
Монгол Улсын Засгийн газраас Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэд өнөөдөр /2026.08.20/ Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хууль тогтоомжийн төслүүдийг өргөн мэдүүллээ.
Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэж, бага орлоготой иргэдээ инфляцаас үүдэлтэй өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс хамгаалах, стратегийн нөөцүүдийг тодорхой түвшинд тогтворжуулах зорилгоор төсвийн тодотгол хийж байгаа аж. Тухайлбал, зардлыг бууруулан, чөлөөлөгдсөн эх үүсвэрийг иргэдийн орлого төрийн үйлчилгээ, эдийн засаг, нийгмийн нэн шаардлагатай ахмад настны орлогын баталгааг нэмэгдүүлэх, тэтгэврийн тогтолцооны шударга байдлыг сайжруулах, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн зөрүүг арилгаж, зохицуулалтыг жигдрүүлэх, хүүхэд хаана амьдарч байгаагаас үл хамааран чанартай боловсрол эзэмших боломжийг нэмэгдүүлэх, өрхийн төсвийг үнийн огцом өсөлтөөс хамгаалж, стратегийн нөөц болон эрчим хүчний найдвартай байдлыг хангаж, иргэдээ үнийн өсөлтөөс хамгаалах, төрийн өмчит компаниудын үр ашиг, төсөвт төвлөрүүлэх өгөөжийг нэмэгдүүлэх, төсөв болон гадаад санхүүжилтийн эрсдэлийг бууруулах багц арга хэмжээнд чиглүүлэх зарчмыг баримталсан байна.
Түүнчлэн олон жил ажиллаж их шимтгэл төлсөн иргэн илүү өндөр тэтгэвэр авах зарчмыг бодитоор хэрэгжүүлэх эхний алхам болгож суурь тэтгэврийг хуулиар тогтоосон 2027 оныг хүлээлгүй, 2026 оны 11 дүгээр сараас олгож эхлэхээр төлөвлөлөө. Үнийн өсөлт болон ирж байгаа өвлийн улирлын үед гарах хэрэглээний зардлыг харгалзан 435.0 мянган ахмад настанд сард дунджаар 220 мянган төгрөгийн суурь тэтгэврийг оны сүүлийн хоёр сард олгоход зориулж 196.3 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.
Мөн 2026 оны эхнээс боловсролын салбарын цалин 50 хувь, эрүүл мэндийнх 30 хувь, шинжлэх ухааных 15 хувиар өссөн боловч үлдэх төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин өсөөгүй. Иймд энэ оны 11 дүгээр сараас төрийн үйлчилгээний бүх салбарын цалингийн өсөлтийг 2025 оны суурь түвшнээс 50 хувьд хүргэж жигдрүүлэхэд зориулж 166.3 тэрбум төгрөг тусгалаа. Үүнд боловсролын салбарын 93.5 мянган багш, ажилтны цалинг оны эцэс хүртэл бүрэн олгоход дутуу байсан 674.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэхээр тооцсон байна.
Тухайлбал мах, улаанбуудай, хүнсний ногооны нөөц, хадгалалт, нийлүүлэлтийг тогтворжуулахад 150.0 тэрбум төгрөг тусгасны зэрэгцээ импортын цахилгааны өртгийн өсөлтийг хэрэглэгчдэд шууд үүрүүлэхгүй байх зорилгоор тарифын алдагдалд 107.3 тэрбум төгрөгийн татаас, эрчим хүчний станц, дамжуулах, түгээх сүлжээний их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлд 92.7 тэрбум төгрөг нэмж төсөвлөхөөр тооцжээ. Дээрх арга хэмжээг хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэх зорилгоор төсвийн тодотголын хамт найман дагалдах хуулийн төсөл, Улсын Их Хурлын хоёр тогтоолын төсөл өргөн мэдүүлэхээр боловсруулжээ.
Энэхүү төсвийн тодотголын үр дүнд 2026 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 31.9 их наяд төгрөг, нийт зарлага 34.0 их наяд төгрөг, төсвийн алдагдал 2.0 их наяд төгрөг буюу ДНБ-ий 2.0 хувь байна.























































