Нийгмийн даатгалын Ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь ажил хөдөлмөр эрхэлж буй нийт иргэдэд маш чухал хуулийн төсөл юм.
УИХ-ын гишүүн Б.Түвшин, Ч.Лолойсамбуу, П.Ганзориг, О.Номинчимэг, Г.Уянгахишиг нарын 41 гишүүдийн өргөн барьсан Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Энэ хүрээнд дараах үндсэн өөрчлөлтүүдийг тусгаад байна. Үүнд:
- Монгол Улсын өмчийн бүх хэлбэрийн хуулийн этгээд, хүнтэй Иргэний хуулийн ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ болон тэдгээртэй адилтгах гэрээ байгуулах ажил, үйлчилгээ эрхлэх хүнийг нийгмийн даатгалд албан журмаар даатгуулагчаас хасаж, гэрээний орлогыг нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүнээс хасах;
- Ажил олгогч ажилтанд олгох хоол, унаа, орон сууцны ашиглалтын төлбөр, түлээ, нүүрс худалдан авахад зориулан мөнгөн хэлбэрээр олгосон хөнгөлөлтийг цалин, түүнтэй адилтгах орлого болон нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүнээс хасах;
- Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг ажилтны нэгэн адилаар тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү хэмжээ тогтоохоор тус тус тусгасан болно.