-
2016 оны 10 сарын 06
Баянгол дүүрэгт байрлах “Хөх хот” гэх хятад ресторанаар үйлчлүүлсэн 12 хүн хоолны хордлого авсан байна. Тодруулбал, энэ сарын 1-ний өдөр гэр бүлийн 20 гаруй хүн төрсөн өдөр тэмдэглэхээр тус ресторанаар үйлчлүүлжээ. Одоогийн байдлаар долоон хүн ХӨСҮТ-д хордлого тайлан эмчилгээ хийлгэж байгаа аж.
-
2016 оны 10 сарын 06
ЦЕГ-ын даргын Б\516 тоот тушаалаар Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын шинэ даргаар, цагдаагийн дэд хурандаа Намсрайн Лхагвасайхан томилогдон ирж, ажлаа хүлээн авлаа. Ажлыг ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга, тэргүүн дэд комиссар Ц.Батсүх хүлээлцэж өгчээ. Н.Лхагвасайхан нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уугуул. 1993-2014 он хүртэл аймгийнхаа цагдаагийн газарт эргүүлийн цагдаагаас эхлээд дэд дарга хүртэлх албан тушаалыг хашиж байсан юм. Аймгийн Цагдаагийн газрын дэд даргаар 8 жил ажиллаад Улаанбаатар хотруу шилжиж ЦЕГ-ын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байжээ.
Б.Цэцэг
-
2016 оны 10 сарын 06
Нэг настай эмэгтэй хүүхэд халуун цайнд түлэгдэж, амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, есдүгээр сарын 23-ны өдөр дээрх хүүхэд халуун цайнд түлэгдэж, Гэмтлийн эмнэлгийн Түлэнхийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаад өчигдөр буюу аравдугаар сарын 5-ны өдөр нас барсан байна. Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлжээ.
Энэ намар цэцэрлэгийн хүрэлцээ муу, хүүхдэд тавих эцэг эх, асран хамгаалагчийн хараа хяналт сул байгаагаас үүдэн хүүхэд гэртээ халуун цай болон усанд түлэгдэж, амиа алдах тохиолдол нэмэгдсээр байгаа аж. Иймд эцэг, эхчүүдэд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна.
-
2016 оны 10 сарын 06
Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн Тухай хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үг хэлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Улсын Их Хурлын дарга аа,
Улсын Их Хурлын эрхэм гишүүдээ,
Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг Монгол Улсын Засгийн газраас боловсруулан, Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцээд 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн барьсан.
Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлд орсон нэг шалтгаан нь сүүлийн жилүүдэд хэрэгжүүлж ирсэн төсвийн хэт тэлсэн бодлого, төсвийн сахилга, хариуцлагагүй байдалтай холбоотой гэдгийг Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Олон Улсын Валютын Сан зэрэг байгууллагаас сүүлийн үед гаргаж буй тайлан мэдээлэл, бие даасан судлаачдын дүгнэлтэд санал нэгтэй дүгнэж байна.
УИХ-ын Намрын чуулганы хуралдааныг нээж УИХ-ын дарга М.Энхболд хэлсэн үгэндээ ч улс орны өмнө тулгараад байгаа хүндрэлийг даван туулахын тулд УИХ, Засгийн газрын зүгээс ямар байр сууринаас, ямар үзэл бодолтойгоор хандах ёстой вэ гэдгийг тодорхой дүгнэсэн билээ.
2016 оны төсвийн тодотголд баримталсан төсвийн нэгдмэл байдлыг хангах, төсвөөс гадуур аливаа арга хэмжээ хэрэгжүүлэхгүй байх, төсвийн сахилга батыг чанд мөрдөх арга хэмжээг Монгол Улсын 2017 оны төсвийн жилд үргэлжлүүлнэ.
Татварын орчныг тогтвортойгоор хадгалах, зарлагын өсөлтийг хязгаарлах, Засгийн газрын өрийг хуулийн хязгаарт багтаан тогтворжуулах, төсвийн тогтвортой байдлыг бий болгох замаар макро эдийн засгийн өсөлтийг хангах зорилтын хүрээнд дараах бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр 2017 оны төсвийн төслийг боловсрууллаа.
