зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ХОТЫН ГАНЦААРДЛЫГ НЭЭСЭН ТҮҮХ

2024-9-25
0
ЖИРГЭХ

ХОТЫН ГАНЦААРДЛЫГ НЭЭСЭН ТҮҮХ - ӨЛЗИЙХУТАГИЙН ҮЛЭМЖТӨГС

ГАРТАА ҮЗЭГ БАРЬ!

    Онцгой аялалаас онцгой мөрөөдөл эхэлдэг. Тийм мөрөөдөл, хүслийг дотроо тээж яваа зүрх ихэвчлэн их үйлийн төлөө зорьдог. Гэвч их үйл гэж юусан билээ. Үүнийг суутнуудын зарчмаас өөрөөр тодорхойлж хэлбэл хувь хүний эргэлтийн цэг дээр үүссэн онцгой аялал, энгийн үйлээс улбаалан тайлбарлаж болно.

Бидний амьдран суугаа, зорин очдог, зорчиж өнгөрдөг хот болгон өөрсдийн онцлогтой. Хот бүхэн иргэдийнхээ хүслийг сонсдог, түүнийгээ шивнэх юм бол хэдий хугацаанд ч хамаагүй заавал биелүүлдэг газартай байдаг. Өсөж, өндийсөн Улаанбаатар хотоо гороолоход зуны орой хамгийн тохиромжтой санагддаг. Хүйтэн ч, халуун ч биш. Харин өнөөдөр автобусанд суугаад их хотыг тольдон явах талаар асуувал ихэнх хүмүүс толгой сэгсрэх болов уу. Учир нь автобус аль хэдий нь бидний хувьд эргэн тойрон хүндрэлтэй асуудлаар дүүрэн механизм хөдөлгүүр болсон. Гэвч цаг мөч бүхэн тийм байсангүй. Чехийн улаан автобусанд суугаад Улаанбаатар хотоор аялж болдог байв. Ганц гэлтгүй олон хүний бага насны дурсамжинд энэ автобусны өнгө, цонхоор нь гэрэлтэн харагдах хотын хуучин барилгууд хадгалаастай буй биз ээ. Тэдний нэг нь энд өгүүлэн буй эрхэм юм.

    “Бага насны өдрүүдэд минь үлдсэн Улаанбаатар хотын дүр төрхийг санах төдийд Чехийн улаан автобус санаанд буудаг. Манай байрны хүүхдүүд сургуульд орсон цагаасаа хойш өөрсдөө автобусанд суугаад хотоор тэнэдэг болсон. Түүнийгээ бид “Сити тур” гэж нэрлэдэг байлаа. Их сургуулийн автобусны буудал манай гэрээс 100 гаруйхан метрийн зайд оршдог байв. Бид тэндээс суугаад Нисэх, Яармагийн эцэс хүртэл автобусаар зугаалж, хоттойгоо танилцдаг байсан. Бүгд л хотын хаана юу байгааг мэддэг болчихсон байлаа. Энэ бүхнээс үзэхэд тухайн үеийн хотоос маань амар амгалан мэдрэгддэг. Суурин иргэншилтэй, хот мөн үү гэвэл мөн байсан. Гэвч орчны нөлөөлөл нь хэнд ч айдсын мэдрэмж өгч байгаагүй. Осол аваар, хүүхдийн хүчирхийлэл, элдэв төрлийн хорт зуршил, хүний наймаа зэрэг өнөөгийн нийгмийн олон хурц асуудлуудаас ангид хотод бид өсөж торнисон. Ээж, аав нар маань хүртэл бидэнд санаа зовох шаардлагагүй амар тайван аж төрцгөөж байж дээ. Тэр хэрээр бид хотыг өөрсдийнхөөрөө таньж мэдсэн”.

Өсөж төрсөн орон хот, түүн доторх амар амгаланг өөрийнхөөрөө олж нээх нь уран бүтээлч хүнд тохиох онцгой аялал мөн. Энэ нь зөвхөн өөрт оногдох эрх чөлөөт байдал, амгалан тайвнаас гадна бүдэгхэн саарал хотын цемент, барилга байгууламжийн дүнсгэр хана, ганцаардлын орь мэдрэмжийг ч эн тэнцүүхэн хуваана гэсэн үг. Тэр нь яг одоо дурсамжид хадгалагдаж үлдсэн бага насны нийслэл хотын дүрээр илрэнэ. Өдгөө түүний тоглон наадаж, үзэж өссөн нийслэлээс үлдсэн зүйлс нь цаг хугацаа урагшлах бүр улам л бүдгэрсээр байна. Олон арван архитекторуудын ур ухаан шингэсэн хуучны жар, далаад оны барилга байшингуудыг нурааж, орчин үеийн гоёмсог шилэн барилгуудыг сүндэрлүүлэх нь бидний хөгжлийн хэв маяг болжээ. Үүнийг л бид хөгжил гэж хардаг. Гэвч зуу зуу мянган жилийн түүхтэй их хотууд эртний өв уламжлалаа тээсэн барилга байгууламжуудаа хэвээр нь авч үлддэг. Гэтэл энэ цаг үед бид хөгжлийг зөвхөн шилэн өндөр барилга, неон гэрлийн үргэлжийн мөнхийн хөдөлгөөнөөр төсөөлсөөр байвал түүний болоод тухайн үеийн хүмүүсийн бага насны дурсамжийг хадгалсан тоосго ч үлдэхгүй  Яг юуг хөгжил гэж нэрлэх вэ? Тэнгэр баганадсан барилгуудын ёроолоор сүүхийлдэн алхаж, нүсэр хотын ёроолоор толгой гудайн шогших нь лав монголчуудын мөрөөдсөн хөгжил биш.

