
Ховор тохиолддог мэдрэлийн эмгэгийн улмаас тайзны амьдралаасаа хөндийрсөн алдарт дуучин Селин Дион эргэн ирэх болсноо зарлаж, цуврал тоглолт хийхээ мэдэгдэв. Дион Парист 10 концерт тоглохоор төлөвлөж байгаа тухайгаа төрсөн өдрөө тохиолдуулан Даваа гарагт цахим хэрэгслээр ярьжээ. Тоглолтууд ирэх ес, аравдугаар сард болно.
"Энэ жил би амьдралынхаа хамгийн сайхан төрсөн өдрийн бэлгийг авч байна" гэж тэр өөрийн Инстаграм хаягтаа нийтэлжээ. Даваа гарагт 58 нас хүрсэн баяр хөөртэй дуучин бүсгүй "сэтгэл хангалуун", "хүчтэй" байгаа бөгөөд бүр бага зэрэг бүжиглэж байгаа гэж нэмж хэлэв.
Тэрбээр мөн "Би догдолж байна, мэдээж бага зэрэг сандарч байна, гэхдээ хамгийн гол нь та бүхэнд талархаж байна. Би та бүхэнд хайртай, удахгүй уулзъя!" гэжээ.
Өнгөрсөн долоо хоногт Парис хотноо түүний янз бүрийн дууны зурагт хуудсууд мэдээллийн самбаруудад хадагдаж эхэлсний дараа Дионы дахин тоглолт хийх тухай цуурхал улам хүчтэй тарсан. Канадын "La Presse" сонин түүнийг 40 мянган хүний суудалтай Парис Ла Дефенсе Арена цэнгэлдэх хүрээлэнд тоглолт хийхээр болсныг мэдээлэв.
Удалгүй Дион өөрийн баталгаажсан Инстаграм хуудсандаа Парист өнгөрүүлсэн олон жилийн зургуудаа цувралаар нийтэлсэн нь бүхний эргэлзээг тайлсан юм.
Л.Баяр


















































