэлд их ойр, дотно дурсамж үлдээж дээ. Би уяруу зөөлөн сэтгэлтэй хүн. Ээж, эмээ минь ийм хүмүүс байсан. Тэр занг нь бага боловч авсан юм шиг байгаа юм. Аавынхаа зоримог, ухаалаг чанарыг ч өвлөсөн. Тэгээгүй бол би парламентад өдий зэрэгтэй сууж чадахгүй байсан биз. Манай Нямдоржийн хэлдгээр “Тийм биз, мөн үү”. (инээв) Хамгийн сайхан нас залуу нас. Байгалийн хууль юм даа. Хүний физиологийн үйл ажиллагаатай холбож Фройд нарын эрдэмтэд тайлбарласныг хүмүүс их эш татдаг юм билээ. Өөрөөр хэлбэл, хамгийн их чадал тэнхээтэй, тэгширсэн, чадавх сайтай үе. Хэчнээн ядуу зүдүү явсан ч, тарчиг амьдралыг дайрсан ч гэсэн залуу явахад сайхан байж дээ гээд хүн болгон л ярьдаг даа. Гэхдээ миний хувьд энэ сайхан үе нь бага нас байж. Тэр цаг хамгийн сайхан дурсамж үлдээсэн. Бага залуудаа эцэг эхээсээ хагацсантай холбоотой байх.
-Аав, ээж тань ямар хүмүүс байв. Ажилчин хүний хүүхэд шүү дээ гэж дурсахыг тань сонсож байснаас илүүг мэдэхгүй юм.
-Манай аав, ээж ажилчин байсан. Урт цагаанд, дараа нь гутал засварын газарт гутал тахалдаг байлаа. Гутал загнах гэж ярина шүү дээ. Аав, ээжийнхээ дунд суучихаад гутлын хадаас тэгшилж байсан үе хамгийн жаргалтай. Тэр үед богинохон хадаасыг тэгшлэх надад амаргүй л байсан байх. Гэхдээ бага насны ийм л зураг хамгийн сайхан байж дээ.
Манай аав цэргийн дарга байсан. Шавилж сууж байсан ном эрдэмтэй хүн. Гэлээ гэхдээ тухайн үеийнхээ нийгмийн ороо бусгаа цагийн бүтээгдэхүүн болж зовлон жаргалыг туулж ирсэн. Манай ээж малчин байгаад хотод ирээд аавтай ханилсан жирийн эмэгтэй. Улаанбаатар хотод 50 оны сүүлч, жараад онд Хүүхдийн парк, Их дэлгүүр баригдаж байх, дараа нь микро, Сансар, 19 дүгээр хороолол яаж боссон, энэ бүгдийн гэрч би юм даа.
-Танайх яг хаана байсан юм бэ?
-Эхлээд Гандангийн дэнжид, дараа нь Нарангийн дэнжид байдаг байлаа. Гэр хорооллын хүүхэд шүү дээ. Манай гэр хорооллынхон “гар нь сайртайгаас биш гавал нь сайртайгүй алдрайнууд аа” гээд бэсрэг найраглал бичиж байлаа.
-Хэддүгээр ангидаа тэр вэ?
-Аравдугаар ангиа төгсөөд бичиж байсан. “Нарангийнхан” гэдэг нэртэй. Сурвалжлагч болно гээд Монголын радиогийн “Гавшгайч сурвалжлагч” дугуйланд Мөнгөний Чимид багшийн удирдлагад хичээллэдэг үе надад байсан. Шүлэг зохиол бичнэ. Гээд зохиолч болж гавьсангүй. Тэр үед гэр хороолол гэдэг их сайхан байсан. Гудамж бүрээс хөлбөмбөгийн баг гардаг. Арай ах эгч нь гар бөмбөг тоглодог, өвлийн цагт нь бүгдээрээ хоккей тоглодог байлаа. Айл болгон шахуу л малтай байсан. Ганц хоёр үнээ, ямаатай, тэрийгээ адгуулдаг ажилчин ангийнхан голцуу байж дээ. Тэр л амьдралаас Монголын сэхээтнүүд өсч өндийсөн. Манай гудамжнаас хөгжмийн зохиолч, яруу найрагч, инженер, багш гээд алдартай хүн их төрсөн дөө. Манай 28 дугаар сургуулийнхан гэхэд намайг аравдугаар анги төгсөж байхад нийслэлийн нэгдүгээр сургууль, 52 дугаар сургуультай л математик, физикийн олимпиадад өрсөлддөг байсан. Хувцас гологдохоос биш толгой гологддоггүй ийм л хүүхдүүд байсан. Чой хамба байна. Манай сургуулийн хүүхэд. Надаас зургаан анги дээр. Ээж нь манай аав, ээжтэй хамт Урт цагаанд ажилладаг Сэрээтэр эгч гээд байлаа. Хамба багадаа том биетэй, барилддаг хүүхэд байсан. М.Мөнгөн арслан эд нартай л ноцолдож өссөн байх. Тэгээд шашны сургуульд ороод ноцолдохоо больсон. Р.Раш, Ч.Улаан хоёр нэг анги. Надаас гурван ангийн ах. Тэдний ангийнхан мундаг сурлагатай хүүхдүүдтэй байсан. Гээд тоочвол манай сургуулиас том сэхээтнүүд гарсан.
-Чой хамба таныг бас барилддаг, шаггүй байсан шүү гээд дурсаж байхыг би сонссон.
-Яахав 57 кг-д барилддаг байсан. Чөлөөт бөх л дөө. Гэтэл 52 кг-д барилд, жин хас гээд болдоггүй. Жижигхэн дээрээ жижигхэн болчихно биз дээ. Тэгээд орхисон. Угаасаа манай жинд мундаг хүүхдүүд байсан. Д.Оюунболд гээд мундаг амьтан байлаа. Би хэзээ ч дийлэхгүй гэдгээ мэддэг байсан болохоор нэг их ч хүчлээгүй.
