
Монгол Улсын Их Хурлын Гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Энэ сарын 13-15-ны өдрүүдэд ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад айлчилсан. Тэгвэл үргэлжлүүлээд БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар 2026 оны зургаадугаар сарын 22-23-ны өдөр Монгол Улсад айлчилж байна. Уг айлчлалын хүрээнд доорх ажлуудыг хийхээр тохиролцлоо.

- Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийн харилцааг бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзлээ дахин нотлов.
- Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Энэтхэг Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр ярьж, тохирсон ажлуудыг эрчимтэй хэрэгжүүлэхээр санал нэгдэв.
- Монгол–Энэтхэгийн хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн хэрэгжилтийг саадгүй урагшлуулж, төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахын чухлыг онцлов.
- Худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, худалдааны бүтэц, нэр төрлийг төрөлжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр болов.
- Монголоос Энэтхэг Улсад коксжих нүүрс болон бусад уул уурхайн бүтээгдэхүүн экспортлох боломжийг идэвхтэй судлахаар санал нэгдэв.
- Хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, түүхий эдийн нийлүүлэлт, боловсруулах үйлдвэрлэл, технологийн хамтын ажиллагаа, хүний нөөцийн солилцоог нэмэгдүүлэхээр тохиров.
- Тээвэр, логистикийн шинэ гарц, холболтыг хөгжүүлэх, гуравдагч улсын боомт болон тээврийн коридорын боломжийг хамтран ашиглахаар болов.
- Улаанбаатар–Дели чиглэлд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлыг дэмжиж, агаарын харилцааг өргөжүүлэхээр тохиролцов.
- Боловсролын салбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлж, тэтгэлэг, сургалтын хөтөлбөр, мэргэжил дээшлүүлэх боломжийг нэмэгдүүлэхээр болов.
- Монголын хөдөө орон нутгийн сургуулиудад англи хэл заах, англи хэлний багш бэлтгэх хамтарсан төсөл хэрэгжүүлж, Энэтхэгийн багш нарыг ажиллуулах боломжийг бүрдүүлэхээр тохиров.
- Эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй, мэдээллийн технологи, хиймэл оюун ухааны чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр болов.
- Энэтхэгийн фермерүүдийн малын бэлчээр, эрүүл мэндийг ухаалаг технологиор хянах туршлагыг Монголд нэвтрүүлэх боломжийг судалж, хамтран ажиллахаар ярилцав.
- НҮБ болон бусад олон улсын байгууллагын хүрээнд хамтын ажиллагааг улам бэхжүүлэхээ харилцан нотлов.
- Энэтхэгийн дэмжлэгтэй хэрэгжиж буй Газрын тос боловсруулах үйлдвэр, Энэтхэг–Монголын Найрамдлын сургууль, Мэдээллийн технологи, холбоо, аутсорсингийн төв зэрэг төслүүдийн хэрэгжилтийг сайшаав.

Л.Баяр






















































