Тогтвортой хөгжлийн зорилгуудын талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, хэрэгжилтийг эрчимжүүлэхэд иргэд, байгууллагуудын оролцоо, түншлэлийг дэмжихэд чиглэсэн “Тогтвортой хөгжлийн зорилгын нээлттэй өдөрлөг” болов. НҮБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар, Эдийн засаг, хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, НЗДТГ, МҮХАҮТ хамтран Сүхбаатарын талбайд өдөрлөгийг зохион байгууллаа. Нээлтэд НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Машра, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин нар оролцож үг хэлэв.
Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэх нэг чухал багана нь хувийн хэвшил. Тогтвортой хөгжлийн 17 зорилгоос МҮХАҮТ нь дараах үндсэн гурван зорилгод анхаарлаа хандуулан ажиллаж байна:
- Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэх
- Залуу үеийг дэмжих
- Инновац, дэд бүтцийг хөгжүүлэх
Өнөөдрийн байдлаар бид Тогтвортой хөгжлийн зорилгын төлөөх 30 гаруй төсөл хөтөлбөр, 20 гаруй ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Цаашид Монголын 100 мянга гаруй ААН-ийг Тогтвортой хөгжлийн зорилгод нэгтгэж, манлайлж ажиллах нь Танхимын үндсэн үүрэг гэж МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин хэлсэн үгэндээ онцлов.
Нээлттэй өдөрлөгийн үеэр МҮХАҮТ болон Экспортын кластер үйл ажиллагаагаа танилцуулж оролцлоо. Мөн хувийн хэвшил, бизнесийн байгууллагууд тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлж буй сайн туршлага, шинэлэг санаачилгуудаасаа танилцуулав.
Тогтвортой хөгжлийн зорилго нь хүн бүрд хамааралтай. "Алсын хараа 2050" болон Тогтвортой хөгжлийн зорилгод хүрэхэд хүн бүрийн оролцоо, санаачилга, түншлэл чухал юм.