Тариаланчид, тээвэрчдийн анхааралд энэ сарын 14-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, зам даваа гүвээнд хальтиргаа, гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна.
2022 оны 10 дугаар сарын 15-наас 10 дугаар сарын 19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Аравдугаар сарын 15-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 15, 16-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 15, 16-нд ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна. 17-нд нутгийн баруун хагаст, 18-нд ихэнх нутгаар дулаарна.