Зун нь манайх нутаг руугаа явна. Манайх Өвөрхангай аймгийн айл. Нутаг харьцангуй ойр болохоор зундаа нутагтаа очдог, тэгээд мал хуйтай хөөцөлддөг ийм хүүхэд явжээ. Би 16 наснаасаа эхлээд зуны амралт болгоноор дэлгүүрт ачигч, мах цавчигч гээд янз бүрийн ажил хийж явсан. Хичээлийнхээ зав чөлөөгөөр барилгын ажил ч хийж үзсэн. Хоёр үнээндээ хадлан бэлтгэх гээд намар нь гардаг, гэхдээ байгалийн шалгарал гэдэг шиг чоно шиг явж байж л хэдэн бухал өвс олж авдаг байв. Аав ээж минь ажлыг хар боргүй хийж сур, тэгж байж л амьдрал авч явна гэж их багаас сургадаг байсан. Өөрсдөө ч их хөдөлмөрч улс. Тэр зан чанар нь надад чамгүй сууж өгсөн гэж боддог. Гандангийн дэнжид 60 айлын хоёр цагаан байр баригдаж, манайх Нарангийн дэнжид очсон. Дараа нь тэнд одоогийн гурав, дөрөвдүгээр хороолол босохоор болж бас л нүүсэн. Манайх ер нь хотын нүүдэлчин айл байлаа. Эхлээд Гандангийн дэнж. Дараа нь Наран, Дамбадаржаа руу нүүсэн, эргээд Зурагтын эцсийн буудалд ирсэн. Гэх мэтчилэнгээр их нүүсэн.
-Гандангийн дэнж дээр, Нарангийн дэнжид мал хуйтай айл олон байсан гэхээр бидний үеийнхэнд их л хол сонсогдож байна.
-Намайг бүүр бага байхад Дэнжийн мянга, Ногоон нуурын хөвөөнд айлууд гүү барьдаг байсан. Дамбадаржаагийн рашааны хөлд гүү барьсан айлууд багширч байдаг байсан. Аав, ээжтэйгээ авахуулсан зураг байдаг юм. Улаанбаатар хот тийм байх үед авахуулсан зураг байх.
-Таны ховор нандин зураг их байх юм. Бага залуугийн зураг тэр болгон хадгалагддаггүй. Аав, ээж тань их айхтар хүмүүс байж дээ?
-Зарим хүн ичдэг юм шиг байгаа юм. Ажилчин ангийн хүний хүүхэд гэж хэлэхээсээ. Эцэг эхээсээ ичнэ гэж байж болох уу. Би бол бахархдаг. Манай аав, ээж бол ажилчин хүмүүс. Амьдрах гээд л бүх л юмыг хийсэн дээ. Эцсийн эцэст цаад санаа нь биднийг л өсгөж хүмүүжүүлж, хүний зэрэгт хүргэх гэсэн их том бодлого байсан. Ардынхаа тууль, үлгэр магтаалыг сонсож өссөн, манай нутгийнхан бэлэн цэцэн үгтэй улс. Намайг бага байхад манай аав надад сампин, шатар, монгол бичиг заасан. Харамсалтай нь би монгол бичгийг сайн сураагүй байх. Тэр бүү хэл төвд хэл бичгийг лам багшид шавилан оруулж долоо хоногт хоёр удаа заалгадаг байлаа.
-Хэдэн настайд тань вэ?
-Сургуульд орохоос өмнө өө.
-Танай аав их номтой хүн байж ээ?
-Төвд хэл бичгийг бол өөр хүнээр заалгаж байсан л даа. Том лам багш байсан юм. Ээж 35 үсэг, тоо заасан. Цээжээр бодохдоо гайгүй л хүүхэд байсан. Хэдэн зуун мянгын дотор нэмж хасаад, хэдэн зуугийн дотор үржүүлж хуваадаг байв.
-Сургуульд орохоосоо өмнө гэсэн үг үү?
-Тийм, тэгээд сургуульд ороод л цээжээр тоо бодох чадвараа алдсан. Тэр үед хөгжүүлсэн бол одоогийн оюун ухааны Хатанбаатар нар шиг л ой тогтоолт сайн байх байсан юм билээ. Цаастай харьцаад эхлэхээр л цээжээр бодохоо больчихдог юм билээ. Ингэж бэлдэж байгаад намайг аав ээж хоёр 1965 онд XIII сургуульд оруулсан. Өмнө нь дөрвөн жил нэг анги төгсөгчихсөн, туршлагатай багш Ж.Дашдондог гэдэг хүний шавь болсон. Сайн багштай учирна гэдэг их том хувь тохиол байдаг. Сургууль номондоо дуртай хүүхэд байсан ч аав, ээж маань зөвхөн эрдмээр “нүдээд” байя гэж бодоогүй. Цанаар гулгуулж сургах гээд цана авч өгч байлаа. Хөгжим авч өгч байлаа. Даанч түүнийг нь сурсангүй. Үлээвэр хөгжмийн дугуйланд явлаа. Шатрын дугуйланд явлаа, дээр хэлснээр бөхийн дугуйланд ч явлаа. Бөхөөрөө жаахан явах байсан боловч номоо илүү харах замыг сонгосон доо. Манай гэрт “Шидэт хүүрийн үлгэр”, “Гучин хоёр модон хүний үлгэр”, “Зуун билгийн дээж оршвой” гээд монгол бичгээр бичсэн олон ном байдаг байсан. Ааваасаа анх удаа Жуков жанжин, Дандар баатар, Чингис хааны тухай сонсч байлаа. Манайд “Монголын нууц товчоо” байдаг байж. “Нууц товчоо” гэсэн болохоор нууцалдаг ном юм байх гээд жаахан байхдаа нууцаар уншиж явлаа. Гэрийнхээ цавган доогуур хийчихээд нууж байгаад уншдаг байсан. Тэгсэн чинь дараа нь найм, есдүгээр ангид уран зохиолын хичээл дээр үздэг, Монголын уран зохиолын гурван оргилын нэг гэдгийг мэдэж авч байгаа юм. Миний аав, ээж хоёр хүүхдийнхээ боловсролд ингэж анхаардаг байсан. Ээж бол дунд аж ахуйтан. Малтай хөрөнгөтэй, дунд чинээний хөрөнгөтэй айлын охин. Аавын тал гарал үүслээсээ болоод хэлмэгдсэн хүмүүс байв. Аавын талыг феодал гэдэг байсан юм. Нэг зүйлийг онцолж хэлэхэд манай өвөг дээдэс МАН-тай салшгүй холбоотой. 1921 оны арванхоёрдугаар сард Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд Асар зүлэгтэй гэдэг газарт Ардын намын хоёрдугаар үүр байгуулагдсан. Нэгдүгээр үүр нь Архангайн Хашаат суманд, хоёр дахь нь Өвөрхангайн Баян-Өндөрт байгуулагдаж байж л дээ. Анхны гишүүд нь манай өвөг дээдэс байсан. Аавын аав, эмээгийн дүү элсэж байжээ. Тэр үүрийг Д.