
Зам, тээврийн яамны холбогдох албан тушаалтнууд зөвшөөрөх хэмжээнээс хэтэрсэн, задрах боломжгүй ачааг түр хугацаагаар зогсоох шийдвэр гарсантай холбоотойгоор орон нутагт үүсээд буй асуудал, хяналт шалгалтаар илэрсэн зөрчлүүд зэрэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
“Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал Д.Оюунболд: "Урин дулааны улирал эхэлж, цаг агаар дулаарч газрын хөрс, замын далангийн өнгөн хэсэг гэсэж буйтай холбоотойгоор авто замд ус чийг ихээр хуримтлагдаж, ачаа даах чадвар, бат бэхийн үзүүлэлт их хэмжээгээр буурдаг. Жил бүрийн 3-4 сар хүртэл, 10-11 сар хүртэл хөлдөлт гэсэлтийн үе тохиодог. Иймд Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй дотоодын болон олон улсын стандартыг мөрдүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг.
Энэ хугацаанд даац хэтрүүлсэн, задрах боломжгүй ачаа тээвэрлэлтийг түр буюу нэг сарын хугацаанд хориглох шийдвэр гарсан. Хяналт шалгалтын хувьд улсын хэмжээнд нийт төлбөр авах 33 цэгт 4-5 байгууллагын хамтарсан ажлын хэсэг хяналт шалгалт хийж буй. Тус цэгүүдэд төлбөр төвлөрүүлэхээс гадна автомашины жин тонныг хэмжиж, зөвшөөрөгдөх дээд хэмжээ буюу 44 тонноос хэтэрсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр зогсоох, зөрчлийг арилгуулах, холбогдох төлбөр хураамжийг хурааж байгаа" хэмээв.





















































