Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулж үнэ цэн, үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор 2007 онд байгуулж байсан “Эрдэнэс Монгол” компани өдгөө алт, мөнгө, зэс, нүүрс, хүдэр зэрэг ашигт малтмалыг хайх, олборлох, баяжуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 31 компанийг нэгтгэсэн хамгийн том нэгдэл болоод байгаа.
Улсын хэмжээнд бүртгэгдсэн нүүрсний нөөцийн 22, зэсийн нөөцийн 38, жоншны нөөцийн 22, төмрийн нөөцийн 15 хувийг дангаараа эзэмшиж, экспортын орлогын 30 хувийг бүрдүүлдэг гэхээр энэ нэгдэл Монгол Улсын эдийн засагт ямар нөлөө үзүүлдэг нь харагдана.
Энэ хэрээрээ улс төрөөс хол, мэргэжлийн удирдлагаар хангах тусам “Эрдэнэс Монгол” улсын эдийн засагт оруулах хувь нэмэр нь их байна гэдэг нь ч тодорхой байдаг.
Харамсалтай нь бүх Засгийн газрын, бүх ялсан намын хүний нөөц мэргэжил хамаарахгүйгээр “Эрдэнэс Монгол” хийгээд тус нэгдлийн бүрэлдэхүүнд багтдаг компаниуд рүү зүглэдэг, захирлууд нь үргэлж улс төрийн томилгоогоор ирдэг. Ийм гажуудал байдаг учраас л Монгол Улсын эдийн засгийг үсрэнгүй хөгжүүлэх потенциалтай “Эрдэнэс Монгол” нэгдэл алсын хараандаа дурдсан “Аж үйлдвэрийн сэргэлтэд манлайлах үүрэг гүйцэтгэж, аж үйлдвэрийн гинжин хэлхээг оновчтой бий болгох замаар эрдэс баялгийн үнэ цэнийг нэмэгдүүлэх” гэсэн зорилгоо умартчихаад байдаг юм. Улс төрийн нөлөөлөл бүхий хүмүүс удирддаг учраас л “Эрдэнэс Монгол”-оос гаргаж байгаа зарим шийдвэр улс орны эдийн засгийг урагшлуулах бус улам хойш чангаах болчихоод байгаа юм. Саяхан нэгдлийн дарга С.Наранцогт эдийн засгийн үр өгөөжгүй бас нэгэн шийдвэр гаргажээ.
Энэ нь БНСУ-д “Эрдэнэс Монгол”-ын төлөөлөгчийн газрыг нээх тухай. “Эрдэнэс Монгол”-оос гаргаж байгаа бараг бүх бүтээгдэхүүн, нүүрс, жонш, баяжмал БНХАУ-ын нутаг дэвсгэрээр дамжин зах зээлд хүрч байхад хаа байсан БНСУ-д төлөөлөгчийн газар нээх нь эдийн засгийн хийгээд улс төрийн ямар ач холбогдолтой гэж?!
Түүний оронд Эрээнд, Бугатад, Баяннуурт төлөөлөгчийн газар нээвэл нүдээ олсон шийдвэр байх байсан. “Эрдэнэс Монгол” нэгдлийн дарга С.Наранцогт эдийн засгийн ийм үр өгөөжгүй шийдвэр гаргаж байгааг тайлбарлах ганц л зүйл бий. БНСУ-д айти инженерээр боловсрол эзэмшсэн тэрбээр “элэг татаж” ийм шийдвэр гаргажээ гэх өнцөг. Нэг өгүүлбэрээр бол “Эрдэнэс Монгол”-ын захирал С.Наранцогтын БНСУ-д хайртай байдаг “элэг”-ийг эдийн засгийн үр өгөөжгүй газар Төлөөлөгчийн газар нээж төлөх нь ээ.
А.Болдбаатар
Сэтгэгдэл (2)