Буриадын нэрт дуучин Мядагмаа Доржиева нутгийнхаа телевизийн сэтгүүлчийг шүүхэд өгчээ. Тэрээр "Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нэр хүндээ өсгөхийн тулд миний талаар ярьж, бичиж байдгийг би мэднэ. Үүнд ч бараг дассан. Гэхдээ миний ярианаас үг өгүүлбэрийг нь хайчилж, хасаад ондоо утгатай болгож олон нийтэд цацна гэдэг бол арай дэндүү бүдүүлэг асуудал юм" гэж мэдэгдсэн байна.Юу болсон талаар дурдвал: Нэгэн арга хэмжээн дээр Мядагмаагаас ярилцлага авахыг хүссэн телевизийн сэтгүүлч түүн дээр ирээд "Таныг монголын продюсертэй гэр бүл болж байгаа гэж гадуур ярьж байна. Байн байн Монгол руу явж дуундаа клип хийлгээд байгаа нь үүнтэй холбоотой юу?" гэж асуужээ.
Мядагмаа сэтгүүлчийн асуултад хариулахдаа "Янз бүрийн цуу үгэнд гайхахаа болиод удаж байгаа шүү дээ. Монголд клип хийлгэдэг учир нь Орост хийдгээс чанартай атлаа, хямдхан байдагт нь болдог юм аа" гэж хэлжээ.
"Ер нь өөрийнхөө тухай ямар цуу үгийг илүүтэй сонсдог вэ?" гэсэн дараагийн асуултад дуучин бүсгүй "монгол нууц амрагтай, Буриадын ивээн тэтгэгчдийнхээ ачаар болон бөө удгануудын ачаар амжилтад хүрдэг гэсэн үгнүүдийг хамгийн их сонсдог" гэж инээмсэглэн хариулжээ. Гэтэл энэ яриаг сэтгүүлч телевизээр гаргахдаа урьд хойноос нь танаад "Миний нууц амраг Монголд байдаг гэж хэлсэн" болгожээ. Түүний хэлсэн "Иймэрхүү цуу үгэнд бүр дассан байна" зэрэг үгнүүдийг нь хасчихсан гэнэ.
"Телевизийнхээ нэр хүнд, үзэгчдийн тоог өсгөхийн тулд иймэрхүү гүтгэлэг доромжлолын арга хэрэглэж байгаад нь би гомдолтой байна. Би ямар нэгэн нууц амраг, ил гардаггүй ивээн тэтгэгчийн хүчээр биш бараг хорин жилийн хөдөлмөрийн үр шимээрээ амжилтад хүрсэн юм. Миний бүх төслүүдийг ээж болон охин маань эдэлж хэрэглэх, идэж уухаасаа хэмнэж байж босгодог учраас жинхэнэ ивээн тэтгэгч нар гэвэл тэд л байх болов уу. Ер нь тэгээд хатуухан хэлэхэд манай Буриадын төр засаг, бизнесийн төлөөлөл эстрадын урлагийг дэмждэггүй шүү дээ" гэж тэрээр хэлжээ.
Мядагмааг зургаан настай байхад ээж нь хөгжмийн сургуульд оруулж байжээ. Тэр цагаас түүний урлагийн гараа эхэлсэн гэж хэлж болно. Хожмоо тэрээр Чайковскийн нэрэмжит хөгжмийн коллежийн онолын болон гоцлол дууны тэнхмийн төгөлдөр хуурын багш нартай хичээллэж байжээ. Тэрээр Москвагийн болон Петербургийн консерваторийг төгсөөд өнөөдрийн амжилтадаа хүрсэн байна. Мядагмаа Доржиева бол зөвхөн дуучин биш, хөгжмийн зохиолч, хөгжимчин, төгөлдөр хуурч, жүжигчний мэргэжлийг эзэмшсэн од билээ. Мядагмаа өөрийг нь бүх талаар туслан дэмждэг ээж болон охинтойгоо хамт амьдардаг. Тиймээс олон улсын эмэгтэйчүүдийн баярын босгон дээр ингэж доромжлуулсандаа туйлын их гомдолтой байгаа юм байна. 























































