“Морин хуур” наадмын хошой шагналт, хөгжмийн зохиолч, УГЗ Довчингийн Цэцэрлэгийн “Эгшиглэнт Цэцэрлэг” уран бүтээлийн цэнгүүн зургадугаар сарын 6-ны 19:00 цагт болно. Соёлын төв өргөөнд болох уг цэнгүүнд МУАЖ А.Долгор, С.Ганзориг, МУГЖ У.Далантай, Ө.Уянга, Ч.Мөнх-Эрдэнэ, О.Хүрэлбаатар, Т.Батсайхан, СТА Т.Дэлгэрмөрөн, Г.Эрдэнэтунгалаг, Л.Чулуунбаатар, Э.Төрмандах нарын дуучид болон “Ньюанс”, “Мотив” хамтлаг, ЦДБЭЧ, “Сүлд” чуулгын уран бүтээлчид оролцох юм.
Тус цэнгүүн нь түүний олноо толилуулж буй арав дахь тоглолт бөгөөд анхных нь 1999 онд “Сэтгэлд мөнхөрсөн ижий” нэртэй болж, түүнээс хойших бүх тоглолтоо хань, СГЗ, яруу найрагч Л.Гаваасүрэнтэйгээ хамтран хийж байжээ.
Монгол түмний сэтгэлд хоногшсон олон дууны дотроос тэрбээр, “Сөрж болдоггүй тавилан”, “Ямархан азаар Монголдоо төрөө вэ”, “Хайрлаарай”, “Тэнгэрийн бүсгүй”, “Зүүдний амраг”, “Хүлээсэн учрал”, “Ханьсахын жаргал”, Үерхлийн дуу”, “Ардын дуу шиг амраг”, “Монгол эгшиглэн” зэрэг 300 гаруй дууны ая бүтээжээ.
Ташрамд дурдахад, алдарт хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын тодорхойлсноор Д.Цэцэрлэг нь язгуурын багш буюу урлагийн сургуулиудад 40 гаруй жил багшилж, улсдаа төдийгүй дэлхийд танигдсан олон алдартай уран бүтээлч төрүүлжээ. Тодруулбал, МУГЖ, дуучин Д.Ширмэнтуяа, Х.Болормаа, Ө.Уянга, Т.Батсайхан, Л.Болдбаатар, Г.Ариунбаатар, СТА, дуучин Г.Эрдэнэтунгалаг, Э.Чулуунчимэг, Б.Болд, Х.Мөнгөнцэцэг болон УГЗ, хөгжмийн зохиолч Н.Халиун, Б.Бат-Эрдэнэ, Ш.Өлзийбаяр, Цэн.Эрдэнэбат гэхчлэн шавь нарыг нь дурдаад дуусашгүй бахархалт нэгэн юм.