
Иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, залуу хойч үедээ эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх зорилготой “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт Налайх дүүрэгт амжилттай зохион байгуулагдаж байна.
Уг арга хэмжээг Батлан хамгаалах яам (БХЯ), Зэвсэгт хүчний Жанжин штаб (ЗХЖШ), Налайх дүүргийн ЗДТГ болон Монгол цэргийн нэгдсэн холбоо (МЦНХ) хамтран зохион байгуулж, “Уурхайчдын алдар” дурсгалын хөшөөнд цэцэг өргөснөөр эхэллээ.
Чуулга уулзалтыг нээж Батлан хамгаалахын сайд Д.Батлут үг хэлэхдээ “Цэргийн алба бол эр хүн бүрийн бахархал, амьдралын их сургууль юм. Энэхүү чуулга уулзалт нь эх оронч хүмүүжил, үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлж, залуу үеийн сэтгэл зүрхэнд эх оронч үзлийг бадраах их үйлсийн хэсэг юм” хэмээн онцолсон юм.
Арга хэмжээний үеэр төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын зэвсэглэл, техник, “Мөнх дурсагдах баатрууд” явуулын үзэсгэлэнг дэлгэж, “МЦНХ-нийгэмд танигдсан 10 жил”, “Эх орны үнэ цэн” зэрэг видео контентыг танилцуулан, “Тусгаар тогтнол – Монгол цэрэг”, “Гадаад хамтын ажиллагаа-Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын үндэс болох нь” сэдэвт лекцүүд, ЦДБЭЧ-ын үзүүлэх тоглолтуудыг танилцууллаа.
Мөн Монгол улсын ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх Чөлөөлөх дайнд оролцож явсан ахмад дайчдын гэр бүл, үр хүүхдэд илгээлт хүргэж, дайнд оролцож явсан ахмад дайчдын архивын баримт бичгийг “Бид ялав” медалийн хамт гардуулсан юм.
Чуулга уулзалтад УИХ-ын гишүүн Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга дэслэгч генерал С.Ганбямба, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Э.Одбаяр, Монгол цэргийн нэгдсэн холбооны Ерөнхий нарийн бичгийн даргадэслэгч генерал Ц.Тогоо болон төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлага, ахмад дайчид, цэргийн бэлтгэл үүрэгтнүүд, иргэдийн төлөөлөл оролцов. гэж Монгол Улсын Батлан Хамгаалах Яамнаас мэдээллээ.






















