Тэр үүнд эмзэглэдэг. Учир нь багачууд түүн шиг орон хоттойгоо чөлөөтэй танилцаж, өөрсдийнхөөрөө нээх боломж энэ цаг үед үгүй. Хүүхдүүд зөвхөн аав, ээжийнхээ үзүүлсэн газраар л явна. Ямар нэгэн хараа хяналтгүйгээр гадагш гарах боломж хүн төрөлхтөн хөгжиж, суурин иргэншилд нэгдэхийн хэрээр улам л хомс болж буй.

“Тэдний сэтгэхүй баригдмал ахуйд хүлээстэй байна. Магадгүй зарим талаар өөрийгөө хөгжүүлэх, бие даан суралцдаг, оюун чадамж өндөртэй болсон. Гэвч олны хүрээлэл дунд орохоос айж эмээдэг бүхэл бүтэн үе бий болж байна шүү дээ. Мэдээж би ч бас охиноо “хотоор сайхан тэнэчихээд ир” гээд ганцааранг нь явуулж чадахгүй. Өнөөгийн нийгмийн энэ баригдмал хүлээс хүүхдүүдийн сэтгэхүйг чөдөрлөж байгаа нь үнэн”.

Өөр олон эмзэглэл, басхүү бага насных нь дурсамж, эргэн тойрны хүрээлэл, төрөлхөөс заяасан нэг юм түүнд бий. Ингээд л тэр гартаа үзэг барьжээ. Тэрээр “Их Монгол” дээд сургуулийг сэтгүүл зүйн мэргэжлээр төгсөж, “Эх орон” телевизэд 2012-2015 он хүртэл ажиллахдаа “Эсрэг цаг” урлагийн шүүмжийн нэвтрүүлэг, “Бага тойрог” хотын соёлын сэдэв бүхий теле сэтгүүлийг санаачлан редактор, хөтлөгчөөр нь ажилласан юм.

Ерөөс хувь хүний ажил мэргэжил, уран бүтээлч чанарт бага насны дурсамж, түүнээс үүдэн бий болсон дотоод эмзэглэл ямар нэг хэмжээгээр нөлөөлдөг болохын тод жишээ энэ. Он цагийн мөнхийн эргэлтэд хуучирсан дурсамж руу заримдаа өнгийж, ирээдүй цаг руу тэмүүлэхдээ ороо бусгаа нийгмийн элдэв чамирхал, солиорол дундаас сугарч оюун санааны боловсролд анхаарал хандуулах болвол гартаа үзэг барих л хамгийн зөв сонголт байх биз ээ. Өдгөө тэрээр пиар, маркетингийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Медиа Икс” агентлагийг үүсгэн байгуулж, идэвхтэй ажиллаж байна. Гэвч уг ажлаас тэс ондоо дүр төрх, уран бүтээлчийн талаар бид цааш өгүүлнэ. Тэнд бичигдэх нэрийн зүүлт нь “зохиолч Ө.Үлэмжтөгс” юм.

ОРГОХ ТАСАЛБАРЫН ОРШИЛД

Огт өөр хэлбэрийг шүлгүүддээ бүтээж, бусдаас этгээд дүрийг өгүүллэгүүддээ урлаж байв. Гэвч Ө.Үлэмжтөгсийн үргэлжилсэн үгийн анхны туурвил нь “Абсурд зүүдний хот” хэмээх постмодернист роман. Гол дүрийн өгүүлэгч баатрын зүүдэнд өрнөх үйл явдлууд тэр чигээрээ романы өгүүлэмжийг бүрдүүлнэ. Булан бүрт угтдаг нэгэн ижил хувцастай эмэгтэй, бух тэрэг хөллөсөн галт тэрэгний өртөө гээд зохиолын үйл явдал өрнөх газрууд, цаг хугацааны “эпос” хэлбэрдэл нь уншигчийн сонирхлыг эрхгүй татна.