Сүхбаатар жанжны найз, цорж лам, мэргэн шовгор гэж алдаршсан Санжаажамц, ардын засгийн төлөөлөгч Жамъян гэдэг хоёр хүн очиж байгуулсан байдаг. Эцсийн эцэст манай намын түүх бол тусгаар тогтнолын түүх. Тийм учраас манай гэрт хар хайрцагны бодлого байсан. Орой болохоор ойр тойрныхон, манай хөгшчүүл цуглаад л хоорондоо ярьдаг байсан. Тэр үед тэгсэн гэнэ, ингэсэн гэнэ гээд л. Улс орны байдал ийм байсан гээд ярилцдаг байлаа. Орой болгон би ийм яриа сонсож өссөн. Тэгээд үлгэр домог ярина. Бүгд бичиг мэднэ, төвд бичиг мэддэг хүмүүс байсан. Сэхээтнүүд байж дээ. Гол нь тухайн үеийн цаг үе нь нуугдаж амьдрахыг шаардсан. Хүн харахад ажилчин анги, цаанаа бол сэхээтнүүд байлаа. Манай гудамжны лам нар гэхэд ихэнх нь манаач, гудамжны цэвэрлэгч. Үнэн хэрэг дээрээ том зурхайч, том оточ, маарамба, гавж хүмүүс. Зарим нь шоронд арван жил суугаад гарсан, зарим нь яахав амжаад хар болчихсон ийм л хүмүүс байлаа. Гаднаас нь харахад муухан хувцастай үрчгэр өвгөн л харагдана, цаанаа бол оюуны том ертөнцүүд л байсан байхгүй юү. Аав Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын хүн. Ар гэр нь хөрөнгөө хоёр, гурав ч хураалгасан. Арван хоёр хамжлагатай айл байж л дээ. Тайж удамтай. Манай Гаравынхан гэдэг овогт их том лам нар байсан. Өвөг эцэг Намжил хүүдээ (манай аавд) хэлсэн байгаа юм. Манай хүүхдүүдээс юм сурах нь чи. Бусад нь мал маллаад орон гэрээ тусгаарлаад явна биз. Чи шашин номынхоо ажлыг орхиод яв гээд 17 настайд нь жинчин дагуулаад хот руу явуулсан гэдэг юм. Бие томтой байж л дээ аав минь. Тэгээд 18 настайдаа цэрэгт татагдаад, тэндээсээ Цэргийн ерөнхий сургууль төгсөөд офицер болсон хүн. Дээд үе нь хэлмэгдсэн учраас мэдээж хэрэг орон шорон бүх л юмыг дамжсан. Сүүлд нь нутагтаа очоод дахиад хотод ирээд ээжтэй учирч гэр бүлээ зохиосон. Ээж Өвөрхангайн Бүрд сумынх.
-Танай аав, ээж тань удам судраа их ярьж өвлүүлсэн хүмүүс байсан бололтой. Та бичиж тэмдэглэж авч байв уу?
-Би нэг их бичиж тэмдэглээд байдаггүй юм. Ихэвчлэн цээжиндээ тогтооно. Мэдээж хэрэг айл болгонд хар хайрцагны бодлого явдаг байсан байж таарна. Аавын минь олон захиас байдаг. Ном эрдэмд халширч шантарч болохгүй гэнэ. Ном эрдэм сурах гэж байгаа бол шантарч ерөөсөө болохгүй. Нэг юм эхлүүлчихээд л дутуу дутуу хаяад байвал оройд нь хүрдэггүй гэж аав захидаг байсан юм. Дайны үеийн хортой утаа, ус, юу байдаг юм тэр бүгдээс болоод богино насалсан л даа. 59 хүрээд л бурхан болсон.16-тайдаа ааваасаа хагацаж байсан.
-16-тай гэхээр та сургуулиа төгссөн байсан уу?
-Аавыгаа өнгөрөхөд наймдугаар ангид байв.
-Тэгээд ээжтэйгээ үлдээд…
-Ах эгч тусдаа гарчихсан. Би ээж, дүүтэйгээ үлдсэн дээ. Их сургууль төгссөний дараа ээж бурхан болсон. Ээжийгээ олигтой баярлуулж чадаагүй, жаахан ч гэсэн амсхийлгэж чадаагүйдээ л их харамсдаг юм. Миний ээж “Оргилд” ч амарч үзээгүй. Хоёр үнээтэй, аав өвчтэй, би оюутан, дүү жаахан. Хүмүүс Хужиртын амралтанд амарлаа л гэдэг. Ээж минь тэгж ч үзээгүй. Ээжийгээ ганц өдөр амсхийлгэж үзсэн бол доо гэж одоо харамсдаг. Анхны цалин, амралтынхаа мөнгийг аваад ээждээ өгөхөд их баярлаж байсан даа. Би дөрөвдүгээр курсээсээ хичээл заасан. Таван жилээр төгсдөг байв. Тэгээд анх багш болчихоод илүү цагийн хичээл их орсон. Амралтын мөнгө гэж 5500 төгрөг авчихаад миний ээж үүнийг авдрандаа хийж байгаад өөрийн хүссэнээрээ зараарай гээд өгсөн. Харамсалтай нь маргааш нөгөөдрөөс эхлээд өөрөө цувуулж аваад л дууссан байх даа.
-Тэр үеийн 5500 төгрөг гэдэг их мөнгө биз?
-Их мөнгө өө. Би дунд сургуульд байхдаа ч, Их сургуульд ороод ч гайгүй сурдаг байсан. Сүхбаатарын цалинтай оюутан байв. Тэр болгонд ээж сэтгэл өег л байсан л байх. Олон ач зээтэй хүн байсан даа. Гэхдээ миний хүүхдийг бас хүлээсэн. Үзэж амжаагүй.
Би усандаа байгаа загас шиг л жаргалтай явсан
-Та хуулийн сургууль, МУИС төгссөн байх аа?
-Би ер нь их олон сургууль төгсөөгүй хүн ш дээ. Ерөнхий боловсролын сургууль, Их сургуулийн хуулийн анги төгссөн. 1989 онд дэд доктор, 2000 онд шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. Ажлын хажуугаар л бүх юм хийгдсэн.
-Сурлага сайтай хүүд гадагшаа сургуульд явах боломж яагаад гараагүй юм бэ?
-Байсан л даа. Би эдийн засагч болно гээд шийдчихсэн байсан. Тэр жил гадаадын эдийн засгийн хуваарь ирээгүй. Тэгээд л Их сургуулийн хуулийн ангийн хуваарь авсан. Дотоодын дээд сургуулийн өндөр оноотнууд нь гадаадын дээд сургуульд элсэх эрх авдаг. Намайг Эрхүүд металлын орд хайх инженерийн ангид явах уу л гэж байсан. Одоо бол жинхэнэ хэрэгтэй, моодонд ороод байгаа мэргэжил биз дээ. Тийм хуваарь өгөхөд нь би хуулийнхаа ангид оръё гээд яваагүй. Нэгдүгээр курс төгссөний дараа Москвагийн их сургуульд шинжлэх ухааны коммунизмын онолоор суралц гэсэн, бас яваагүй. Хувь зохиол байсан биз. Дараа нь Их сургууль төгсчихөөд хоёр гурван жил болоод аспирантурын шалгалтад тэнцсэн. Явах гэсэн чинь хариу ирээгүй. Зөвхөн Монголдоо сурах хувь тавилантай байсан юм байгаа биз. 1996 онд харин нэг боломж тохиосон. Аль нэг сангийн шугамаар Америк юм уу, Германд шинжлэх ухааны докторт явах боломж.