Эдийн засгийг хүндрэлээс гаргаж, тогтворжуулах зорилгоор Засгийн газраас уул уурхайн томоохон төсөл, хөтөлбөрүүд болох Оюутолгойн далд уурхайн төсөл, Тавантолгойн төсөл, Гацууртын алтны ордны төсөл, Тавантолгойн цахилгаан станц, ДЦС3-ын хүчин чадлыг өргөтгөх төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Манай хувийн хэвшлийнхний үйл ажиллагаа болон Засгийн газраас авч хэрэгжүүлэх бодлогын үр дүнд Монгол Улсын эдийн засгийн бодит өсөлтийг 2017 онд 3.0 хувьд хүрнэ гэж тооцож байна.
Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг тооцохдоо эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлоготой уялдуулан, ирэх 2017 онд татварын орчныг тогтвортой байх бодлогыг баримтлан шинээр татвар бий болгохгүй, татварын хувь хэмжээг нэмэгдүүлэхгүй байхаар тооцлоо. Энэ нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийн зүгээс гаргаж ирсэн татварын орчинг тогтвортой байлгах санал, хүсэлттэй нийцэж байгаа юм.
Уул уурхайн томоохон төслүүдийг эрчимжүүлж, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар уул уурхай, дэд бүтцийн салбарыг дагасан эдийн засгийн өсөлтийг бий болгох, төрийн өмчит аж ахуйн нэгжийг хувьчлах, алдагдалтай ажиллаж байгаа төрийн өмчит компаниудын менежментийг сайжруулах замаар ашигтай ажиллуулах бодлого баримталснаар төсвийн орлогыг нэмэгдүүлэх боломжтой.
Бүх шатны төсөвт байгууллагууд хэмнэлтийн зарчмаар ажиллах, төрийн албан хаагчдын цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийн одоогийн түвшнийг хадгалах, иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг бууруулахгүй байх, статистик, хүн ам зүйн өөрчлөлтөөс шалтгаалан нэмэгдэх нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн зардлыг төсөвт тусгах зарчмыг баримталлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зарим арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж эхлэх. Тухайлбал, ахмад настай азай буурлууддаа “Насны хишиг” олгох эрх зүйн орчныг бүрдүүлж, 2017 оны төсвийн жилээс хэрэгжүүлж эхлэхэд 20.5 тэрбум төгрөг тусгалаа.
Их, дээд сургуульд суралцагч оюутны санхүүгийн дарамтыг бууруулах зорилтын хүрээнд шинээр байгуулагдсан “Боловсролын зээлийн сан”-гийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах 101.5 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг ирэх оны төсөвт тусгасан.
Төсвийн орлогын боломж хомс, эх үүсвэр дутагдалтай байгаа хүндрэлийн улмаас 2012 оноос хойш олгож ирсэн хүүхдийн мөнгийг ирэх 2017 оны тухайд зорилтот бүлгийн өрхүүдэд буюу нийт өрхийн 60 хувьд олгохоор төлөвлөж, шаардагдах эх үүсвэрийг төсөвт тусгасан.
Төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг тогтвортой үргэлжлүүлэх зорилтын хүрээнд төрийн албан хаагчийн өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжтэй холбоотой өмнөх зохицуулалтыг сэргээх, үүнтэй уялдуулан ирэх онд тэтгэвэрт гарахад олгох тэтгэмжийн зардлыг 89.6 тэрбум төгрөгөөр тооцон төсөвт тусгав.
Дотоодын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих, үндэсний үйлдвэрт тушаасан малын арьс шир, ноос болон хүнсний улаанбуудайн урамшуулалд зориулж нийт 54.0 тэрбум төгрөгийг ирэх 2017 онд олгохоор тогтлоо.
