
Carrefour Mongolia дэлгүүрээр үйлчлүүлж байсан хүүхэд 220 вольтын цахилгаанд цохиулж, нэгдүгээр зэргийн түлэгдэлт авсан гэх мэдээлэл цахим орчинд тархсан. Уг асуудлаар хүүгийн ээжээс тодруулга авлаа.
Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд, Urban Apartment-д байрлах Carrefour Mongolia дэлгүүрээр энэ сарын 5-ны өдөр хүүгийн хамт үйлчлүүлсэн. Гэвч кассын хэсэгт тооцоо хийх үед хүү кассын хажууд байрлах төмөр бариулд хүрч, 220 вольтын цахилгаанд цохиулжээ. Улмаар гартаа нэгдүгээр зэргийн түлэгдэлт авсан байна.

Иргэний мэдээлснээр, тухайн үед дэлгүүрийн менежерт энэ талаар мэдэгдэхэд “хэд хоногийн өмнө мөн хүн цахилгаанд цохиулсан, кассын машиныг салгахад асуудалгүй болдог” гэх тайлбарыг өгчээ.
Мөн түргэн тусламж дуудахын оронд цахилгаанчин дуудсан байна. Түүнчлэн Carrefour Mongolia дэлгүүрээр үйлчлүүлсэн хэд хэдэн иргэн тухайн кассын хэсэгт цахилгаанд цохиулсан талаар өмнө нь гомдол гаргаж байжээ.
Т.Золзаяа























