      “Мэдээж цаг хугацааны явцад бид үргэлж суралцаж, өсч дэвжсээр л байдаг. Тухайн үед бичигдсэн “Абсурд зүүдний хот” роман хэл найруулгын хувьд алдаа их байсан. Бусдаар бол үйл явдал, хэлэх гэсэн санаа нь шинэлэг байж чадсан. Би өөрөө зүүдэнд их сонирхолтой учраас тухайн үед зүүдний тухай роман бичих хүсэл төрсөн юм. Мөн монгол хэлэнд “давсанд явах”, “түмэн сохрын өртөө” зэрэг хэлц үг байдаг даа. Үүн дээр л тогтолт хийхийг оролдсон. Мэдээж давсанд явсан хүн давсаа аваад ирвэл юу болох бол хэмээн бодож, энэ санааг хөгжүүлсэн”.

Мэдээж тус роман бол зохиолчийн анхны уран бүтээл гэх тодотголоос үүдэлтэйгээр туршиц, эрэлхийллийн шинжтэй. Гэвч бүх хэрэг хөлбөмбөг үзэж суугаад давсанд явснаар эхэлж буйгаас үзвэл дүрүүдээ хаа нэгтээх хязгаар алсаас бус өөрт хамгийн дөт, магадгүй өөрийгөө романы “би” баатрын дүрд хувиргасан болов уу гэж санана. Тэгээд ч абсурд хэмээхийн учир үйл явдал зөвхөн ганц жимээр цуваа хэлбэрт оршихгүйгээр үл барам шугаман бус байдлаар өрнөх нь төрөл жанрын хувьд огтоос гажаагүйг илтгэнэ. Мөнөөх л нийслэл Улаанбаатар, 90-ээд оны эхэн үе, түүнээс хойших нийгмийн төрх байдал, хүмүүсийн зан төрх романд басхүү тодорхой байр суурь эзэлдэг. Түүнээс гадна “Давсны хот”, Токио, абсурд жүжгийн эцэг Беккетийн гудамжинд Годотой уулзахаар яаран яваа хэсгүүд ч романы дараагийн үйл явдлын зорчих буудлыг гол дүртэй холбож өгдөг. Хот, гудамжууд тэгээд бас дахин хот.

ОДОО ЭХЛЭХ ҮҮ? ХААНААС? ХЭЛБЭРЭЭС...

Бүтээл өөрөө төрдөг үү? Бүтээлийг төрүүлдэг үү? гэх асуулт бий. Гэвч Г.Аюурзанын өгүүллэгт дурлалыг зохиож болдог шүү дээ. Энэ дэлхийн ганцхан талтай зүйл гэж үгүй. Тэгэхээр уран бүтээлчид мэргэн санаа төрж болно. Харин түүнийг боловсруулах үйл явдал нь хамгийн чухал юм.

   Нөгөөтээгүүр уран бүтээлчийн сэтгэл зүйд туссан бага насны дурсамжийн талаарх төсөөлөл уншигчдад хэрхэн хүрдэг бол... Дурсамж нэг бол хүйтэн, эсвэл халуун, гэрэл цацруулсан цагаан тагтаа, нэг бол сүүдрээс нь гарах аргагүй аварга том тас шувууны дүрээр биежин үзэгддэг. Эцэстээ эх адаггүй хүйтэн туйл, халуун цөл болж хувирна. Харин энэ бүхний дараа уран бүтээл бол өнгөрсөнд үлдсэн эртний дурсамжийн далайд живээгүй хөлөг онгоц мэт л санагдана.

Ө.Үлэмжтөгстэй их сургуулийн гудамд тааралдах үед үргэлж эрчимлэг, хурц араншинтай мэт санагддаг энэ эрхэм хот бол миний сэтгэхүй дэх эрх чөлөөний цорын ганц сонгогдсон талбар хэмээн үг, үйлдэл бүхнээрээ илтгэн харуулдаг байлаа. Тэр өөрөө цоо шинийг сонирхогч, илэрхийлэгч, бүтээгч. Харин бүтээсэн болгон нь онц дүнтэй биш л дээ. Ямар ч уран бүтээлийн сайн, мууг цаг хугацаа дэнсэлдэг хойно доо. Хамгийн гол нь хуучнаа давтах бус тэднээс шүүрсэн олзыг цоо шинээр найруулан тавьж, эсвээс “шугамдсан цаас өгвөл бусдаас тэс ондоо” бичихийг эрмэлздэг нь л чухал чанар.

     Тэрээр 2014 онд “Иргэншлээс оргох тасалбар” нэртэй урбан өгүүллэг, абсурд жүжгийн номоо хэвлүүлэв. Номын өмнөтгөлдөө зохиолч “Амьдран буй эл хот, энэ хотын иргэддээ огт зохицоогүй хурдан хэмнэл, өдөр бүхэн нь ялгагдах юмгүй нэгэн хэвийн амьдрал тэднийг залхаасан юм. Дүрүүд маань энэ хотыг жигшин зэвүүцэх болсон ч хөдөө буйд нутагт бүтэн нэг ч сар амьдарч тэвчихгүй улс билээ. Гэхдээ энэ мухардмал нөхцлөөс гарах хаалгыг олсон нь тэд “Иргэншлээс оргох тасалбар”-аа захиалчихсан билээ” хэмээн бичжээ.