Зөвхөн эрүүл мэнд, боловсрол, мэргэжлийн боловсрол болон онцгой байдлын салбарт иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхтэй холбоотой орон тоог төсвийн төсөлд тусгах, бусад аливаа орон тоог нэмэгдүүлэхгүй байх, төсвийн байгууллагын тэвчиж болох зарим урсгал зардлыг 2016 оны тодотголын түвшнээс хэтрүүлэхгүй байх, улмаар салбарын онцлогийг харгалзан 10-100 хувь бууруулах, өмнөх онуудад хэрэгжсэн нэг удаагийн шинжтэй, эсвэл хуульд өөрчлөлт орсны улмаас өөрчлөгдөж буй хөтөлбөр, арга хэмжээний урсгал зардлыг бууруулах зарчмыг баримталсан.
УИХ-ын 2016 оны 2 дугаар сарын 5-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталсан “Ирээдүйн өв сангийн тухай” хуулийн хэрэгжилтийг 2017 оны 1 дүгээр сарын 1-ээс эхлэн хангаж ажиллана.
Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлж, шинэ төсөл, арга хэмжээ эхлүүлэхгүй байх, шилжих ажлуудын санхүүжилтийг гүйцэтгэлтэй нь уялдуулан хойшлуулах, эсвэл бүрэн тусгах, өмнөх жилүүдэд эхэлсэн боловч орхигдсон ажлуудыг дуусгах, зайлшгүй шаардлагатай боловсрол, эрүүл мэндийн салбарын их засвар, тоног, төхөөрөмжийн зардал, өвлийн улиралд гэнэтийн осол, аваарын байдалд хүргэж болзошгүй байгаа Улаанбаатар хотын дулааны гол магистрал шугамын их болон урсгал засварт шаардагдах хөрөнгийг ирэх оны төсөвт тусгалаа.
Гадаадын зээл, тусламжийн үр ашгийг нэмэгдүүлэх, эдийн засгийн үр ашигтай төслүүдэд санхүүжилт хийх замаар эдийн засгийн өсөлтийг дэмжих, төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор гаргах дотоод бондын хэмжээг бууруулах, өрийн удирдлагын оновчтой арга хэрэгслийг хэрэгжүүлэх замаар хүүгийн зардлыг өмнөх оны түвшнээс бууруулахаар тооцлоо.
Дээр дурьдсан арга хэмжээнүүдийг тусган улсын нэгдсэн төсвийн үндсэн үзүүлэлтүүдийг тооцоход Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 5,974.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 22.8 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 8,564.0 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.7 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 2,589.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 9.9 хувьтай тэнцэж Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлагыг хангахаар байна.
Монгол Улсын 2017 оны төсвийн тухайн хуулийн төслийг дагалдуулан нийт 15 хуулийн төсөл, Улсын Их Хурлын 2 тогтоолын төсөл өргөн мэдүүлэхээр бэлтгэлээ. Үүнд:
1/ “Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухайхууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын 2016 оны 47 дугаар тогтоолд “төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэрт гарахад ажил олгогчоос олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийг ажилласан хугацааг нь харгалзан 36 хүртэлх сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээтэй байх”-аар Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн хамт өргөн мэдүүлэхээр заасны дагуу холбогдох хуулийн төслүүдийг боловсрууллаа.
2/Төрийн байгууллагуудын үйл ажиллагааны зардлын үр ашгийг сайжруулах зорилгоор төсвийн шат шатны захирагч нарт эрхэлсэн салбар, яам, агентлаг, байгууллагын батлагдсан төсөв, орон тооны хязгаартаа багтаан бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийх эрхийг олгох, мөн бүтцийн өөрчлөлтийн улмаас орон тоо бууруулж цалингийн санг, тогтмол зардал гэх мэт хэмнэсэн зардал, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогоо зарцуулах эрхийг олгох зохицуулалтыг Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгалаа.
3/ Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт азай буурлууддаа “Насны хишиг” олгох эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэж заасан. Эдийн засаг, төсөв, санхүүгийн хүндрэлтэй нөхцөлд байгаа хэдий ч ахмад настны орлогын баталгааг сайжруулах зорилгоор 70 ба түүнээс дээш настай азай буурлуудад жилдээ 2 удаа 100-300 мянган төгрөгийг олгохоор тооцож холбогдох заалтыг Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд тусгалаа.
4/ Хүний хөгжил сангийн тухай хууль болон Хүний хөгжил сангийн төсөв 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болж байгаатай холбогдуулан хүүхдийн мөнгийг зорилтод бүлгийн өрхүүдэд олгохтой холбогдуулан Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Хүүхдийн мөнгөний талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсрууллаа.
