БНХАУ-ын Наньжин хотноо дэлхийн залуучуудын II наадам өнөөдөр 14 дэх өдөртөө үргэлжилж, өндөрлөх гэж байна. Энэ тэмцээнд дэлхийн 204 улсын 3600 гаруй өсвөрийн тамирчид спортын 28 төрөлд 222 багц медалийн төлөө өрсөлдлөө.
Манай тамирчдаас Б.Дөлгөөн мөнгөн медаль хүртэж, М.Анхцэцэг IV байрт, Ц.Хулан VII, Н.Ангирмаа VIII байрт шалгарав. Хэдийгээр таван тамирчин оролцсон ч нэг мөнгөн медаль хүртэж, шагналт байранд гурван тамирчин шалгарлаа. Манай хүндийг өргөлтийн М.Анхцэцэг, жүдогийн Ц.Хулан нарт медаль авах бүрэн боломж байсан. Ялангуяа хүндийг өргөлтийн тамирчин М.Анхцэцэгийн хувьд хүрэл медалийн оосроос атгаад алдсан. Тэрээр тактикийн алдаанаас болж, дөрөвдүгээр байрт шалгарсан юм.
Чөлөөт бөхийн охидын 46 кг-ын жинд барилдсан спортын мастер Б.Дөлгөөн Болгар, Алжир, Венесуль улсын бөхчүүдийг ялж, БНАСАУ-ын бөх Ким Сонянд ялагдан мөнгөн медаль хүртлээ. Түүний багш Д.Мөнхбаяр залуучуудын хоёр наадам дараалан медальтан төрүүлсэн багшаар тодорч байна.






















































