
Ухаалаг гар утасны зах зээлд олон жил үргэлжилсэн Samsung болон Apple-ийн өрсөлдөөн шинэ шатанд орж байна. Самсунг олон нийтэд зориулсан эвхэгддэг утасны шинэ загвар болох Galaxy Z Fold 8-аа танилцуулсан бол Apple ирэх саруудад анхны эвхэгддэг iPhone-оо танилцуулах төлөвтэй байна. Самсунг Лондонд болсон Galaxy Unpacked арга хэмжээний үеэр Galaxy Z Fold 8, илүү өндөр үзүүлэлттэй Galaxy Z Fold 8 Ultra, мөн босоо чиглэлд эвхэгддэг Galaxy Z Flip 8 гэсэн гурван шинэ төхөөрөмжөө танилцуулжээ.

Шинэ Galaxy Z Fold 8 нь өмнөх загваруудаасаа илүү нимгэн, хөнгөн бөгөөд өргөн дэлгэцтэй болсон байна. Утас эвхээстэй үедээ уламжлалт ухаалаг гар утас шиг ашиглагдах бол дэлгэхэд том хэмжээний таблеттай төстэй дэлгэц бий болдог. Тус загварын гадна дэлгэц нь 5.5 инч, доторх үндсэн дэлгэц нь 7.6 инчийн хэмжээтэй аж.
Самсунг эвхэгддэг утасны хамгийн их шүүмжлэл дагуулдаг асуудлуудын нэг болох дэлгэцийн нугалаас, жинг бууруулахад анхаарчээ. Шинэ загварын нугалаас өмнөхөөс бага мэдэгдэхүйц болж, нугасны бүтцийг мөн илүү бат бөх болгосон байна.

Galaxy Z Fold 8-ийн үндсэн хувилбарын үнэ ойролцоогоор 1,900 ам.доллар-оос эхэлнэ. Харин Apple-ийн удаан хугацаанд яригдаж буй эвхэгддэг iPhone-ийн үнэ ойролцоогоор 2,500 ам.доллар хүрч магадгүй гэж шинжээчид таамаглаж байна. Эвхэгддэг утас одоогоор нийт ухаалаг гар утасны борлуулалтын ердөө 1.6 хувийг эзэлж байгаа ч зах зээл хурдацтай тэлж байна. 2026 онд эвхэгддэг утасны борлуулалт ойролцоогоор 20 хувиар өсөх төлөвтэй байгаа аж.
Apple эвхэгддэг iPhone-оо зах зээлд гаргавал энэ салбарын өрсөлдөөн эрс ширүүсэх төлөвтэй. Учир нь Самсунг эвхэгддэг утасны зах зээлд хэдийнэ олон жилийн турш туршлага хуримтлуулсан бол Apple-ийн бүтээгдэхүүнүүд хэрэглэгчдийн сонирхлыг асар ихээр татдаг.
Ингэснээр хэрэглэгчид удахгүй хоёр өөр стратегийн дунд сонголт хийх нөхцөлтэй болох нь. Самсунг эвхэгддэг утасны технологийг улам боловсронгуй болгож, илүү олон хэрэглэгчид хүргэхийг зорьж байгаа бол Apple өөрийн нэр хүнд, экосистемийн давуу талаараа энэ шинэ зах зээлд хүч түрэн орохыг эрмэлзэж байна.
Л.Баяр





















































