УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанд Монголбанкны ерөнхийлөгчөөр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт- ыг томилох санал гаргасныг гишүүд нь дэмжлээ.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаа тул шинэ ерөнхийлөгчийг томилох шаардлага үүссэн байна. МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, хэд, хэдэн томилгоог хэлэлцсэний дотор дээрх асуудал багтжээ. МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал бүлэгтээ Монголбанкны ерөнхийлөгчид С.Наранцогтыг нэр дэвшүүлж байгаа гэдгээ мэдэгджээ.
С.Наранцогт нь Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2022 оны арваннэгдүгээр сард “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон юм.

















































