
Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA) болон Мэдээллийн технологийн үндэсний парк (МТҮП) “Мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэх” төслийн хүрээнд уулзалт зохион байгууллаа. Тус уулзалтад Ж.Золзаяа тэргүүтэй МТҮП-ын удирдлагууд болон JICA-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар, төслийн зөвлөх үйлчилгээний компани “Дэлойт Томацү” ХХК-н Төслийн ахлагч Яамамото Шосэй, Төслийн дэд ахлагч Ёошида Жин, Төслийн зөвлөх Хагихара Нацүки нар оролцлоо.
Энэхүү төсөл нь Монгол Улсын мэдээллийн технологийн салбарын хөгжлийг дэмжих, бодлого, эрх зүйн тогтолцоог сайжруулах, салбарын тогтвортой өсөлтийг хангахад чиглэнэ. Тус төсөл нь 2025 оны 06 дугаар сард талууд (ЦХХИЯ, ЖАЙКА, МТҮП) санамж бичиг, 09 дүгээр сард төслийн боловсруулсан бичиг баримтанд тус тус гарын үсэг зурснаар албан ёсоор 2026 оноос хэрэгжиж эхэлж байгаа билээ.
JICA-ийн судалгаагаар Монголын мэдээллийн технологийн салбарын тогтвортой хөгжлийг хангахын тулд экосистемийг цогцоор нь дэмжих шаардлагатай гэж дүгнэжээ. Энэхүү төсөл нь дараах таван зорилтын хүрээнд гурван жилийн хугацаанд хэрэгжинэ. Үүнд:
- Мэдээллийн технологийн салбарыг дэмжих хууль, бодлогын хэрэгжилтийг сайжруулах
- Монголын IT компаниудын гадаад зах зээлд нэвтрэх чадавхыг нэмэгдүүлэх.
- Төр хувийн хэвшлийн харилцаа, уялдаа холбоог бэхжүүлэх
- Үндэсний болон бүс нутгийн хурдасгуур хөтөлбөрийг хэрэгжүүлж гарааны бизнесийг дэмжих
- Нээлттэй өгөгдөл, их өгөгдөл (Big Data), хиймэл оюун ухаан (AI)-д суурилсан бизнесийг дэмжин хөгжүүлэх.
Энэхүү төсөл нь Монголын улсын Мэдээллийн технологийн салбарыг дараагийн шатанд гаргах, олон улсын хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх стратегийн ач холбогдолтой бөгөөд МТҮП-ыг олон улсын жишиг парк болох зорилготой уялдуулан боловсруулагдсан байна.





















