Нэг ёсондоо иргэншлээс оргох тасалбар гэхээр юу билээ. Үхэх тасалбар. Тэгж байж л арга мухардсан байдал, амьдралын ердийн агаад хоржоонтой даажинг сөрж чадна. Тиймээс номын өгүүллэгүүдийн ихэнх нь ямар нэгэн байдлаар үхлийн сэдэвтэй. Тэдгээр хөөрхийлөлтэй баатрууд хүний санаанд оромгүй үйл явдалтай учир, хэтийдсэн зөн совинд итгэж, элдэв зуршлынхаа үнэнд автаж иргэншлээс оргодог. Өгүүллэг, ерөөс хүүрнэл зохиолд дүр босгох хамгийн чухал. Тэгвэл Ө.Үлэмжтөгс эдгээр өгүүллэгүүдээ бий болгохдоо дүрийг ямар хувцас өмссөнөөс авхуулан зан араншин, гадаад дүр төрхийн хувьд ч дүрслэн нуршсангүй. Харин тэдгээрийн зан чанар, үйлдэл, дотоод дуу хоолойн монолог нь өгүүллэгийн дүрийг аажим аажмаар уншигчийн нүдний өмнө өрж, нэгэн бие цогцсыг бүтээдэг. Гэвч яг л бүрэн дүүрэн дүр биежиж дуусах тэрхүү мөчид л дүрүүд нь хэдийнэ уншигчийн нүдний өмнө замхарч эхэлдэг онцлогтой.

    “Цоожтой гүүр”, “Шинэ тавилга”, “Нуугдаж тоглоё” өгүүллэгүүд бол дүрийн эд юмстай харилцах, тэдгээрийг амьтай мэт биежүүлэн бодох, эдгээрээс үүдсэн хараал болоод ёрлолын хүчин итгэх зэргээрээ японы адал зохиол Рампо юм уу, эсвээс эд юмсаар амьдралын бүхий л хэрэгцээгээ орлуулан суудаг Эдгар Погийн зохиолын баатруудыг эрхгүй санагдуулдаг.

Ямартаа ч тус өгүүллэгүүдийн төгсгөл ямар нэгэн уран зөгнөл, эсвээс төсөөллийн орон зайн шилжилтүүд, хийсвэрлэлийн чимххэн хольцтой ч бодит ахуйн бэлгэдлүүдээр дам холбогдсон байдаг. Жишээ нь, “Нуугдаж тоглоё” өгүүллэгт найзуудтайгаа нуугдаж тоглосноор сүүлдээ амьдралаас, бусдыг иддэг зарим агуулга, зарчмуудаас хүртэл насан туршид нуугдаж, үхэлтэй тэмцэлдэх болдог шүү дээ. Санааг тун чамбайруулан хөгжүүлж, гүйцэтгэлийн урыг эцэст нь тулгасан. Зөрчил, үйл явдлын өрнөл туйлдаа хүрч эцэстээ хамгийн чухал санаан дээр агуулга илүүтэй тодорно. 

    Харин хэлбэрийн хувьд бол зөвхөн ганц шугаман эргэлтээс илүүтэй өгүүлэмжийн нэлээдгүй олон талт цаг хугацааг ашигласан байх нь бий. Тиймдээ ч заримд нь олон давхар санааг эвлүүлсэн мэт санагдаж болох ч үйл явдлын холбогч хүчин зүйлсийг алгасаж харайснаас бус дэс дараа огт алдагдаагүй байдаг. Ийм ч учраас дан ганц хэлбэрдэлтээр түүний өгүүллэгүүдийг шүүж болохгүй. Ерөөс зохиогчид төлөвшсөн арга барил, бичлэгийн онцлог нь энэ. Бичих авьяас, шинийг эрэлхийлэх онцгой чанар бий боловч урлах ур чадвар, найруулга зүйн тал дээр эдгээр өгүүллэгүүд зарим нэг алдаанууд ажиглагдах нь бий. Харин хэлбэрийн хувьд бол өөр хэрэг.

“Тийм ээ, хэлбэрээс эхлэх нь зөв. Намайг хүмүүс постмодерн роман, урбан жүжиг, триллер өгүүллэгүүд бичлээ, хэлбэр хөөцөлдөж байна гэж ярьдаг. Гэвч аливаа бүтээл концепцтэй, өөрийн гэсэн цогц агуулагатай байх ёстой. Юунд зорьсон, юуг хэлэх гэсэн бэ, уг санаагаа ямар төрлөөр илэрхийлэх вэ гэдгээ бодох хэрэгтэй. Жишээ нь би зүүдний тухай роман бичих боллоо гэхэд урлагийн ямар төрөл жанраар илэрхийлж гаргах вэ гэдгээ шийднэ.  Зүүд гэдэг өөрөө орооцолдсон, утга замбараагүй зүйл. Тиймээс би өгүүлэмжээ биежүүлэхэд постмодерн төрлөөр бичих нь хамгийн зөв сонголт болж байх жишээтэй”.

