"Алт-3 аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" УИХ-ын 85 дугаар тогтоол хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг зэрэг асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр "УИХ-ын 85-р тогтоол, Ерөнхийлөгчийн хориг бол хууль гаргаж, хуу дээрэмдэнэ гэсэн үг болоод өмнөх парламентын авлигын түүхийг бодитоор харуулж өгсөн жишээ. Алт-3 аяныг хэрэгжүүлэх хүрээнд тусгай хамгаалалттай газар нутгийг улсын хамгаалалтад авсан УИХ-ын 46, 47-р тогтоолын төслийг яаралтай өөрчилж оруулж ирэхийг УИХ ЗГ-т өгч байгаа үүрэг байгаа байхгүй юу. Үүн дээр Ерөнхийлөгч хориг тавьсан. 47-р тогтоол бол Ноён уулыг тэр чигээр нь хамгаалалтад авсан тогтоол. 46-р тогтоол бол Гутайн даваа-Хөмүүл голын эх ай сав газрыг хамгаалалтад авсан тогтоол. Энэ хоёр тогтоолыг нууцаар, гишүүдийн анхаарал хандуулаагүй үед өөрчлөх гэж оролдлоо. Энэ асуудлыг хэн оруулж ирснийг гишүүд гайхаад байгаа. Засгийн газар оруулж ирээгүй, салбарын сайд нь оруулж ирээгүй. Одоо бараг мэдэх хүн байхгүй. Ажлын хэсэг дээр гэнэт л санал гаргаад, саналыг Байнгын хороо дэмжээгүй. Үүнийг яаж босгодог вэ гэхээр гишүүдийг олон асуудал хэлэлцсэний дараа, анхаарал суларсан, зарим гишүүд гараад явсан үед дэмжээгүй саналыг дэмжье гэж оруулж ирдэг юм байна. Ингээд босчихдог. Энэ бол улс төрийн авлигын инженерчлэл. Өмнөх парламентууд яг ингэж явж ирсэн. Бид улс төрийн авлигын инженерчлэлийг дэмжиж болохгүй. Нөхдүүд дахиж ингэж анхаарал суларсан үед, үдээс хойшоо УИХ-ын нэгдсэн чуулган руу хулгайн замаар, авлига авсан байж болзошгүй, хулгайн хуулийн тогтоол зааврыг оруулж ирмээргүй байна. Өмнөх парламентын гашуун түүхийг давтмааргүй байна. Хууль гаргаад л хуу хамдаг, авлига аваад л сэмхэн шургуулдаг. 126 гишүүн анхааралтай байхгүй бол анх удаа улаан нүүрээрээ тулсан. Ерөнхийлөгчийн хоёр хоригийг хүлээж авах ёстой" гэв.
М.Гал