ХҮН намын дарга Т.Доржхандаас сэтгүүлчид цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.
Тэрбээр "Би маш тодорхой байр сууриа илэрхийлье. Нэгдүгээрт, ХҮН намын даргын хувьд байр сууриа хэлье. Хамтарсан Засгийн газрыг байгуулах нь Монгол Улсын эрх ашиг юм байна гээд анхнаас нь зөв гэж ярьсан. Ийшээ явахгүй бол Монгол хөгжихгүй юм байна гэж Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг санаачилж, улсын 21 аймгаар гурван удаа тойрсон. Нийт 160 сумын иргэдтэй уулзсан. Үр дүнд нь нийт монголчуудын 50 гаруй хувь нь дэмжиж, Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийсэн байдаг. Та бүхэн эргэн санах хэрэгтэй. Өмнөх УИХ-ын 76 гишүүнээс нэг гишүүн нь ганцаараа бүх аймаг, орон нутгаар явж, иргэдтэй уулзсан. Гурван жил явсан ажил. Таван удаагийн оролдлогоос дөрөв нь бүтэлгүй болсон. Хамгийн сүүлд 2023 онд Ардчилсан намын удирдлага солигдож, хэлцэлд хүрч, улсаа хөгжүүлэхийн төлөө бие биедээ дэгээ тавьдаг бус хоёр нам хоорондоо хэрэлддэг тогтолцоог халъя гэсэн. Үүний үр дүн хамтарсан Засгийн газар байгуулагдсан. Ердөө л энэ. Хамтарсан Засгийн газарт ХҮН нам ороход сөрөг хүчин байх ёстой гэж шүүмжилдэг. Хэрвээ ХҮН нам Засгийн газартай хамтраагүй бол хүчтэй сөрөг хүчин байх байсан. Магадгүй орон нутагт олон суудал авах байсан нь үнэн. Энэ бол ХҮН намын эрх ашиг. Тэрнээс Монгол Улсын эрх ашиг биш." гэв.