     Хэлбэрийн тухайд уран бүтээлчийн дээрх хариулт хангалттай биз. Харин иргэншлээс оргох тасалбар дүрүүддээ авч өгснийхөө дараа уран бүтээлч маань харин эсрэг зүг алхжээ. Тэрээр гэрийнхээ буланд шигдэн сууж, өгүүллэгүүд дотроо амьдарч, жүжгийн дүртэйгээ хэрэн тэнэж байснаа буцаж ирэв. Тийнхүү номоо хэвлэлт рүү илгээчихээд хээв нэг “Үндэсний тойм” сэтгүүлд тойм, нийтлэл бичиж, Eagle телевизийн “Иргэний мэдээ” нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж эхэлсэн юм.

Байж болох хамгийн хурц алхмуудыг сонгосон дүрүүдээрээ бахархсан уран бүтээлч яагаад иргэншлийн гүн рүү улам гүнзгий орох болов. Учир нь энэ бол түүний хот. Эндээс зугтах мухардмал байдал нь түүний ая таатай орчин билээ.

ӨНӨӨДРИЙН ТУХАЙ ӨЧИГДРӨӨС АСУУВАЛ

Өнөөдрийн тухай магадгүй өчигдрөөс л асуух хэрэгтэй биз. Энэ бол уран бүтээлчдийн талаар тодорхойлж болох хамгийн зөв зам байж мэднэ. Яг одоо цаг дээрх бодит дүрүүд уран зохиолд хэр олон бэ? Ямагт туулж гарсан, амьдралд нь хүчтэй нөлөөлсөн үйл явдал, гүн гүнзгий мэдэрсэн харуусал, баяр хөөрийн сүлэлдээн, эртний түүхийн сургамж, тэндээс олсон, бусдын нээгээгүй, үзэж хараагүй судалж, танин мэдсэнээ ихэнх уран бүтээлчид хүүрнэдэг. Тэгвэл Ө.Үлэмжтөгсийн хүүрнэлд илрэх болсон өгүүлэмжүүд хаанаас эхтэй вэ гэдгийг түүний өчигдрөөс асуугаад үзье л дээ.

    Тэрээр гурван настайдаа ээжээсээ хагацжээ. Тоглохоос өөрийг мэдэхгүй явсан жаалхүү хагацалтай нүүр тулав. Газар, тэнгэр хоорондоо салан одох шиг жамын хүндийг балчир хөвүүнд хувь тавилан эрсхэн үзүүлжээ.

“Гурван настайд ээж миний нүдэн дээр нас барсан. Хань нь, таван хүүхэд нь бүгд тойроод зогсож байлаа. Гэтэл өвөө намайг өргөж аваачихад ээж минь үнсчихээд “Миний хүүхдүүд бага дүүгээ сайн харж хандаарай” гэж хэлээд өнгөрсөн. Амьдралын кадруудаас хамгийн тод санагддаг мөчүүдийн нэг нь гурван настайдаа үзсэн тэр хагацал”.

     Харин дараагийнх нь тийм ч удаан алгуурласангүй. Гэхдээ тэрээр юмыг өөрөөр харж, хагацал ямаршуухан дүрээр дотор морилж байсныг мартаагүй. Уран бүтээл эмзэглэл, шаналал, хүндээс хүнд хагацлыг гашуунаас л төрдөг нь заримдаа сөрж хүчрэмгүй үнэн байдаг бололтой. Үүнээс шалтгаалан айдас ч нэмэгдэнэ. Ойр дотны нэг нь түүнийг ахин орхихвий гэх айдас. Заримдаа айдас хүнд эр зоригийг, гартаа үзэг барьж байж л тайвширал олж чадах зуршил суулгачихдаг аж.

“Зургаадугаар ангид байхад өвөө маань өөд болсон. Хамгийн хүнд хагацал нь намайг 19 настай байхад  аав маань миний гар дээр, эмнэлэгт өөд болчихсон. Би аавыгаа 40 настай байхад төрсөн хэнз хүүхэд. Аав маань бие тааруу хүн байлаа. Ухаан орсон цагаасаа хойш л аав маань намайг орхиод өөд болчихвий гэдгээс дэндүү их айдаг байлаа. Тэгтэл яг тэр мөчтэй тулгарахад бүх зүйл хоосроод л явчихсан”.

      Үүнээс гадна зохиолуудад нь ажиглагддаг хийсвэрлэл, үхлийн дүр, түүнээс нуугдах хүсэл зохиолчийн оюун санаанд хэрхэн бүрэлдэх болсон талаар сонирхолтой дурсамж ч түүнд бий. Мөн л хүүхэд насанд нь болсон явдал. Өвөөгөө өөд болох үеэр ясанд нь хүрэх ойр дотны хүн могой жилтэй байх ёстой гэж лам айлдаж л дээ. Түүнээс өөр могой жилтэй хүн байсангүй.

