Улаанбаатар хотын ундны усны 11 эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын бүсэд 3,782 нэгж талбар бүртгэлтэй байна. Энэ нь Ундны усны тухай хууль болон БХБЯ, БОАЖ-ийн сайдын хамтарсан тушаалаар баталсан дэглэмийг зөрчиж байгаа юм. Иймд Ундны усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын бүсэд байрлах байгууллагад шалгалт хийхээр төлөвлөжээ.
Түүнчлэн худалдаа, үйлчилгээний газрын гадна хаяг, зар сурталчилгааны байгууламжийг стандартын шаардлагад нийцүүлэх, 1837 зогсоолд Тээврийн хэрэгслийн ил зогсоолыг төлөвлөх, байгуулахад тавигдах ерөнхий шаардлагын хэрэгжилтийг хангуулах арга хэмжээ авах юм.
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Иргэд, аж ахуйн нэгжүүдэд дарамт болсон учраас мэргэжлийн хяналтын байгууллага татан буугдсан. Гэхдээ хяналт, шалгалт хийх нэрээр эргээд мэргэжлийн хяналтын байгууллага шиг иргэд, аж ахуйн нэгжүүдэд хүндрэл учруулж болохгүй. Харин зөвлөн туслах үйлчилгээ үзүүлдэг байх хэрэгтэй” гэдгийг онцолж байв.
Зөвлөлийн хурлаас Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, Ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд Хотын стандарт, хяналтын газрыг нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг үүрэг болгов.