5/ Нэгдсэн төсвийн бүрэлдэхүүнд бие даасан төсөв байдлаар хуульчилсан Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн харилцааг төсвийн хүндрэлтэй холбогдуулан хэрэгжилтийг нь хойшлуулах нь зүйтэй гэж үзэж 2019 оны төсвийн жил хүртэл хойшлуулах зохицуулалтыг холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлтөөр оруулах тухай хуулийн төслүүдэд тусгасан болно.
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хууль, эдгээр хуулийг дагалдуулан өргөн барьсан бусад хуулийн төслийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье.
Анхаарал тавьсанд баярлалаа.
-
2016 оны 10 сарын 06
Булган аймгийн Хангал сумын “Бүрэнгийн нуруу” гэдэг газар иргэн Б энэ сарын 4-ний өдөр самранд явж байгаад модон дунд төөрч сураггүй болсон тухай мэдээлэл Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу онцгой байдлын албан хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, төөрсөн иргэнийг өчигдөр Сөрт багийн “Сөрт” гэдэг газраас эсэн мэнд олжээ.
-
2016 оны 10 сарын 06
”Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн өчигдөр тус үйлдвэрийн өнөөгийн нөхцөл байдал, татвар төлөлтийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. Энэ үеэр ”Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн даргаар Д.Ганболд томилогдсон тухай мэдээлэв. Д.Ганболд өмнө нь ”Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, ”Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан бөгөөд сарын өмнө тус ажлаасаа чөлөөлөгдсөн билээ.
Даваадоржийн Ганболдын хувьд Москвагийн их сургуулийг эдийн засагч мэргэжлээр дүүргэсэн. МУИС-д багшилж байгаад дахин Москвад аспирантурт суралцжээ. 1990 онд Ардын их хурлын депутат, Улсын бага хурлын гишүүнээр сонгогдсон. 1990 онд Д.Бямбасүрэнгийн толгойлж байсан эвслийн Засгийн газрын Тэргүүн шадар сайдаар ажиллаж байв. Энэ үед цэнхэр, ягаан тасалбар тарааж, өмч хувьчлалыг эхлүүлсэн. 1992-2000 онд Улсын их хурлын гишүүнээр ажиллаж байсан билээ. Харин 2004-2008 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Төмөр замын хэрэг эрхлэх хорооны дарга болсон ажлын туршлагатай юм.
Б.Цэцэг
-
2016 оны 10 сарын 06
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ээс санаачлан зохион байгуулж буй “Ерөнхийлөгч сэтгүүлчидтэй” уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож буй. Гадаад харилцааны яаманд болж буй ”зангиагүй уулзалт”-аас мэдээлж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн худалдан авалттай холбоотой асуудлаар сэтгүүлчдэд байр сууриа илэрхийлж байна. Түүний хэлсэн үгээс онцлон хүргэе.
“Эрдэнэт үйлдвэрийн тоос шороонд хутгалдаж явсан үе бий. 10 дугаар ангиа төгсөөд анх би тэнд ажилд орж, анхны цалингаа авч байсан. “Эрдэнэт”-ээс Ардын их хурлын депатутаар сонгогдсон.
“Эрдэнэт”-д миний хувийн сонирхол байхгүй, цаашаагаа сайн яваасай гэсэн сонирхол л бий.
“Эрдэнэт” үйлдвэрийн ард гурван том бий гэсэн мэдээлэл гарсан. Өмнө байсан УИХ, Ерөнхий сайд өөрчлөгдсөн.
“УИХ-ын дэд дарга мэдэгдэл хийнэ гэдэг дөрвөн томын нэг л дээ. Гурван томын оролцоо байсан гэдэг ч юм уу, янз бүрийн оролцоо байсан гэж би хувьдаа мэдэхгүй”.
“Хувьчлал явагдаагүй, худалдан авалт явсан болохоор хувьцааны тухай асуудал байхгүй”.