-1996 он гэхээр та аль хэдийнэ УИХ-ын гишүүн болчихсон үе байх нь. Улс төрийн хаалгыг хаагаад эрдэм ном руугаа яагаад алхаагүй юм бэ?
-Яг сонгуулийн үе таарсан. Намаас нэр дэвших нь зүйтэй гэсэн даалгавар ирсэн. Нэгэнт улс төрд орчихсон, гурав дахь удаагаа нэр дэвших гэж байсан учраас сонгуульд нэр дэвших замаа сонгосон. Тэгээд л улс төрдөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн. Хоёргүй сэтгэлээр зүтгэсэн учраас парламентад долоон удаа сууж байна.
-Ардын Их Хурлын депутатаа оруулаагүй юм байна, тийм үү?
-Тэгж тоолбол найм болно.
-Дээд үе нь хэлмэгдсэн, өв хөрөнгөө хураалгасан хүмүүс ихэвчлэн Ардчилсан хүчнийг сонгосон байдаг. Та бол эргэлзээгүйгээр Ардын намыг сонгосон байсан уу?
-Монгол Улсын тусгаар тогтнол хамгийн том эрх ашиг. Манай аав, манай бас нэг том зурхайч өвгөн байлаа. Тэр хэд юу ярьдаг байсан гэхээр Монгол Улс оршин тогтнож байна гэдэг асар үнэтэй шүү гэдэг байсан. Надад тэгж л ойлгуулж өгсөн. Монгол Улсын тусгаар тогтнол асар их үнээр олдсон. Түүнийгээ хэмжээлшгүй их үнээр хамгаалж үлдсэн л байхгүй юү. МАН, АН хоёр нийгмийн захиалгаар гарч ирсэн л гэж би ойлгодог. Тиймээс нэгийгээ нухчин дарж болохгүй ээ. Хоёрдугаарт, нэгийгээ нухчин дарж хиншүү хярвас болговол Монголын тусгаар тогтнол мөхнө. Энэ хоёр нам чинь тусгаар тогтнолын хөл нь. Тэрнээс энэ нам хэлмэгдүүлсэн, тэр нь хэлмэгдүүлсэн гэсэн юм ярихгүй байх хэрэгтэй. Харин тэр хэлмэгдлийг дахин гаргахгүй байх гэгээн ухаарал гэж том зүйл байна шүү дээ. Ийм зүйлийг л ухаарсан орнууд хөгждөг гэж би боддог. АНУ гэхэд анхны Үндсэн хуулиа батлахдаа гурван боолын хэдийг нь иргэн гэж үзэх вэ гэж маргаж байсан л гэдэг биз дээ. Хоёрыг нь иргэн, нөгөөг нь боол гэж үзнэ гээд л. Үүнийгээ асар том дэвшил гэж үзэж байсан. Гэх мэтчилэнгээр газар бүр, тухайн түүхэн цаг үед нь том дүр зургаар нь харж байж дүгнэлт хийхээс биш нэгнээ муулах гэсэн явган хэрүүл хэнд хэрэгтэй юм.
-Та Ардын намын хэдэн оны гишүүн юм бэ?
-1979 онд элссэн.
-Оюутан байхдаа гэсэн үг үү?
-Оюутан байсан.
-Сонголт нь аль талаас гарсан юм бэ. Тухайн үед намын гишүүнээр сурлага сайтай, нийгмийн идэвхтэй оюутнууд, ажилчдыг элсүүлдэг байсан гэдэг. Нам таныг сонгов уу, та намаа сонгож байв уу?
-Би нийгмийн идэвхтэй, Сүхбаатарын цалинтай оюутан байсан. Тиймээс л лимитэд багтсан. Түүнээс биш намын гишүүнээр элсье гэвэл оочер дугаар нь олдохгүй тийм л үе байлаа. Ний нуугүй л хэлье. Би багаасаа улстөрч болно гэж мөрөөддөг хүүхэд байсан. Одоо бол хүн бүр улстөрч болохыг мөрөөддөг болж дээ. Маний багад бол олон хүн улстөрч болъё гэж боддоггүй байсан байх аа. Сансрын нисгэгч, онгоцны жолооч болъё гэж л мөрөөддөг байсан. Ихэнх нь. Би бол улс төрийн зүтгэлтэн болно л гэж боддог байсан. Тийм учраас дөрөвдүгээр курст байхдаа намд элссэн. Өөрөө л сонголтоо хийсэн дээ.
-Оюутан байхдаа хичээл заадаг байсан хүн сургуулиа төгсөхөд ажлын байр бэлэн биз дээ. Дээр нь намын гишүүн…
-Яг албан ёсоор багшилсан нь таван жил байдаг юм. Хөдөө аж ахуйд, Анагаахад, Полийн дээдэд багшилж байлаа. Мэдээж хуулийн сургуулийнхаа мэргэжлийн ангиудад хичээл ордог байсан. Бас л том аз л даа. Мундаг хуульчид миний багш шүү дээ. Э.Авирмэд, Г.Совд, Б.Чимид гээд манай хуулийн гурван бурхан байна. Бүгд миний багш. Намайг оюутан болоод явж байхад академич Ж.Амарсанаа, С.Нарангэрэл багш, С.Төмөр багш гээд залуу багш нар хичээл орж байсан. Ийм мундаг багш нараар хичээд заалгасан хүн л дээ би. Боловсролын докторын ажлыг 1989 онд Б.Чимид багш удирдаж байлаа. Хамгийн анхны хичээлийг Э.Авирмэд багш, Б.Чимид багш нар минь зааж байсан. Шинжлэх ухааны докторын ажлыг Г.Совд багш, Т.Сэнгэдорж багш нар удирдсан. Би усандаа байгаа загас шиг л азтай явсан. 1982 оны гуравдугаар сарын 5-нд хуримаа хийсэн. Тэр үед Б.Чимид багш Шүүх яамны сайдаар ажиллаж байв. Хуримын гэрчилгээг хуримын ордонд ирж багш гардуулж байсан. Зурагтын эцэст гэртээ хуримаа хийж байгаа юм. Ээж бие нь тааруухан, амьд дээр нь хуримаа хийх гээд яарсан даа. Багш маань улаан номертой машинтай ирж оролцоод явж л байлаа. Гоё л дурсамж.1990 оны дөрөвдүгээр сард багш намайг дуудсан. Байнга л харилцаатай байсан л даа. “Нийгэм өөрчлөгдөөд бужигнаж байна. Төслүүд дээр чи суу” гэж Б.Чимид багш хэлсэн. Тэгээд Улс төрийн намын тухай хуулийн төсөл, 1990 оны чөлөөт ардчилсан анхны сонгуулийн төсөл дээр сууж байсан. Зарим үед үсэг тавина, зарим үед техник ажлыг нь хийж гүйнэ. С.Төмөр багш, Б.Шаравнямбуу багш хоёрыг тэр үед албан ёсоор ажилд авчихсан байсан. Д.Дэмбэрэлцэрэн, С.Төмөр, Б.Шаравнямбуу багш нарынхаа өрөөгөөр их явдаг байжээ. Тэр үеэс л ордноос гараагүй хүн шүү дээ би. Хуулиуд гарлаа, хөдөө орон нутгаар сурталчлах ажилд дайчлагдлаа. Дараа нь орой болгон телевизээр хуулиа таниулах ажил хийлээ. Өөрөө дэвшлээ. Сонгуулийн тойргийн хорооны дарга ч болж үзсэн.
