Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 19 нэр төрлийн хүнсийг дотоодоосоо бүрэн хангах, цаашлаад бүс нутагт хүнс экспортлогч улс болохоор зорилт дэвшүүлэн ажиллаж буй. Энэ хүрээнд төр, хувийн хэвшлийн 35 байгууллага хамтран ажиллаж, хууль, дүрэм, төсөв санхүү, хөнгөлөлттэй зээл, гааль, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт гээд 114 төрлийн арга хэмжээг хэрэгжүүлж байна.
Ингэхдээ арилжааны 10 банкаар дамжуулан бага хүүтэй, урт хугацаатай хөнгөлөлттэй зээл олгож байгаа юм.
Тухайлбал одоогийн байдлаар “Хүнсний хувьсгал” хөдөлгөөний хүрээнд 1.26 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 2577 иргэн аж ахуйн нэгжид олгож, гол нэр төрлийн 19 хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, хүнсний 52 үйлдвэр ашиглалтад орсноор хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл 37 хувиар нэмэгджээ.
Мөн 2024 онд 269 сая.ам.долларын 71.1 мян.тн мах, махан бүтээгдэхүүн экспортолжээ.
Нүүдлийн болон эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, малын ашиг шимийг бүрэн гүйцэд ашиглах, малчдын орлого, амьжиргааг сайжруулах нь “Хүнсний хувьсгал”-ын амин чухал зорилтын нэг.
Ингэхдээ төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулан цөлжилт, шороон шуурганы эрсдэлийг бууруулах, ногоон хөгжлийг дэмжих, хүнс, хөдөө аж ахуйн кластер, цогцолборууд байгуулах, түүхий эд бэлтгэн нийлүүлэлт, борлуулалтын нэгдсэн тогтолцоо, тээвэр, логистикийн сүлжээ бий болгох, жижиг, дунд үйлдвэрүүдийг дэмжих, шинэ техник, технологи нэвтрүүлэх, боловсон хүчин бэлтгэхэд дөхөм болох юм.