Ингээд аав, ах хоёр нь балчир ачийг нь дагуулан нэгдүгээр эмнэлгийн морг дээр очжээ. Үхсэн хүмүүсийн цогцос манан суудаг эмч нарт нормын спирт олгодог. Түүнийгээ уучихсан хоёр согтуу эмч “Олон хүн өөд болсон болохоор танай хүнийг олохгүй байна. Яс барих хүн нь ор” гэв. Ингээд зургаадугаар ангийн хүү төмөр тавцан дүүрэн зуу гаруй үхдлүүдийн дундуур алхаж эхлэв. Өвөөгөө олохын тулд төдий олон үхсэн хүний төрхийг тулж харснаа одоо ч сайн санадаггүй гэх. Орчны хүйтэн агаар, хүүгийн доторх айдас, эвгүйцэм мэдрэмжийн хүйтдээ нийлээд хэрхэж байсныг төсөөлөхөд нэн бэрхтэй. Тиймдээ ч уран бүтээлийнх нь салшгүй, мөнхийн сэдвийн нэг нь “үхэл” болж хувирсан байна.

     “Өөр нэг зүйл бий. Бид үхлийг хуураад явуулж болох уу гэсэн бодол надад нэг удаа төрсөн юм. Би эрлэгийн элч ирэх хоёр тохиолдолтой учирсан. Зуны амралтаар 90 настай өвөөгөө асардаг байлаа. Өвөө тааз руу ширтээд л ямар нэгэн хүн тэнд алхаж буйг дагуулж хараад байх шиг санагдсан. “Өвөө та юу хараад байгаа юм, тэнд хүн байгаа юм уу” гэхэд минь “Хүүдээ хэлчихээр айх болов уу даа, миний хүү ойлгохгүй ээ” гэж хариулсан. Дараагийн тохиолдол нь гэвэл аав маань “Эрэгтэй эмэгтэй хоёр хүн авч явах гээд ирчихсэн байна” гэж ярьдаг байлаа. Анагаах ухаанд үүнийг шизофрин ч юм уу, хий зүйл хардаг өвчин хэмээн тайлбарладаг. Гэтэл аав маань мухар сүсэггүй, шинжлэх ухаанч үзэлтэй хүн мөртлөө үхэл өөрт нь тулсан үед ингэж ярисан. Энд маш том зөрчил харагдаж байгаа биз дээ. Тэндээс л би “Нуугдаж тоглоё” өгүүллэгийнхээ холболтыг хийсэн. Нөгөө талаас гэвэл бид үргэлж л үхлээс нуугдаж амьдардаг шүү дээ”.

Түүний өчигдөр хэн хүнд тохиодоггүй ийм этгээд үйл явдал, бага залуу насны хагацлын гашуун, нясуунтай. Харин тэр өөрөө хэзээ ч эдгээрийн нэгэнтэй учирч яваагүй юм шиг ямагт чигч шулуун, эрс эрмэгхэн дүртэй байдаг. Дээрх тохиолдлуудаас урган гарсан сэтгэл зүйн нөлөөлөл, үхлийн сэдвүүд түүний дараагийн уран бүтээл болох “Хийсвэр үг” номын триллер өгүүллэгүүдэд тусгалаа тод томруун олсон байдаг.

    Магадгүй Ө.Үлэмжтөгс дээрх явдлуудаас үүдэн хотыг зөвхөн тоглож наадах гудамж, талбайгаар бус тэс өөрөөр мэдэрч, өөртөө шинээр нээсэн биз. Хотыг уй гуниг, ганцаардмал байдлыг, тэрхүү нүсэр том байшингуудын хормойгоор сэлгүүцэх бухимдангуй төрхтэй хүмүүсийг ч эвийлэн харж эхэлдэг болсон болов уу гэж санагдана. Уйтгар гуниг, хагацал заримдаа хүнд бусдыг ойлгох, хайрлах хүчийг өгдөг.

ТА ЭНЭ ХОТЫН ЖИНХЭНЭ ЭЗЭН МӨН ҮҮ?

      Тэрээр “Шинэ үнэр” утга зохиолын бүлгэмийн гишүүн. Тэд өөрсдийн бүтээлийг хүмүүст хүргэж, яруу найргийн уншлагыг нийтэд таниулж, дэлгэрүүлэхийг хүссэн. Өдгөө их хотод маань яруу найргийн уншлага тогтмол шахуу болж байна. Харин үүний эхлэлийг тэр, тэдний бүлгэмийн залуус тавьсан билээ. Угаас бичихээс бусад хичээлдээ тааруухан сурагч байснаа нуусангүй. Бичихдээ л хамгийн дуртай учраас сэтгүүл зүйн мэргэжлийг сонгож, хажуугаар нь уран бүтээлээ туурвих болсон юм.