“Ц.Нямдоржийн ард “Эрдэнэт”-ийг бодсон ард түмнийг бодсон үнэр ч байхгүй. Харин энэ мэдэгдлийн ард “Эрдэнэт”-ийн асуудлыг судлах ажлын хэсгийн ахлагч Б.Чойжилсүрэн, Ц.Нямдорж хоёр хуйвалдагдсан юм харагдаж байгаа. Наадмын өмнө би МҮОНТ-д ярилцлага өгөхдөө мэдэгдсэн, ”Эрдэнэт” дээр хууль зөрчсөн юм байгаа бол хамгийн түрүүнд хэлэлцээрэй гэж. Буруу байсан бол хүчингүй болгох ёстой. Хууль бус юм хийж байгаа бол түүнд нь бололцоо олгоод сууж байгаа. Тэгэхээр би үүний ард улс орны эрх ашиг бодсон яриа байхгүй юм байна, цэвэр улс төр гэж харж байна. Та нар нэг зүйлийг сайн мэднэ дээ. Сүүлийн 20 гаруй жилд харж байгаа. Улстөрчийн мэдэгдэл сүржин байх тусмаа худлаа байдаг.Сүүлчийн цамцаа урагдтал тэмцэнэ ч гэх шиг, мафи гарлаа ч гэх шиг. Зүгээр л сүржин мэдэгдэл, хувийн эрх ашиг хөөцөлдсөн, мэдэгдэл. Нэгнийхээ янзыг үзэх гэсэн, эсвэл дээшээ албанд шунасан л үйлдэл” хэмээлээ.
Б.Цэцэг
-
2016 оны 10 сарын 06
Мэргэжлийн сумо бөхийн Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит ”Хакүхо цом” сүмо бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн долоо дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Уг тэмцээн аравдугаар сарын 23-ны өдөр Спортын төв ордоны ”А” зааланд болно.
”Хакүхо цом” өсвөрийн сүмочдын тэмцээнийг “Эрүүл монгол хүүхэд”-ийн төлөө уриатайгаар “Хакүхо сан”, Их Шавийн дээд сургууль хамтран зохион байгуулах юм байна.
Тэмцээнд оролцогчид 9, 10, 11, 12, 13-15 гэсэн зургаан насны ангиллаар хасагдах журмаар өрсөлдөнө. Мөн нас насны ангилалд медальт байр эзэлсэн болон амжилттай барилдсан хүүхдүүдийг бэлтгэлд хамруулж, 2017 оны нэгдүгээр сард Японы Токио хотноо зохиогдох ”HAKUHO CUP” олон улсын тэмцээнд оролцох найман хүүхдийг сонгон шалгаруулах юм.
-
2016 оны 10 сарын 06
Уламжлал ёсоор энэ сарын 11-нд “Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэнэ. Тус өдрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2012 онд жил бүрийн аравдугаар сарын 11-ний өдрийг “Олон Улсын Охидын эрхийг хамгаалах өдөр” болгон тунхаглаж байжээ. Энэ жилийн олон улсын охидын эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан энэ сарын 14-ний өдөр “Биднийг сонс” II чуулганыг зохион байгуулах гэж байгаа юм байна. Манай улсад энэхүү өдрийг тохиолдуулан охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах “Гүнж” төвөөс санаачлан хүүхдийн эрхийн чиглэлээр ажилладаг гурван төрийн бус байгууллагатай хамтран 2014 онд “Биднийг сонс!” охидын эрхийн анхдугаар чуулганыг зохион байгуулж байсан юм. Охидын эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан НҮБ-ын гишүүн орнууд, түүний тогтолцоон дахь холбогдох байгууллагууд, цаашлаад иргэний нийгмийн байгууллагуудыг охидын эрхийн асуудалд анхаарал хандуулах, энэ талаархи олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, охидын эрхийг хамгаалахыг уриалсаар байна.
Б.Цэцэг
-
2016 оны 10 сарын 06
Хүйтний улиралтай холбогдуулан сүүлийн өдрүүдэд ахуйн гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байна.