-Аль тойргийн даргаар ажиллаж байв. Хэн хэн дэвшиж байсан юм бэ?
-Нэгдүгээр хороололд. Тэр тойрогт М.Энхсайхан, Гадаад яамны тэргүүн дэд сайд Ж.Чойнхор, талийгаач Д.Батсүх Шинэ дэвшилт холбооноос өрсөлдсөн. Их завгүй ээ. Дээрээс нь би өөрөө Сансарт өрсөлдөж байгаа юм.
-Ардын их хуралд уу?
-Тийм, тэгээд депутат боллоо. Депутатын тэмдгийг маань Захиргааны эрх зүйн багш байсан Б.Шаравнямбуу багш зүүж өгч байсан. Ажилтай байж байгаад өдөр нь авч чадаагүй. Шөнө авч байсан. Ардын их хурал хуралдана гээд 1990 оны зунжингаа төсөл дээр суусан. Байгуулагдахаар Ардын их хурлын хуралдааны дэг гэж хэрэгтэй болно. Бага хурлын тухай хууль хэрэгтэй болно. Ерөнхийлөгчийн хууль, Засгийн газрын тухай хууль хэрэгтэй болсон. Байнгын хороо байгуулна, дүрэм нь хэрэгтэй болсон. Бид тэр бүгдэд дайчлагдаад анхны нооргийг нь гаргаж байлаа. Арван хоног хуралдсан. Ингээд Улсын бага хуралд сонгогдлоо. Улсын бага хурлын нэг дугаартай үнэмлэх надад байдаг юм. 1990 оны есдүгээр сарын 13 гэсэн огноотой.
-Яаж дугаарладаг байсан юм бол?
-Ардын Их Хурлын 430 депутатын 370 гаруй нь МАН-ын бүлгийн гишүүн байсан. Бүлэг хуралдаад хэн хэний нэрийг дэвшүүлэх вэ гээд хуралдаад нууцаар санал хураахад би хамгийн өндөр санал авсан байдаг юм. Тэгээд надад нэг дугаарын үнэмлэх бичиж байлаа. Түүхтэй ээ бас. Ардын Их Хурлын хуралдаан болоод Бага хурлын орлогч дарга, нарийн бичгийн даргад нэр дэвшсэн. К.Зардыхан гуай, Б.Чимид багш хоёр болсон л доо. Бид бүгдээрээ нэрээ татаад авчихсан юм. Дөнгөж 30 гарч байсан залуус байлаа. С.Баяр, Н.Жанцан, Л.Цог гээд бүгдээрээ нарийн бичгийн даргад нэр дэвшээд нэрээ татчихсан. Хамгийн сүүлд би үлдээд нэрээ татсан. Тэр гал тогоог Б.Чимид багш л авч явна уу гэхээс мань шиг нусгай юу хийх билээ дээ. 1990 оны дөрөвдүгээр сарын 1-нээс хойш ер нь ордноос гараагүй. Тухайн үед Бага хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар С.Баяр дарга ажиллаж байлаа. Бид зун хийсэн ноорог дээрээ ажиллаад Бага хурлын тухай хууль, Ерөнхийлөгчийн тухай хууль, Засгийн газрын тухай хуулийг баталсан. Бүгд БНМАУ гэсэн нэртэйгээ явж байгаа юм. Тэгээд л шууд Үндсэн хууль руугаа орсон доо. Үндсэн хуулийн нэг хувилбар гээд 1990 оны аравдугаар сард П.Очирбат гуайд өргөн барьсан. Тэр нь Монгол Улсын тулгар цааз гэдэг нэртэй. Хуульч Ч.Энхбаатар, Л.Чинбат, Ж.Элбэгсайхан, Б.Мандахбилэг, түүхч З.Лонжид гуай бид хэд нийлээд өргөн барьж байв. Үндсэн хуулийн нэр маргаантай байсан. Их цааз гэдгээр ард түмнээр хэлэлцүүлээд бөөн шүүмжлэлд орсон. Шүүмжлэлийн бай нь Б.Чимид багш, үнэн хэрэг дээрээ маний хийсэн л юм байхгүй юу. Тэгээд тэр хуулийн заалтуудаас маш олон зүйл заалт төсөлд суусан л даа. Ер нь Үндсэн хуулийн төсөл 1987-1988 оноос эхэлсэн юм чинь. Б.Чимид багш бүх үе шатанд нь байсан. Гадаадынхан ирээд хийгээд өгчихсөн гэж ярьдаг юм. Үгүй шүү дээ. Ганц нэг хүн ирж уншиж л байсан, ер нь гол тулгуур нь монголчуудын өөрсдийнх нь оюуны бүтээл. Би өөрөө гэрч нь юм чинь. С.Төмөр багшийг, Ж.Амарсанаа академичийг төсөл дээр яаж сууж байсан, Б.Чимид багш өөрөө яаж бичсэн гээд бүгдийг нь би мэднэ шүү дээ. Үе шатны хэлэлцүүлэгт нь манай Г.Совд, С.Нарангэрэл багш цөмөөрөө л оролцсон. Үндсэн хуулийг яг хэлэлцүүлэх үед бол эхийг баригч гэж албан ёсоор томилсон. Тэр нь Б.Чимид багш, бид хоёр. Би Депутатын хорооны нарийн бичгийн дарга, Депутатын хорооны дарга нь Ж.Гомбожав гуай байсан. 21 гишүүнтэй байлаа. Эх цаазынхаа төслийг тайлбарлах барих бүх ажлыг Б.Чимид багш хийсэн дээ. Дараа нь бид маш олон хуулийг өдөр шөнөгүй үйлдвэрлэсэн. Субботник хийж байлаа. Ардын Их Хурал, Улсын Бага Хурал чинь таван жилийн хугацаатай сонгогдсон. Хоёр жилийн дотор хоёрхон удаа хуралдаад Үндсэн хуулиа батлаад хугацаанаасаа өмнө тарсан.
