Монгол Ардын Намын бүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр Сангийн сайд З.Мэндсайхан баялгийн сан, татварын багц хууль болон ХАОАТ-тай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Баялгийн сантай холбоотой Засгийн газраас байгуулсан хэлэлцүүлгийг зогсоосон. Цаашид Ашигт малтмалын тухай хуультай уялдуулан өөрчлөлт хийх шаардлагатай гэж үзэж байна. Уул уурхайн сайд ашигт малтмалын хуулийн өөрчлөлтийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлээд УИХ-д өргөн барина. Үүнтэй холбоотойгоор Баялгийн сангийн тухай хуулийг мөн уялдуулан авч явах нь зүйтэй”.
Мөн Засгийн газар татварын дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн барихаар ажиллаж байгааг хэллээ. Харин Ж.Баярмаа болон бусад гишүүдийн өргөн барьсан хуулийн төслүүд нь Засгийн газрын санал биш, хувь гишүүдийн санаачилга гэдгийг онцолсон юм. Тэдгээрийг нэгтгэн хэлэлцэх эсэх нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал гэв.
Түүнчлэн Хувь хүний орлогын албан татварыг нэг хувь болгох асуудалд байр сууриа илэрхийлэхдээ “ХАОАТ нь орон нутгийн төсвийн ихэнх орлогыг бүрдүүлдэг. Үүнийг нэг хувь болгочихвол төсвийн орлого бүхэлдээ буурах эрсдэлтэй. Тиймээс Засгийн газар хөдөлмөр эрхэлж байгаа иргэдээ дэмжих хүрээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх орлогыг татвараас чөлөөлөх хувилбарыг судалж байна” хэмээн мэдэгдлээ.



















































