УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Алт-3” аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2025 оны 85 дугаар тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Агуулгыг нь харахаар эдийн засгийн хориг харагдаад байна. Сая А.Ариунзаяа гишүүн хүний гараар могой бариулна гээд хэлж байсан. Засгийн газар дүлгэнээд их хурлаар нэг юм хийлгэх гэж үзээд, хоёр дох могой барьж байгаа хүн нь Монгол улсын ерөнхийлөгч болж байх шиг байна. Хүн төрөлхтөн алтыг олдворлож эхэлснээс хойш алтны үнэ хамгийн дээд цэгтээ хүрч байна. 3721 америк доллар. Энийг хараад засгийн газар нь инфляцдаа идэгдэж байгаа эдийн засгаа өөдөн татъя, валютын урсгалаа нэмье гэдэг бодлого бариад явсан. Төр нэг зүйлийг тодорхой болгомоор байна. Уул уурхайгаа ашиглах юм уу үгүй юм уу. Дархан цаазтай бол бүгдийг нь дархан цаазат болго. Богд уул дархан цаазат, тусгай хамгаалалттай газар. Нэг энгэрээс нь талх зүсэж байгаа юм шиг зүсэж аваад, байшин бариад, “Зайсан Хилл”гэж бичээд барьчихсан хүмүүс нь одоо энд сууж л байна. Ялгаагүй дархан цаазат төрийн хамгаалалттай газар. Одоо нөгөө талд нь үнэт металлаа олборлоё, улс орныхоо эдийн засгийг бодъё гэхээр ноён уулаас нь 10 км-ын цаана байгаа ордыг ноён уултайгаа холбож зогсоогоод байдаг. Ийм байдлаар бид цаашаа хөгжил ярих боломжгүй юм байна. Шинэ парламент байгаад нэмэр алга, шинэ гишүүд байгаад ч нэмэр алга" гэв.
Б.Туяамарал