-Одоо бол хугацаанаасаа өмнө тарна гэж ярихгүй дээ?
-Одоо тэгж эрх мэдлээсээ татгалзана гэж байхгүй байх. Улсын Бага Хурал Сонгуулийн хууль дээр бараг хоёр сар үзэлцсэн. 17 хавтас материал одоо Архивын газар байж л байгаа. Толгойгоо эргэтэл загнуулна, маргалдана, тэгсээр байгаад л хамгийн сүүлийн засвараа хийгээд л Б.Чимид багш засаад л Сонгуулийн хуулийг батлуулж байлаа. Тэгж л 1992 оны сонгуулийг хийж байсан. Би наймдугаар ангиас буюу 1973 оноос 1990 оны хооронд илжиг шиг зүтгэж байсан. Багшилж байгаад 1985 онд хуулийн байгууллага руугаа шилжсэн. Нэг жил Хэлтсийн прокурор хийгээд гурван жил хэлтсийн дарга хийсэн. Тэр үед дэд докторынхоо ажлыг ажлын бус цагаар бичнэ. Б.Чимид багшийн санаанд юм таарахгүй. Дессертациа орос хэлээр бичдэг байсан. 200-гаад хуудас юмыг орос хэлээр бичнэ. Үзэж тарна даа. Тэгээд байж байсан чинь Төр эрх зүйн хүрээлэн гэж байгуулагдаад Г.Совд багш захирлаар нь очсон. Хүний багш гэдэг өөр шүү дээ, чамайг прокуророос чинь салгаж авна, ном эрдэм рүү чинь хандуулна гээд секторын эрхлэгчээр авч байсан. Дээгүүр доогуур ч их ярьж хөөцөлдсөн байх. Тэнд байхдаа дэд докторын ажлаа гүйцээсэн. Прокурор хийснээр их зүйл мэдэж авсан. Хатуу хөтүүг тэндээс л ойлгосон. Шинжлэх ухааны хүрээлэнд нэг жил болоод Чимид багшид дайчлагдаад энд суучихгүй юү. Тэгээд л улс төрийн эргүүлгэд эргэлт буцалтгүй орж дээ. 1988 оны үед шүү дээ. Тэр үед бас судлаач ухаантай юм чинь радиогоор ярина, сонинд юм бичнэ, энд тэндхийн аман ухуулгуудад орно. Олон ургалч үзэл, хууль цаазат төр гээд ярьдаг байлаа. 1989 онд хүрээлэнд оччихоод “Эх орон” нэртэй улс төрийн клуб байгуулсан. Долоо хоног болгон нэг хүн урьж уулзана.
-Санал солилцох уу?
-Монголыг яаж хөгжүүлэх вэ гээд л ярина шүү дээ. Бас нэг зүйл нэмж хэлэхэд тэр үед Шинжлэх ухааны академи дээр Монголын хөгжлийн концепци боловсруулах том ажлын хэсэг байгуулагдаж П.Нэргүй доктор удирдаад Б.Дэлгэрмаа бид хоёр Төр эрхийн хүрээлэнгээ төлөөлж оролцсон. Ардын эрхт хууль цаазат төрийг төлөвшүүлэх нь гэсэн хэсгийг нь бичиж байсан. Тэгээд байж байтал 1989 оны сүүлчээр улс төрийн хөдөлгөөнүүд үүслээ. Тэрэнд нь оролцоод л адилхан явлаа. Клубын нэг хэсэг нь ардчилсан холбоо, нэг хэсэг нь социал демократ болоод явчихлаа. Үлдсэнийгээ аваад Монголын ард түмний эх оронч нэгдлийн фронт гэж байгууллаа. Хуушаан гуай, “Хөдөлмөр” сонины эрхлэгч С.Жамбалдорж гуай С.Дулам доктор бид хэд явдаг байлаа. Их хардана аа, энэ нөхөд ардын намын даалгавартай нөхөд байх гээд. Гэтэл бидний гол зорилго эв нэгдэл л байсан. Монголчууд эв нэгдэлтэй байж л тусгаар тогтнолоо авч үлдэнэ гэсэн санаатай. Ялангуяа Д.Ламжав багш их харддаг байсан. Д.Ламжав багш тэр үед Социал демократ намын орлогч дарга байсан. Бид үргэлж л хамт байлаа л даа. 1980-аад оны сүүлчээр маний ярьж байсан юм хоёр гурван жилийн дараа моодноос гарсан . Тухайн үедээ бол их шинэ юм ярьж байсан учраас л 1990 онд сонгогдсон байх.
Хууль тогтоох ажилд хоёргүй сэтгэлээр зүтгэхэд биеэ бэлдсэн хүн л УИХ руу орж ирэхээр өрсөлддөг болоосой
-Намдаа ч бас Удирдах төвшний ажилд очиж байсан билүү. Удирдах зөвлөлийн гишүүн гэдэг тухайн үед том албан тушаал биз дээ?
-Намын 20, 21 дүгээр Их хурлаас намын тэргүүлэгч гишүүнээр сонгогдсон. Намын шинэчлэлийн үйл ажиллагаанд оролцохоос аргагүй болсон. Бага хурал төлөөлсөн намын төв хорооны тэргүүлэгч гишүүн. Тэр үедээ есөн хүн байсан. Одоо бол олон болж ээ. 1992 онд манай нам 70 суудал авлаа. Бас л хүн уйдамтгай шүү дээ. Дөнгөж Удирдах зөвлөл гэдэг нэртэй болсон байсан тэргүүлэгчээрээ бид хоёр жил л ажиллаж байсан. Хүний тоо нэмсэн. Халж солих өөрчлөх хэрэгтэй гэсэн санал гарч эхэлсэн. Ерөөсөө л маш хурдан өөрчилж байвал бүх юм сайхан болно гэж боддог байж дээ. Тэгсэн чинь би гараа өргөөд л бид Удирдах зөвлөлд орохоо байя аа, оронд нь аль нэг хуульчийг оруулаач ээ гээд татгалзсан. Н.Багабанди дарга УИХ-ын дарга болчихсон, Шадар сайд Ч.Пүрэвдорж бид гурав саналаараа гарсан. Гурав нь гарчихаар бусад хүмүүс орж ирээд л тайвшраад л болсон доо. Дараа нь 2000 онд Удирдах зөвлөлдөө дахин орсон. Тэгэхэд заалнаас өрсөлдөж байж орсон. Хүний амьдралд үргэлж ялна гэж байхгүй, унана тусна. 2000 онд Их хурлын дэд даргад нам дотроо өрсөлдсөн, Их Хурлын даргад гурван удаа өрсөлдсөн. Хоёр удаа унаж байсан. Байнгын хорооны даргаар бол арваад жил ажилласан. Жил бүр өрсөлдөж, нууцаар санал хураагаад л байнгын хорооны дарга болж байсан.
