
АНУ Ирантай хийх дипломат яриа хэлэлцээг орхиж, эдийн засгийн хатуу шахалт, цэргийн цохилт болон далайн хориг бүслэлтээ эрчимжүүлснээр Тегеран цэргийн хариу арга хэмжээ болон мөргөлдөөнийг өргөжүүлэхээр заналхийлж эхэллээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ирантай дипломат харилцаа тогтоох сонирхол багатай байгаагаа илэрхийлж, өнгөрсөн зургадугаар сард байгуулсан гал зогсоох тохиролцоог “цаасан дээр бичсэнээс илүү үнэ цэнгүй” хэмээн тодорхойлсон байна.
Үүний зэрэгцээ Вашингтон Ираны эсрэг дэлхийн хэмжээний хориг арга хэмжээ хэрэгжүүлж, цэргийн цохилтоо үргэлжлүүлэн, Ираны боомтуудаас бараа бүтээгдэхүүн орж гарахыг хязгаарласан далайн бүслэлт тогтоогоод байна.
Энэхүү дарамт нь Ираны эдийн засаг болон дайнаас туйлдсан иргэдэд улам хүндээр тусаж байгаа аж. Тус улсын Дээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Мохсен Резаи ням гарагт Иран “дайн, хэлэлцээ болон бүслэлтийг даван туулахад шинэ стратеги хэрэгжүүлэх шаардлагатай болсон” гэж мэдэгджээ. Тэрбээр мөн Персийн булан болон Оманы булангийн хэсэгт шинэ “хязгаарлагдмал бүс” байгуулах боломжийг дурдсан байна. Энэ бүсэд нэвтэрсэн хөлөг онгоцуудыг Ираны хориг арга хэмжээний жагсаалтад оруулах аж.

Харин Хормузын хоолойд Иран, Оман улс тээврийн хөдөлгөөнийг зохицуулах талаар аажмаар хэлэлцэж байгаа бөгөөд Ираны Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Эсмаил Багаэй ойрын өдрүүдэд хоолойгоор дамжин өнгөрөх “түр аюулгүй маршрут”-ыг Олон улсын далайн байгууллагад бүртгүүлэх боломжтой гэж мэдэгдсэн байна.
Хормузын хоолой нь дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн ойролцоогоор тавны нэг нь дамжин өнгөрдөг стратегийн чухал усан зам юм. АНУ-ын тэнгисийн цэрэг тус хоолойгоор газрын тос тээвэрлэж буй зарим хөлөг онгоцыг хамгаалан дагалдах болсон бол Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират зэрэг орнууд газрын тосоо өөр маршрутаар экспортлохыг эрэлхийлж байна.
Иран ч мөн хариу арга хэмжээ авч, бүслэлтэд оролцож буй улс орнууд болон Хормузын хоолойгоор зорчиж буй хөлөг онгоцуудыг онилохоо анхааруулжээ. Есдүгээр сарын 5-нд Ираны пуужингууд АНУ-ын тэнгисийн цэргийн хоёр хөлөг онгоцыг онилсон ч цохилт оновчгүй өнгөрч, хүний амь эрсдээгүй гэж АНУ-ын Төв командлал мэдээлсэн байна.
Шинжээчдийн үзэж буйгаар Тегеран Вашингтоны дарамтыг зүгээр хүлээн авахын оронд тээвэр, АНУ-ын цэргийн бааз болон бүс нутгийн эрчим хүчний дэд бүтцэд чиглэсэн хязгаарлагдмал цохилтуудыг нэмэгдүүлэх замаар АНУ-д учрах зардлыг өсгөхийг оролдож болзошгүй.
Гэвч ийм стратеги нь маш өндөр эрсдэлтэй. Хоёр тал бие биенийхээ “улаан шугам”-ыг туршиж эхэлбэл тооцооллын алдаа гарч, хязгаарлагдмал мөргөлдөөн дахин бүрэн хэмжээний дайнд шилжих аюултай гэж шинжээчид анхааруулж байна.
Л.Баяр





















































