БНСУ-ын Кванжу хотод пара байт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 20-29-ний өдрүүдэд болж байна. Тэмцээнд 28 орны нийт 176 тамирчны 111 эрэгтэй, 65 эмэгтэй тамирчин ганцаарчилсан, багийн болон холимог багийн төрөлд өрсөлдөж байгаа бол манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Золбоогийн удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй хоёр тамирчин цэц сорьж байна. Өчигдөр(2025.09.25) тус тэмцээний холимог багийн төрөлд Үндэсний шигшээ багийн тамирчин Д.Сэлэнгээ, Н.Мөнхбаатар нар алтан медалийн төлөө өрсөлдөхөөр шалгараад байна. Тэд шигшээд шалгарах замдаа Словени (6:0), Австрали (5:3), БНХАУ (5:1)-ын багийг буулган авсан бөгөөд энэ сарын 28-нд Итали улсын багтай алтан медалийн төлөө цэц мэргэнээ сорино. Д.Сэлэнгээ, Н.Мөнхбаатар нар пара байт харвааны холимог багийн төрөлд ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын анхны тамирчид болж буй. Өмнө нь ДАШТ-ий багийн төрөлд Д.Сэлэнгээ, Б.Жавхлантөгс нар хүрэл медаль хүртэж байсан юм.
Б.Туяамарал
Сэтгэгдэл (3)