Тиймдээ ч хамгийн сүүлд уншигчдад хүргэсэн “5W1H” романы гол дүр нь эрэн сурвалжлах чиглэлээр бичдэг сэтгүүлч залуу байдаг. Романы үйл явдал говьд өрнөнө. Үүнээс харахад зохиолч говь нутгийн цөлжилт, хариуцлагүй уул уурхай, тэндхийн хүмүүсийн аж төрөхүй, нийгмийн амьдралд тулгамдсан асуудлын талаар олон удаагийн давтамжтай судалж, уран бүтээлээр дамжуулан нийгэмд дуу хоолойгоо хүргэхийн зорьсон нь анзаарагдана. Харин зохиолч өөрөө сэтгүүл зүйн тухайд ийм бодолтой.

     “Сэтгүүл зүйн хэвлэлийн эрх чөлөөний өдөр боллоо. Манай ажлынхан нэг нэгэндээ баяр хүргэж байх үед ахмад сэтгүүлч Ш.Мягмарсамбуу ах надад нэг айхтар үг хэлсэн юм.Тэр нь  “Хурууны хээгээр хязгаарлагддаг хэвлэлийн эрх чөлөө байх ч гэж дээ” гэсэн. Өнөөдөр байгууллага бүрт хурууны хээ уншуулдаг бүртгэлийн систем бий. Ажил үүргээ цаг тухайд нь биелүүлж буй эсэхэд давхар хяналт хийж буй нь тэр. Гэхдээ сэтгүүл зүйд тохиромжгүй. Заавал хурууныхаа хээг уншуулдаг, түүнийхээ цагт баригдаж ажилладаг эрэн сурвалжлахын сэтгүүлч байна гэж үгүй шүү дээ. Энэ бол нэг ёсондоо дөнгө юм”.  

Бид чинь уг нь залуу, ирээдүйтэй үндэстэн. Суурьшмал аж төрөхүйд шилжиж хэдэн зууныг элээсэн улсын дэргэд Улаанбаатар хотын түүх харьцангуй залуу гэдгийг ч бид мэднэ. Тэр ч утгаараа өнөөгийн цахимаас салдаггүй, техник технологи хүчээ авсан нийгэмд ихэнхи хүмүүсийн өөрсдийн үзэл бодлыг гээж хаяхгүйг хичээдэг. Хувь хүний дотоод сэтгэл, үзэл санаа бусдынхаас хамааралгүйгээр оршиж байж л тусгаар нэгнийг бий болгодог билээ. Ө.Үлэмжтөгсийн сэтгүүл зүйн үзэл баримтлал, сүүлчийн романы өгүүлэмж ч яг л ийм эрх чөлөөг эрхэмлэдэг.

  Түүний бүтээлүүдэд гардаг хот, тэдгээрийн дотор орших ганцаардмал, нууцлагдмал хүмүүс ямагт хурц, зоримог шийдвэр гаргах дуртай хүмүүс. Харин тэр өөрөө аливаа зүйл, уран бүтээлээ ч тэр нягт төлөвлөж, удаан хугацаанд бодож байж эцсийн бүрэн гүйцэтгэл сая дууссаны хойно л уншигчдад хүргэдэг. Төрийн ордны хойд талын гурван давхар, арктай цагаан байшинд тэднийх гурван үеэрээ амьдарсан юм. Бага насны бүхий л дурсамжит өдрүүд нь бага тойруугийн энэ л гудамд өнгөрчөө. Ерөөс тус байрны хүүхдүүдийн тоглох гол талбай нь ордны арын цэцэрлэг байв. Тэндээс тэр үеийн найз нөхдөө, бага насны дурсамжуудаа өөртөө хоногшуулж, их хотын шинэ өглөөг урин мандах нарыг харж зогсчээ.

