
С.Гэрэлмаа нь Хаан банкны Дорнод аймаг дахь салбарын Булган сумын тооцооны төвийн эрхлэгчээр ажиллаж байхдаа хувийн ашиг сонирхлын үүднээс Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2,3,23 дугаар зүйлийн 1, 4 дэх заалтуудыг зөрчсөн, хуурамч зээлийн хувийн хэрэг бүрдүүлэн 15 хүний нэр дээр 45.700.000 төгрөгийн зээл гарган авч бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 156 дугаар зүйлийн 156.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.
Анхан шатны шүүх 2014 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 141 тоот шийтгэх тогтоол гаргаж, С.Гэрэлмааг банкны болон мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 5 жил 1 сарын хорих ял оногдуулсан байна.
Д.Ундрах /24tsag.mn/