-
2016 оны 10 сарын 06
Ардчилсан нам, МоАН Санаачилгын хамтран зохион байгуулж буй орон нутгийн нэр дэвшигчдэд зориулсан сургалт, уулзалт үргэлжилсээр байна. Энэхүү сургалт нь 21 аймгийн сум дүүргүүдэд болон нийслэлд болж буй юм. Энэ удаад Булган, Орхон аймагт сургалт явагдлаа. Булган аймгийн театрын байранд 13:00 цагт эхэлсэн сургалтад сум сумын төлөөллөөс нийт 100 гаруй нэр дэвшигчид хүрэлцэн ирж оролцлоо. Булган аймгийн Ардчилсан намын дарга Д.Эрдэнэбат сургалтын эхэнд Нийслэлээс сэтгэл, цаг заваа гарган зорин ирсэн МоАН Санаачилгын УЗ-ийн гишүүн Ц.Оюунгэрэл, МоАН Санаачилгын дэд Ерөнхийлөгч, Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүн Ж.Равдандорж, МоАН Санаачилгын УЗ-ийн гишүүн Д.Бямбаа, МУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх О.Чулуунбилэг нарт намын үйл ажиллагаа, нэр дэвшигчдээ дэмжин ирсэнд талархаж байгаагаа илэрхийлсэн билээ. Сургалт, уулзалтын үеэр Булган аймгийн нэр дэвшигчид өөр өөрсдийн үзэл бодол, саналаа хэлж байлаа. Нэг хэсэг нь тэнгэрт гараад алга болсон нөгөө хэсэг нь хөсөр хаягдсан. Фракцын удирдлагууд нэг санаатай болж нэгдсэн цонхоор харах хэрэгтэй байна. Тус тусдаа мэдэгдэл хийгээд намаа хагалж буталгахгүй байхыг ард түмэн биднээс хүсч хүлээж байгааг уламжиллаа.
Б.Цэцэг
-
2016 оны 10 сарын 06
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг Төрийн ордоны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болж байна. Уг хуулийн хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн Ерөнхий газар, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд оролцож буй юм. Энэхүү хэлэлцүүлгийн хүрээнд дараах асуудлуудыг авч хэлэлцэж байна.
- Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн орчин
- Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон төсөлд цагдаагийн байгууллагын хүлээх үүрэг
Монгол Улсад гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүн амын сангийн оролцоо зэрэг асуудлуудыг мөн авч хэлэлцэж байгаа юм байна. Манай улсад гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг жил ирэх тусам газар авч нийгмийн тулгамдсан асуудлыг нэг болсон. Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа иргэдийн 97 хувь нь хүүхэд эмэгтэйчүүд байдаг гэсэн судалгаа бий. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хэлэлцүүлэг 12:40 цаг хүртэл үргэлжлэх юм байна
-
2016 оны 10 сарын 06
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5.3 дах хэсэгт заасны дагуу эм, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг бүртгэх, өөрчлөлт оруулах асуудлыг эмийн үндэсний бодлогын хүрээнд шийдвэрлэдэг. Энэхүү заалтын дагуу Монгол Улсын Малын эмийн бүртгэлд бүртгэгдсэн эмийн жагсаалтыг шинэчлэн танилцууллаа. Цаашид энэхүү мэдээллийг улирал тутам шинэчилж байх ажээ.
-
2016 оны 10 сарын 06
Засгийн газраас Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто зам барих төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Уг авто зам нь 32.226 км урт, 32.5 м өргөн асфальтбетон хучилттай, 2 урсгал 6 эгнээтэй болох юм .Хурдны замын 22.5 км замын зураг төсөл батлагдсан бөгөөд үлдсэн хэсгийн зураг төсөл батлуулах шатанд байна. Зураг төсөл нь батлагдсан эхний 22.5 км замд барилгын ажил хэвийн үргэлжилж байгаа юм. Уг хурдны зам нь 2018 оны наймдугаар сарын 18-н гэхэд ашиглалтад орох гэнэ.