Энэ хотын сайн, муу, уй гуниг, баяр жаргалыг жинхэнэ эзэн, жинхэнэ иргэд жинхэнэ уран бүтээлч нь илүү гүн гүнзгийгээр мэдэрдэг болов уу гэж санана.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Шинэ жил: Баяраар аялах боломжтой үзэсгэлэнт орнууд
2025 онд таны заавал үзэх ёстой байсан ШИЛДЭГ 24 кино
Шинэ жил: Баяраас өмнө амжиж хийх зүйлсийн жагсаалт
АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Фото сурвалжилга: Төв цэнгэлдэх хүрээлэнгийн мөсөн хотхон
    6 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбосон 3.9 км авто замыг ашиглалтад орууллаа
    50 мин
  • М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо
    1 цаг 29 мин
  • Төв талбайд “Крисмасс маркет” ажиллаж эхэллээ
    1 цаг 48 мин
  • Өмнөх арван хоногтой харьцуулахад цасан бүрхүүл 7 хувиар нэмэгджээ
    2 цаг 3 мин
  • ТОЙМ: 2025 онд дэлхий дахинд болсон ОНЦЛОХ 65 үйл явдал
    2 цаг 13 мин
  • Шинэ жил: Баяраар аялах боломжтой үзэсгэлэнт орнууд
    2 цаг 23 мин
  • Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан болно
    2 цаг 25 мин
  • 89 дүгээр цэцэрлэгийн засварын ажил дуусжээ
    2 цаг 36 мин
  • УИХ: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    2 цаг 40 мин
  • ӨНӨӨДӨР: “Жендэрийн мэдрэмжтэй сэтгүүл зүй” сургалт болно
    2 цаг 45 мин
  • Улаанбаатарт 17 градус хүйтэн байна
    2 цаг 50 мин
  • Хяналт шалгалтаар 509 зөрчлийг илрүүлжээ
    18 цаг 7 мин
  • АН: Дэд сайдын томилгоог цуцлахгүй бол ЗГ-ыг огцруулах бичгийг өргөн барина
    18 цаг 42 мин
  • Эрдэмтдийн зөвлөл хагас коксон түлш хэрэглэснээр агаарын бохирдол 40-50 хувь буурсан гэж дүгнэв
    18 цаг 50 мин
  • Өнөөдрийн байдлаар 9000 тонн АИ-92 автобензин байна
    18 цаг 50 мин
  • Мөсний зузаан өмнөх оны мөн үеэс 5-40 см нимгэн байна
    19 цаг 3 мин
  • НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ТАСРАЛТГҮЙ ХАНГАЖ БАЙНА
    19 цаг 32 мин
  • Нүд рүүгээ хийсэн хуруугаа ав, Ерөнхий сайд аа!!!
    20 цаг 36 мин
  • Энэ онд 7 сургууль, 19 цэцэрлэг, 7 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
    20 цаг 46 мин
  • Сурагчдын өвлийн амралтын хуваарь
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
  • Самбо жүдо бөхийн домогт тамирчин, МУГТ, Улсын заан О.Одгэрэл гэж хэн байв?
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Б.Отгонсүх дарга аа, “Дэглий цагаан”-д ДЭГ тогтоож өгнө үү!?
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан арслан Б.Орхонбаяр VS Хурц, бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • В.Путин: Шаардлагатай бол Орос улс "түүхэн газар нутаг"-аа хүчээр булаан авна
  • БАРИМТ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт гэж хэн бэ?
  • Монгол хүний дэглэсэн бүжиг дэлхийн тайзнаа
  • АЛТАН ЦОМ: Улсын заан С.Сүхбат VS Улсын заан Б.Серик
  • ХЗБХ: Улсын ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбатыг томилохыг дэмжив
  • Сэтгүүлчид халдаж, нулимж танхайрсан Ц.Оюунжаргалд шүүхээс торгуулийн ял оноолоо
  • Шинэ жил: Баяраар аялах боломжтой үзэсгэлэнт орнууд
  • НИТХ-ын дарга А.Баяр Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин, суррон хүлээлгэж өглөө
  • Г.Дамдинням: Сайд огцроод шатахууны хараат байдлаас гарах бол маш баяртайгаар буучихна
  • BILLBOARD: 2025 онд дэлхийг доргиосон ШИЛДЭГ 100 дуу
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Төрийн өмчийг хувьчлах, олон нийтэд нээлттэй арилжаалахтай холбоотой тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
  • Шинэ жил: Баяраас өмнө амжиж хийх зүйлсийн жагсаалт
  • Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Сурагчдын өвлийн амралтын хуваарь
  • Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Г.Дамдинням: Сайд огцроод шатахууны хараат байдлаас гарах бол маш баяртайгаар буучихна
  • Сэтгүүлчид халдаж, нулимж танхайрсан Ц.Оюунжаргалд шүүхээс торгуулийн ял оноолоо
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • БАРИМТ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт гэж хэн бэ?
  • НИТХ-ын ажлын алба Улсын архивын үзлэгт хамрагдаж байна
  • Улаанбаатар-Эрхүү чиглэлийн зорчигчийн галт тэрэгний хуваарь гарлаа
  • Б.Отгонсүх дарга аа, “Дэглий цагаан”-д ДЭГ тогтоож өгнө үү!?
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
  • Самбо жүдо бөхийн домогт тамирчин, МУГТ, Улсын заан О.Одгэрэл гэж хэн байв?
  • Тавантолгой түлш ХХК-ийн Лаборатори магадлан итгэмжлэгдлээ
  • НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрт сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллах санал солилцлоо
  • Бизнес дэх төрийн оролцоог багасгаж, хувийн хэвшлийн орон зайг тэлнэ
  • НИТХ-ын дарга А.Баяр Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин, суррон хүлээлгэж өглөө
  • Төрийн өмчийг хувьчлах, олон нийтэд нээлттэй арилжаалахтай холбоотой тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
  • В.Путин: Шаардлагатай бол Орос улс "түүхэн газар нутаг"-аа хүчээр булаан авна
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан арслан Б.Орхонбаяр VS Хурц, бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Нүд рүүгээ хийсэн хуруугаа ав, Ерөнхий сайд аа!!!
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК