Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх болон түүнтэй хамт хоригдож буй М.Тулга нарын цагдан хорихийг сунгах эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ. Хурал дүүргийн Эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд 14.00 цагт болно. Л.Гансүх нь Төв аймгийн урьдчилан хорих төвд хуурай өлсгөлөн зарлаад арав гаруй хонож байна. Харин М.Тулга нь өнөөдрийг хүртэл хөл дээрээ босч чадахгүй “Сонгдо” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Ийнхүү тэдний биеийн байдал хүнд байхад прокуророос цагдан хорих хугацааг сунгах хүсэлтийг шүүхэд хүргүүлсэн байна. М.Тулгыг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байхад “Сонгдо” эмнэлгийн эмч Н.Болдсайхан яаралтай эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай гэсэн бичиг өгсөн юм. Улмаар М.Тулга “Сонгдо” эмнэлэгт арав хоногийн турш өдрийн 300 мянгаар 3 сая төгрөгөөр хэвтэн эмчлүүлжээ. Гэтэл энэ хугацаанд бие нь дээрдээгүй байтал эмч Н.Болдсайхан цагдан хориход эрүүл мэндийн байдал зүгээр гэсэн бичиг гаргаж өгсөн байна. Энэ нь Н.Болдсайхан эмч хэний талд үйлчлээд байна гэж хардахад хүргэж байна гэж М.Тулгын ар гэрийнхэн үзэж байгаа юм байна. Юутай ч Л.Гансүх нарыг батлан даалтад гаргах, үргэлжлүүлэн хорих эсэхийг өнөөдөр 14.00 цагт шүүхэд хэлэлцэнэ.
Б.Чимэг





















































Сэтгэгдэл (11)