
Манай улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элсэн, даян дэлхийн энх тайван, аюулгүй байдал, хөгжил дэвшил, хүний эрхийн төлөөх үйлсэд идэвхтэй оролцож эхэлсний 65 жилийн ой тохиож байна.
Ойг тохиолдуулан Монгол Улсын өнө мөнхөд оршин тогтнохын илэрхийлэл, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, түүх, соёл, эв нэгдэл, цог хийморийн бэлгэдэл болсон 65 метр өндөр Төрийн далбааг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн “Төрийн далбааны цогцолбор”-т өнө мөнхөд мандууллаа.
Ёслолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын дээд түвшний зочид, НҮБ-аас манай улсад суугаа Суурин төлөөлөгчид болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Төрийн тэргүүн үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, эх оронч үзлийг төлөвшүүлэх, төрт ёс, түүхэн уламжлалаа хойч үедээ өвлүүлэн үлдээх, эх орноороо бахархах, улс орноо сурталчлах зорилгоор Төрийн далбааг өнө мөнхөд мандуулах тухай зарлиг гаргасныг Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч бөгөөд Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг уншиж сонордууллаа.
НҮБ-д гишүүнээр элсэх үйл явц амар хялбар, дардан шулуун байгаагүй бөгөөд эх оронч өвөг дээдсийн гавьяа, мохошгүй тэмцэл, хичээл зүтгэлийн дүнд тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа олон улсад хүлээн зөвшөөрүүлж, бататган бэхжүүлснийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэмдэглэлээ.
Өнгөрсөн 65 жилийн хугацаанд Монгол Улс НҮБ-ын идэвхтэй, хариуцлагатай гишүүн байж, энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогоо тууштай баримтлан олон улсын энх тайван, тогтвортой хөгжилд бодитой хувь нэмэр оруулж байгааг онцоллоо.
Мөн НҮБ нь даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлын баталгаа, дэлхийн улс орнуудын итгэл, найдвар болж, илүү сайхан дэлхий ертөнцийг бүтээх хүн төрөлхтний үе үеийн эрхэм хүсэл эрмэлзлийг хэрэгжүүлэх гол тулгуур болсоор ирснийг тодотголоо.
Манай улс НҮБ-ын 101 дэх гишүүнээр элссэнээс хойш тус байгууллагын үйл ажиллагаа, Ерөнхий Ассамблейн ээлжит болон тусгай чуулган, дээд, өндөр түвшний уулзалт, хурал, арга хэмжээнд тогтмол идэвхтэй оролцож ирлээ.
Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд манай 20 гаруй мянган цэнхэр дуулгатан НҮБ-ын Энхийг сахиулах болон Олон улсын цэргийн ажиллагаанд оролцож, дэлхийн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгээд байна.
НҮБ-д цэрэг хандивлагч орнуудын дунд энхийг сахиулагчдын тоогоор 24, энхийг сахиулагч эмэгтэйчүүдийнхээ тоогоор 20 дугаар байрт эрэмбэлэгддэг.
Үүнээс гадна олон улсын энх тайван, аюулгүй байдал, ардчилал, хүний эрх, эдийн засаг, нийгэм, хүмүүнлэг зэрэг 20 орчим асуудлаар 90 гаруй тогтоол санаачилж батлуулсан.
Мөн:
-
“Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статус”,
-
“Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тухай”,
-
“Нийгмийн хөгжилд хоршооллын үүрэг”,
-
“Бичиг үсгийн боловсролын тухай”,
-
“Ардчиллын боловсролын тухай” тогтоол санаачлан НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар хоёр жил тутамд хэлэлцүүлэн батлуулж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”, жил бүрийн 07 дугаар сарын 11-ний өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгохоор шийдвэрлэсэн юм.
Өдгөө манай улсад НҮБ-ын системийн болон төрөлжсөн байгууллагууд, сан, хөтөлбөрийг төлөөлсөн 9 байгууллага үйл ажиллагаа явуулж байна.
Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, байнга мандуулж байх үүднээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан боловсруулсныг 2024 онд УИХ хэлэлцэн баталсан.
Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Орхоны хөндийд шинээр сэргээн байгуулах Хархорум хотын “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн” болон нийслэлийн “Улаанбаатар” цэцэрлэгт хүрээлэнд Төрийн далбааг байнга мандуулж байна.






















































