
2026-2027 оны улиралын томуугийн дархлаажуулалтыг “Томуугийн эсрэг хамтдаа” уриан дор зохион байгуулж, дэгдэлт эхлэхээс өмнө зорилтот бүлгийн хүн амыг дархлаажуулах зорилгоор маргаашаас орон даяар эхлүүлж байна.
Сонгинохайрхан дүүргийн “Баянбигэр” өрхийн эрүүл мэндийн төвд өнөөдөр улирлын томуугийн дархлаажуулалтын нээлтийн үйл ажиллагаа боллоо. Эрүүл мэндийн сайд Э.Батшугар нээлтэд үг хэлэхдээ “Манай улсад томуугийн дэгдэлт аравдугаар сараас эхэлж, 1-2 дугаар сард оргил үедээ хүрдэг. Тиймээс энэ жил вакцинжуулалтыг эрт эхлүүлж, томуугийн дэгдэлтээс өмнө зорилтот бүлгийн хүн амаа дархлаажуулахад анхаарч байна. Өнгөрсөн жил зорилтот бүлгийн хүн амын 99 хувийг дархлаажуулсан. Энэ жил Засгийн газар вакцины хүн тунг нэмэгдүүлж, зорилтот бүлгийн бүх иргэдээ дархлаажуулалтад хамруулахад анхаарч байна. Хамгийн гол нь томуугийн улирал эхлэхээс өмнө дархлааг нь тогтоох юм” хэмээн онцоллоо.
Монгол Улсын Засгийн газар 2025 онд 300 мянган хүн тун томуугийн вакцин худалдан авч, зорилтот бүлгийн хүн амын 99 хувийг дархлаажуулсан байдаг. Харин энэ жил вакцины тоог 500 мянган хүн тун болгон нэмэгдүүлжээ. Ингэснээр энэ жил зорилтот бүлгийн хүн амыг томуугийн эсрэг дархлаажуулалтад бүрэн хамруулах боломжтой болов. Энэ жил ДЭМБ-аас зөвлөмж болгосон, БНСУ-д үйлдвэрлэсэн 4 цэнт вакцинаар сонгож, Засгийн газрын санхүүжилтээр НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан худалдан авчээ. Вакциныг 6 сартайгаас 6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, 65 болон түүнээс дээш насны ахмад настан, архаг хууч өвчтэй иргэд зэрэг зорилтот бүлгийн хүн амд үнэ төлбөргүй хийнэ.
Томуугийн улирал эхлэхээс өмнө дархлаажуулалтыг эрт хийж байгаа нь эрсдэлт бүлгийн иргэдийг халдварын дэгдэлтээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтойг эмч нар хэллээ. Манай улсад 2024-2025 оны томуугийн улиралд хийсэн судалгаагаар 1-5 насны хүүхдийг вакцинд хамруулснаар томуугийн халдварын улмаас эмнэлгийн тусламж авах эрсдэлийг 75.2 хувиар бууруулсан үр дүн гарсан байна. Тиймээс маргаашаас эхлэн улсын хэмжээнд 600 гаруй эрүүл мэндийн нэгжийн 1300 гаруй эмч, мэргэжилтэн зорилтот бүлгийн хүн амыг томуугийн эсрэг вакцинаар дархлаажуулах юм. Эрүүл мэндийн яамнаас иргэдийг дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдаж, өөрийгөө болон гэр бүл, үр хүүхэд, ахмад настнуудаа томуугийн өвчлөл, хүндрэлээс урьдчилан сэргийлэхийг уриаллаа.

























