Б.Цэцэг
-
2016 оны 10 сарын 06
Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд Эрүүл мэндийн салбарт дөрвөн зорилт бүхий 22 үйл ажиллагаа, 140 гаруй ажил хэрэгжүүлэхээр төлөвлөөд буй. Уг хөтөлбөрт 5 хүртэлх насны хүүхдийн эмийн зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргаж байхаар тусгажээ. Эрүүл мэндийн яамнаас НҮБ-ын хүүхдийн сангийн шугамаар үйлдвэрлэгч газраас нь худалдан авалт хийх хүсэлт тавьсан байна. Түүнчлэн ирэх онд түргэн тусламжийн машин дутагдалтай байгаа 151 сумыг түргэний машинаар хангах, орон нутгийн нэгдсэн эмнэлгийг рентген аппаратаар хангах зэрэгт шаардлагатай төсөв хөрөнгийг шийдвэрлүүлж байгаа аж.
Б.Цэцэг
-
2016 оны 10 сарын 06
Сонгуулийн маргаашаас эхэлсэн халаа сэлгээ томилгоо хоёр сарын хугацаанд дэндүү хурдан өрнөж байна. Энд иргэдээ өмөөрдөг төр засаг, энэрэн нигүүлсдэг удирдлага гэж алга. “Дээрээс” ирсэн шийдвэрийн дагуу гарын үсэг, тамгаар бүхэл бүтэн айл гэрийн амьдрал, хувь заяаг шийдвэрлэж байна. Хэдхэн хоногийн емнө нийслэлийн агентлагуудаас 200 гаруй хүнийг хууль бусаар ажлаас чөлөөлсөн гэж байсан бол өнөөдөр хоёр дахин нэмэгджээ. Мөн эрчим хүчний салбарын төрийн өмчит 18 компанийн 14компанийн гүйцэтгэх захирлыг улс төрийн шалтгаанаар сольсон байна.
Мэргэжлийн хүмүүсийг сольсны цаана улс орны эрх ашиг яригдаж байгаа гэдгийг харьяа үйлдвэрчний эвлэлийнхэн халаглан ярьж, хаана хандахаа мэдэхгүй будилж явна. Халаа сэлгээний талаар АН-ын хуульч, Хяналтын хорооны нарийн бичгийн дарга Б.Батхуяг судалгааг гаргаж байгаа аж. Одоогоор бүтэцийн өөрчлөлт, янз бүрийн шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдсөн хүмүүсийн тоо 21 аймаг орон нутагт 800, яам, нийслэлийн агентлаг, дүүргүүдэд 1200 орчим байна. Тухайлбал, Хүн ам нийгмийн хамгааллын яамнаас 33, нийгмийн даатгалын салбараас 40, Хөдөлмөрийн яамнаас 110, Гадаадын хөрөнгө оруулалтын газраас ес, Хүүхдийн төлөө үндэсний газраас 28. Мөн нийслэлийн харьяа 17 агентлагийн дарга, НИТХ-ын ажлын албаны 40 хүний 35- ыг нь сольжээ. Хүмүүс ажлаас чөлөөлөгдсөн тушаалаа аваад эхнээсээ шүүхэд хандаад явж байгаа гэнэ.
Б.Цэцэг
-
2016 оны 10 сарын 06
Нийслэлийн статистикийн газраас аравдугаар сарын эхний долоо хоногийн үнийн танилцуулгыг гаргажээ. Үүнд:
-
2016 оны 10 сарын 06
Нийслэл хотод оршин суух эрхэлсэн тодорхой ажилгүй М, Б нар нь цахим орчинд бусдын зургийг зөвшөөрөлгүй байршуулан хуурамч фэйсбүүк хаяг үүсгэж иргэдтэй танилцан дотносох замаар хувийн мэдээлэл видео бичлэгийг цуглуулсан байна. Эдгээр залуус хувь хүний мэдээллийг олон нийт, найз нөхдөд нь тараана хэмээн сүрдүүлж зургаан иргэнээс их хэмжээний мөнгө авсан гэмт үйлдлийг бүлэглэн үйлдэж байсныг таслан зогсоож, Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн тус тус шалгагдаж байна.
-
2016 оны 10 сарын 06
Аймгийн Засаг даргын 2016 оны 09-р сарын 16-ны өдрийн А/353 дугаар захирамжийн дагуу Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт дараах байршлуудад газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдаа зохион байгуулна. Үүнд:
-
2016 оны 10 сарын 06
Оюутнууд сургалтын төлбөрийн зээл авах эрхтэй боллоо