
Поп од Дуа Липа Өмнөд Солонгосын технологийн гигант "Samsung Electronics" компанийг өөрийнх нь зургийг зөвшөөрөлгүй ашигласан хэмээн шүүхэд өгч, хамгийн багадаа 15 сая ам.долларын нөхөн төлбөр нэхэмжилжээ.
Калифорнийн холбооны шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсанаар "Samsung" компани 2025 онд АНУ-д худалдаалагдсан телевизоруудын хайрцган дээр Dua Lipa-гийн зургийг ашигласан байна. Уг зураг нь “Dua Lipa – Backstage at Austin City Limits, 2024” нэртэй, зохиогчийн эрхээр хамгаалагдсан гэрэл зураг байжээ.
Дуучны өмгөөлөгчдийн мэдээлснээр, "Samsung" түүний дүр төрхийг ашигласнаар хэрэглэгчдэд Дуа Липа тус брэндийг дэмждэг гэх буруу ойлголт төрүүлсэн аж. Мөн компанид зургийг ашиглахаа зогсоох шаардлага хүргүүлсэн ч үл тоомсорлосон гэжээ.
Нэхэмжлэлд зохиогчийн эрх зөрчсөн, худалдааны тэмдэг зөрчсөн, хувь хүний дүр төрхийг зөвшөөрөлгүй ашигласан гэх үндэслэлүүдийг дурдсан байна.
Мөн олон нийтийн сүлжээнд зарим хэрэглэгч “Дуа Липагийн зурагтай болохоор энэ телевизорыг авмаар санагдсан” гэх мэт сэтгэгдэл үлдээсэн нь шүүхийн материалд хавсаргагджээ. "Samsung" компанийн зүгээс “шүүхийн ажиллагаа үргэлжилж байгаа тул одоогоор тайлбар өгөх боломжгүй” гэсэн товч мэдэгдэл хийсэн байна.
Л.Баяр















