-Албан тушаалын томилгоог нууц санал хураалтаар шийддэг байсан Үндсэн хуулийн заалтын дагуу нууц санал хураалт явуулдаг байсан байх нь.
-Тийм, байнгын хорооны даргаар арваад жил ажиллахдаа эхний зургаан жилд нь дандаа өрсөлдөөнөөр сонгогдсон. Нууц санал хураалтаар явуулна, заримдаа тэнцэнэ, дахин санал хураана. Одоо тэгсэн чинь байнгын хорооны дарга гэдэг бялуу л болж. Нам дотроо нэг яривал яриад л томилдог болчихож.
-Парламентын бүх албан тушаалыг та хашжээ. Бүлгийн дарга, Байнгын хорооны дарга, УИХ-ын дэд дарга, УИХ-ын дарга гээд. 26 жил улс төрийн халуун цэгт явахдаа яагаад сайд болоогүй юм бэ?
-Өөрийгөө цэгнэж үзнэ шүү дээ. Би бол сайдад тохирохгүй хүн юм байна гээд. Би нэг л зүйлд тууштай байхыг бодсон. Аавын захиас байдаг. Хүн нэг л юмаараа тууштай байвал амжилтанд хүрнэ гэдэг байсан. Надад сайд болох боломж байсаан, гэхдээ би мэргэшсэн парламентч байх замыг сонгосон. Би өөрөө Үндсэн хуулийн эрх зүйн мэргэжилтэн.
Нэг л зүйлийн төлөө тууштай байх гэдэг миний багаас толгойд суусан. 1992 онд жишээ нь би Төв хорооны тэргүүлэгч гишүүн байлаа. П.Жасрай гуай Ерөнхий сайд болчихоод Хууль зүйн сайдын асуудал яригдсан. Хууль зүйн сайд нь ажлаа өгчихсөн байсан үе л дээ. Би өөрийгөө тэгэхэд цэгнэж үзэж байгаа юм. Нас залуу байна, нэг юмныхаа төлөө л тууштай байя гэж шийдсэн.
-Тэгээд хэн боллоо. Н.Лувсанжав дарга билүү?
-Н.Лувсанжав тэр үед Очирбат Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан. Тэгээд санал болгоод Хууль зүйн сайдаар томилж байсан. Дараа нь Ц.Нямдорж УИХ-ын дарга болоод Хууль зүйн сайд бол гэсэн. Би бол нэгэнт л парламентыг сонгосон энэ чигээрээ явъя гэдэг байр сууриа тэр үеийн Ерөнхий сайд, Намын дарга М.Энхболдод хэлсэн. Су.Батболд болсон, дараа нь дахиад санал болгосон, Д.Одбаяр болсон. Би Хууль зүйн сайд болох саналаас гурван удаа татгалзсан. Ард түмэн намайг хууль батал л гэж сонгосон. Тиймээс хууль боловсруулах ажлын хэсэгт ороод, батлах үйл ажиллагаанд оролцох нь надад илүү чухал байсан. Би цалингаа авч байгаа үндсэн ажилдаа оролцдоггүй, хааяахан тойрогтоо ажилладаг, пиар хийдэг, хуралдаа бараг суудаггүй тийм хүмүүст үнэхээр дургүй. Үе үеийн парламентад ажлын төлөө зүтгэдэг хүмүүс олон байсан. Харамсалтай нь тийм хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй орхих нь бас олон харагддаг. Нэр дэвшсэн ч янз бүрийн зүйлээс болоод унадаг. Үүнд л их харамсдаг. Маш хайран санагддаг. Тэд чинь Монголын парламентын асар их хөрөнгө оруулалтууд байхгүй юү. Мэргэжлийн хуульчид, сайн эдийн засагчид, салбарын сайн мэргэжилтнүүд дутагдаж байна.
Байнга эмээлтэйгээ, эмээлийг нь авсан ч чөдөртэйгөө байдаг морь шиг амсхийдэггүй хэдхэн хүн энэ төрд байдаг. Зүтгэснээрээ турдаггүй, эзнээ хаяад явгалдаггүй тийм морь шиг л юм уу даа, бидний ажил. Ийм нь даанч цөөхөн байгаа нь харамсалтай. Зүтгэдэг нэг нь өнгө мөнгө эрх мэдэл хор найруулгад цохиулаад нэг л мэдэхэд парламентаас зайлуулагдсан байдаг. Ц.Нямдорж, Р.Гончигдорж, Д.Дэмбэрэл, Р.Амаржаргал гээд хэдхэн хүн торж үлджээ. 76 дотор ядах нь ээ 10 гаруй ийм зовлон үзсэн туршлагатай, тууштай парламентч байгаасай билээ. Гэтэл мөн ч их ад шоо үзэх юм. Сонгогч олон бол үгүй шүү. Харин эрх мэдэлд харвасан сум мэт очих хүсэлтэй хэдхэн хүн л ийм яриа гаргаад байна. Алдаа дутагдал гарвал бурууг нь хэлдэг, засдаг, гал хамгаалагч хийдэг ийм хүмүүс парламентад хэрэгтэй. УИХ-ын гишүүн, сайд гэдгийг даанч амархан ажил гэж бүгд боддог болжээ. Тийм биш шүү. Үнэхээр зүтгэвэл чөмөг дундлах ажил. Харин хааяа нэг үзэгдээд хурал таслаад гадуур пиараа хийгээд явдаг хүмүүс ойлгохгүй л байх. Гол үндсэн ажил чинь хууль тогтоох. Пиар хийх биш шүү дээ. Хууль тогтоох ажилд хоёргүй сэтгэлээр зүтгэхэд биеэ бэлдсэн хүн л УИХ руу орж ирэхээр өрсөлддөг болоосой. Хэн дуртай нь, хэн мөнгөтэй нь хийдэг ажил биш юм шүү. Ашиг хонжоо олох нүдээр парламентыг хардаг болчихсонд харамсаад баршгүй.
