
Япон улсын Токио хотноо зохион байгуулагдсан Спорт жюү-жицүгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.
Энэ удаагийн дэлхийн аваргын тэмцээн есдүгээр сарын 3-6-ны өдрүүдэд Токио хотын ЁоЁоги үндэсний биеийн тамирын зааланд дөрвөн өдрийн турш үргэлжилж, дэлхийн 53 орны 6500 орчим тамирчин 16 дэвжээнд ур чадвар, тэсвэр хатуужлаа сорин өрсөлдсөн байна. Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон Arte Suave Mongolia Jiu-Jitsu Academy-ийн тамирчид амжилттай оролцож, хоёр төрлөөс нийт 26 медаль эх орондоо авчирлаа. Тэд дэлхийн шилдэг тамирчидтай өрсөлдөж, техник, тактик, бэлтгэл сургуулилтын түвшнээ харуулан Монголын жюү-жицүгийн спортын амжилтыг дэлхийн тавцанд дахин таниуллаа.
Тэмцээнд оролцсон Монголын тамирчдаас Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны чиглэлийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Ч.Бат-Эрдэнийн хүү хоёр төрөлд өрсөлдөж, хоёуланд нь түрүүлэн хос алтан медаль хүртсэн бахдам амжилтыг үзүүллээ. Ийнхүү тэрбээр дэлхийн аваргын тэмцээнээс хоёр төрөлд аваргын алтан медаль хүртэж, Монголын жюү-жицүгийн залуу тамирчдын нэгэн тод төлөөлөл болж чадлаа.





















































