Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгыг ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлаар дэмжин баталснаар жил бүрийн долоодугаар сарын 11-ний өдрийг "Дэлхийн адууны өдөр" болгон тэмдэглэх олон улсын шийдвэр гарсан. Ингэснээр Монголын нүүдэлчдийн өв соёл, адууны хүн төрөлхтний хөгжилд оруулсан хувь нэмрийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрсөн түүхэн үйл явдал болсон гэж зохион байгуулагчид онцолжээ.
Энэ жил "Дэлхийн адууны өдөр"-ийг дэлхийн 55 гаруй улс өөр өөрийн онцлог, уламжлалын дагуу тэмдэглэх бөгөөд Монгол Улс энэхүү олон улсын арга хэмжээний гол төв болж байгаагаараа онцлогтой юм.
Баярын арга хэмжээ 2026 оны долоодугаар сарын 10-13-ны өдрүүдэд Хүй долоон худагт болох бөгөөд үндэсний өв соёл, морин спорт, адууны соёл иргэншил, урлаг соёлыг сурталчилсан олон улсын цар хүрээтэй хөтөлбөрүүдийг зохион байгуулахаар төлөвлөжээ. Зохион байгуулагчид иргэдийг гэр бүл, найз нөхдийн хамт хүрэлцэн ирж, Монгол адууны өв соёл болон дэлхийн соёл иргэншилд оруулсан үнэт хувь нэмрийг алдаршуулан тэмдэглэхийг урьсан байна.














































