
1869 оны тавдугаар сарын 25-ны өдөр Австрийн нийслэл Вена хотноо дэлхийн хамгийн алдартай сонгодог урлагийн тайзуудын нэг болох "Vienna State Opera" албан ёсоор үүд хаалгаа нээжээ. Нээлтийн тоглолтоор суут хөгжмийн зохиолч Вольфганг Амадей Моцартын “Дон Жованни” дуурийг толилуулсан бөгөөд Австри-Унгарын эзэн хаан Франц Иосиф, хатан хаан Элизабет нар хүрэлцэн ирсэн түүхтэй.
Тухайн үед театр “Венийн Хааны Дуурь” нэртэй байсан бөгөөд Рингштрассе өргөн чөлөө дагуу баригдсан анхны сүрлэг байгууламжуудын нэг байв. Архитектор Август Сикард фон Сикардсбург, Эдуард ван дер Нюлл нарын зураг төслөөр бүтсэн уг барилга нь Сэргэн мандалтын үеийн шинэчлэгдсэн хэв маягаар сүндэрлэжээ.

Сонирхолтой нь, өнөөдөр жуулчдын бахархал болсон энэ театр анх нээгдэхдээ олон нийтийн хатуу шүүмжлэлд өртөж байсан гэдэг. Хотын замын түвшин өндөр болсон тул барилга “намхан” харагддаг байсан учир хүмүүс “живсэн хайрцаг” хэмээн хочилдог байжээ. Харамсалтай нь уг шүүмжлэл архитекторуудад хүндээр тусч, хоёулаа театрын нээлтийг үзэж чадалгүй нас барсан байна.
Өдгөө Венийн Дуурийн театр нь:
- 2200 гаруй хүний суудалтай
- жилд 200-300 орчим тоглолт зохион байгуулдаг
- дэлхийн хамгийн өргөн репертуартай дуурийн театруудын нэг
- Венийн Филармонийн хөгжимчид төрөн гардаг газар гэдгээрээ алдартай.
Мөн дэлхийн хоёрдугаар дайны үед бөмбөгдөлтөнд ихээхэн сүйдсэн ч 10 жилийн сэргээн босголтын дараа 1955 онд дахин нээгдэж байв.

Жил бүр энд зохион байгуулагддаг “Венийн Дуурийн Бүжгийн Наадам” нь дэлхийн хамгийн нэр хүндтэй соёлын арга хэмжээнүүдийн нэгд тооцогддог. Энэ үеэр театрын бүх суудлыг авч, тайзыг аварга бүжгийн танхим болгон өөрчилдөг уламжлалтай.
Өнөөдөр Венна хотын бэлгэ тэмдэг болсон энэхүү театр зөвхөн урлагийн тайз биш, Австрийн соёл, сонгодог хөгжмийн түүхийг илэрхийлсэн үнэт өв болон үлджээ.
























































