
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахууны хангамжтай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, шатахууны нөөц бүрдүүлэлт, импортын нийлүүлэлт болон түр хугацаанд хэрэгжүүлэх зохицуулалтын талаар танилцууллаа.
Тэрбээр "Өнөө шөнийн 00:00 цагаас эхлэн шатахууныг автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор олгож, нэг удаагийн цэнэглэлтийг 50 мянган төгрөгөөр хязгаарлах зохицуулалт хэрэгжиж эхлэнэ. Энэхүү зохицуулалт наймдугаар сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд шатахууны нөөцийг жигд хуваарилах зорилготой. Мөн БНСУ-аас 20 мянган тонн дизель түлш, 20 мянган тонн автобензин, зургаан мянган тонн онгоцны түлш импортлох тохиролцоонд хүрсэн бөгөөд хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд нийлүүлэлтийн гэрээгээ үргэлжлүүлэн байгуулж байгаа.
Монгол Улс одоогоор нэг сарын хэрэглээтэй тэнцэх хэмжээний шатахуун нөөцлөх хүчин чадалтай боловч шатахууны хэрэглээ жил бүр дунджаар 14 хувиар өсөж байна. Иймээс Засгийн газар шатахуун хадгалах 22 сав, агуулах барих ажлыг эхлүүлээд байгаа" гэв.




















































