
Улаанбаатар хотын төвд морьтон баатруудын хийморьлог цуваа эгнэн жагсаж, түүхэн сүр хүчийг мэдрүүллээ. "Хан Монгол" морин циркийн уран бүтээлчид эртний баатрын бүрэн хуяг дуулга, туг далбаатайгаар Өлзийт хорооноос жагсаалын морин аялал эхлүүлж, Драмын театрын урд байрлах "Өртөө" үзвэрийг морин цагт зорьж иржээ.
Тэргүүн баатар гартаа эртний Гэрэгэг (эрх олгох бичиг) бахархалтайгаар барьж, салхи сөрөн давхих нь өвөг дээдсийн үлдээсэн түүхэн өвийг хойч үедээ сануулах чин хүсэл байв. Өндөр барилгуудын дундуур хуяг дуулга нь гялалзах морьтон баатрууд алхаж яваа нь хотын хэмнэлд түүхийн тод өнгийг нэмж, хотын иргэдийн харцыг булаасан гайхалтай дүр зургийг бүтээв.

Баатрууд Драмын театрын урд байрлах Их Монгол Улсын харилцаа холбооны алтан үеийг бэлгэдсэн "Өртөө"-нд мориноосоо буун дотогш орсон нь "Бидний өвөг дээдэс ертөнцийн хязгаарыг ойртуулж байсан бол, өнөөдөр бид тэрхүү түүхэн холбоосоо орчин цагийн дэвшилтэт технологийн дор дахин мэдэрч байна" гэсэн мессежийг залуу үеийнхэнд хүргэж байлаа.

Баатрууд морины дэл дээрээс түүхийн урт удаан хугацааг товчлон, өнөөгийн дижитал эрин үеийн "Өртөө"-нд хүндэтгэлтэйгээр морилон орсон нь Монголчуудын мэдээлэл дамжуулах аугаа их өв уламжлалыг хүндэтгэж буйн илрэл гэлээ.
Энэхүү арга хэмжээ нь иргэдийн үндэсний бахархлыг сэргээж, бидний өвөг дээдэс хэрхэн ертөнцийн хязгаарыг ойртуулж, өнөөгийн интернэтийн үүргийг гүйцэтгэж байсныг бодитоор харуулав.
















































