Монгол Улсын Их Хурлаас Олон Улсын Парламентын холбоотой хамтран явуулж буй "НҮБ-ын хүний эрхийн механизм дахь парламентын оролцоог бэхжүүлэх нь: Хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг болон Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцын хороо" уулзалт хэлэлцүүлэг эхэллээ. Манай улс хүний эрхийн 50 гаруй гэрээнд нэгдэн орсон тул дөрвөн жил тутам иргэдийнхээ эрхийг хэрхэн хамгаалж буй асуудлаар Засгийн газраас олон улсад тайлагнаж НҮБ-ын ээлжит нэгдсэн хэлэлцүүлгээр хэлэлцүүлдэг уламжлалтай.
Уг тайлангийн биелэлт, амлалтыг бодитой болгоход УИХ-аас дэмжлэг өгөх, хяналт, оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай хэмээн үзэж байна. Түүнчлэн Монгол Улс парламентын сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийн квотын тоогоороо Азийн бүс нутагтаа тэргүүлж байгаа боловч нийгэм дэх эмэгтэйчүүдийн оролцоонд хэвшмэл хандлагаар хандах явдал цөөнгүй байгааг анхаарч, өмнө нь уриалсан уриалгуудын хэрэгжилтэд дүгнэлт хийж хэлэлцүүлнэ. Хэлэлцүүлгийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар нар нээж үг хэлсэн бол ОУПХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгонг цахимаар оролцож, мэндчилгээ дэвшүүллээ. Тэд хүний эрхийн талаарх Монгол Улсын Их Хурлын санаачлага, хүчин чармайлтыг онцолж байна. Хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжилнэ.