
Ирак, Сирийн газрын тосны орд газруудыг хяналтандаа оруулж, шашны харгис хуулиа хэрэгжүүлээд буй “Исламын улс” бүлэглэлийн гишүүд дэлхийгээр тархан суурьшиж байгаа бололтой. Амгалан тайван Европоос тус бүлэглэлийн есөн гишүүнийг баривчилжээ. Тодруулбал, Испанийн хойд хэсэгт орших Мелила хотоос жихад урсгалын есөн террористийг баривчилсан талаар тус улсын дотоод яам мэдээлэв. Мадрид хотын үндэсний шүүх террористуудыг хэрхэн шийтгэх талаар хэлэлцэж байгаа аж. Сүүлийн жилүүдэд Испанид террорист байгууллага бэхжиж, хүмүүсийг шинээр элсүүлэхийн төлөө бүх хүчээ дайчлах болжээ. Ялангуяа Морокко улсын иргэд энэ бүлэглэлд элсэх нь түгээмэл байдаг гэнэ.
Европол, Интерпол зэрэг бүс нутаг хоорондын терроризмыг зохицуулах үүрэгтэй байгуулагууд энэ тал дээр тодорхой тайлбар өгөхөөс татгалзаж байна. Харин Испанид Захариа Сайд Мохамед удирдагчтай нууц бүлэглэл байдаг тухай “El País” сонин онцолжээ. Энэ бүлэглэлийн толгойлогч нь Мали зэрэг зөрчилтэй бүс нутгуудад дайтаж явсан бөгөөд радикал үзэлтнүүдийг цуглуулж, үйл ажиллагаагаа тэлсээр байгаа ажээ. Тэд тэсрэх бөмбөг, галт зэвсэг эзэмшдэг. Ялангуяа Мелила хот сүүлийн саруудад жихад урсгалынхны үйл ажиллагааны гол төв боллоо. Энд Сири, Мали, Ливид тулалдаж явсан Франц, Морокко үндэстний дайчид орогнодог байна. Тэд энэ мэтчлэн хүрээгээ тэлсээр Европт хүчээ авахаар төлөвлөж байгаа гэнэ. “Исламын улс” бүлэглэлийн орлогын эх үүсвэр нь газрын тос гэж үздэг. Тиймээс газрын тосны хууль бус наймааг зогсоохоор АНУ, Арабын орнууд хамтран Сири, Ирак руу нэгэн зэрэг агаараар довтолж байгаа билээ. Гэтэл “Бидний орлогын эх үүсвэр дан ганц газрын тос биш. Орд газруудаа алдлаа гээд тийм ч их хохирол амсахгүй” хэмээн 28 настай дайчин ярьжээ. Үнэхээр тус бүлэглэл хүний наймаа, хууль бус худалдаа зэргээс өдөртөө 3 сая долларын орлого олдог гэсэн тооцооллыг барууны тагнуулууд гаргасан байна.
























































Сэтгэгдэл (1)