
Израилын Ерөнхий сайд Беньямин Нетаньяху цэрэг армидаа Газын зурвасын 70 хувийг хяналтандаа авах чиглэл өгсөн талаар мэдээлжээ. Тэрбээр эзлэгдсэн Баруун эрэгт болсон нэгэн хурлын үеэр Израил одоогоор Газын 60 орчим хувийг хянаж байгаа бөгөөд өмнө нь энэ хэмжээ 50 хувь байсан гэж мэдэгдсэн байна. Түүний хэлснээр цаашид энэ хяналтыг үе шаттайгаар нэмэгдүүлж, эхний зорилт нь 70 хувьд хүргэх аж.
Нетаньяху “Бид одоо Газын 60 хувийг хянаж байна. Бид 50 хувиас эхэлсэн, 60 хувь болсон. Миний тушаал бол 70 хувьд хүргэх, үүнийг алхам алхмаар хийнэ” гэж хэлжээ.
Түүнийг мэдэгдэл хийж байх үед зарим оролцогчид Израилд Газын бүх нутаг дэвсгэрийг бүрэн эзлэхийг уриалж байсан байна. Энэ алхам нь Газын зурваст үргэлжилж буй мөргөлдөөн, Израил–ХАМАС-ын дайны хүрээнд газар нутгийн төлөөх тэмцэл улам өргөжиж байгааг харуулж байна гэж олон улсын хэвлэлүүд онцолжээ.
Л.Баяр
























