-Долоон парламентад суусан гэхээр найз нөхөд олон биз дээ?
-Би найзархаг, долоон ангийнхантай хүн ш дээ. Дутуу хэлээд гомдоочихож магад. Онцолж болохгүй байна. Ө.Энхтүвшин, Н.Ганбямба бид гурав их сургуулиас л хамт явлаа, Ц.Нямдорж байна. 1985 онд намайг прокурорт очиход ахлах дэслэгч, хүндэт самбарт зураг нь тавиатай нөхөр л байлаа. Миний өөдөөс харсан өрөөнд байдаг байсан. Тэр үеэс хамт байсан гэхээр 31 жил болж байна. Үзэлцэх үедээ үзэлцэнэ, тоглох үедээ тоглоно. 31 жил хамт байсан хүнээ хайрлахгүй, хүндлэхгүй гээд яах юм. 1996 онд манай нам ялагдаад 25-уулаа болсон. С.Төмөр багш, Р.Содхүү, С.Гончиг бид хэд их нийлнэ. Би яахав залуу хүүхэд дагаад л явна. Олонх цөөнх маш их зөрчилдөөнтэй. Бүлэг дотроо ч үзэлцэнэ. Бүлэг дотроо үзэлцэж үзэлцэж ганц хүнээр ялаад л дүгнэлт гарна. УИХ дээр очоод нууц санал хураалт явуулна. Яг л 25-уулаа нэг талд санал өгсөн байдаг байсан. Яаж ч өөрсдөө дотроо муудаж сайдсан нууц санал хураалтын үед товчлуураа худалдаж үзээгүй дээ манай бүлгийнхэн. Тийм л сахилгатай, жудагтай байсан.
-Одоо бол нууц санал хураалт дээр танай бүлэг тэгж зангидагдах уу?
-Гайгүй болов уу л гэж горьдож байна. Би хэлж мэдэхгүй байна. Тэр үед бол асар олон удаагийн сорилтыг даваад л гарч байсан.
-Нууц санал хураадаг байсан тэр үед хоёр хүн бүлгийнхээ эсрэг дарлаа гэхэд л бүх зүйл олонхийн талд ирнэ биз дээ?
-2000 оны Үндсэн хуулийн өөрчлөлт бол манийг их зовоосон доо. Манай Чимэд багш их шүүмжлэлтэй ханддаг, их дургүй байсан. Хоёр засаглал холино гэдэг хяналтгүй болохын цондон. Цаашдаа юу ч авчрах юм билээ гээд их дургүйцэж байсан. Нууц санал хураалтыг ил болгосноор гишүүний эрхэнд халдлаа гэдэг байсан. Би ч Б.Чимид багштайгаа зарим зүйл дээр нь санал зөрдөг байсан. Тэгж байтал 213 дугаарт өрөөнд манай бүлэг хуралдаад АН-ынхан Э.Бат-Үүлийн баланк дээр, Социал демократынхан Н.Алтанхуягийн бланк дээр гарын үсгээ зураад ирүүлсэн байсан. Үндсэн хуулийг ингэж өөрчилье өө гээд.
-Яагаад заавал тэр хоёрын бланкийг сонгосон юм бол?
-Үсгийн дарааллыг л харсан байх. Манайх бол Адилбиш гишүүний бланк дээр зурах байсан. Гэтэл би бүлгийн хурал дээр Үндсэн хуулийг өөрчлөх эсэх дээр зөрүү байр суурь гаргаад байсан болохоор Ц.Нямдорж санал гаргаад эсэргүүцээд байгаа Лүндээгийн бланк дээр гарын үсгээ зурцгаая гээд шийдчихсэн. Намайг бланкаа авчир гэлээ. Намын дарга нар ирчихсэн хүлээгээд байдаг. Би түлхүүрээ хаячихжээ гээд хоёр цаг гаруй саатууллаа. Түлхүүрээ гээсэн чинь худлаа гээд баригдчихаж байгаа юм. Аргагүйн эрхэнд бланкаа авчирч зурсан. Б.Чимид багш их уурласан даа. Үүндээ сэтгэлийн гахуутай л явдаг юм. Чуулганы индэр дээрээс хоёр ч удаа би уучлал гуйсан, ард түмнээсээ. Үндсэн хуулийн өөрчлөлтөд эерэг зүйл ч бий, сөрөг зүйл ч бий. Гэхдээ сөрөг зүйл нь давамгайлжээ, уучлаарай гэж хэлж байсан.
-Гэхдээ тэр долоон өөрчлөлтийг хийгээгүй байсан бол одоо засаглалын хямралд автчихсан байх байсан юм биш үү. Томилгоонуудаа хийж чадахгүйд хүрнэ, хуралдаж, ирцээ бүрдүүлж чадахгүйд хүрэх нь байна шүү дээ.
-Харин тийм. Эерэг зүйл ч байна гэдэг маань наадах чинь л дээ. Сөрөг зүйл гэдэг нь давхар дээл байна. Үүнийг Засгийн газрын хуулиар зохицуулж болно гэсээр байгаад л өөрчилсөн. Бас тийм боломж байгаа гэж горьддог юм билээ. Одоо бол горьдлого тасарсан. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр л үүнийг хийхээс өөр аргагүй. Яамдын тоог заавал зааж өгөхгүй бол болдоггүй юм байна. Чимэд багштай маргаж л байсан. Та яахаараа ингэж хэт нэг талаас нь авч үзэж байгаа юм. Засгийн газрын гишүүдийн гуравны нэг нь УИХ-ын гишүүн байж болно гээд заачихад л болоод явчихна гээд маргалдаж байсан. Гэтэл багш, ингээд хийчихээр яамдынхаа тоог хорь гуч болгочихдог юм гээд л хэлж байсан. Үндсэндээ яам нь хорь хүрэх гээд л байж байна. 14-15 жилийн өмнө хэлж байсан багшийн үг үндсэндээ зөв байжээ. Тийм учраас яамдын тоог Үндсэн хуульд тодорхой зааж өгөх хэрэгтэй гэдэг нь зайлшгүй. Манай багш Монголын хуулийн архитектор байсан. Түүх түүнийг төрүүлсэн. Төрөлхийн гоц хүн. Зөвхөн их сургуулийн хуулийн ангийг л төгссөн хүн байсан. Г.Совдын Эрүүгийн эрхийн курс, Э.Авирмэдийн Төрийн эрх, Б.Чимидийн Захиргааны эрх гурав бол хууль зүйн цагаан толгой, хуулийн хэлзүйг бий болгосон.
Ярилцсан: С.Ононтуул
Сэтгэгдэл (21)