
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням БНХАУ-ын Газрын тосны корпорацийн ерөнхий захирал Жоу Шиньхуайтай уулзаж, газрын тос, шатахууны салбарын урт хугацааны хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцжээ.
Уулзалтын үеэр Хятадын тал Монгол Улсад есдүгээр сард 10 мянган тонн автобензин, 4 мянган тонн онгоцны түлш, 3 мянган тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон байна.
Үүнээс гадна Монголын тал есдүгээр сард нэмэлтээр 5 мянган тонн АИ-92 автобензин, 20–30 мянган тонн дизель түлш, аравдугаар сард 10 мянган тонн АИ-92 автобензин, 30–40 мянган тонн дизель түлш нийлүүлэх хүсэлт тавьжээ. Хятадын тал хүсэлтийг шуурхай судалж, нааштай шийдвэрлэх чиглэлээр ажиллахаа илэрхийлсэн байна.
Цаашид шатахууны нийлүүлэлтийг богино хугацааны худалдан авалтаас урт хугацааны тогтвортой гэрээнд шилжүүлж, нийлүүлэх баталгаат хэмжээ, үнийн томьёолол болон төмөр замын тээвэртэй уялдсан тогтолцоо бий болгохоор Си-Эн-Пи-Си болон Петрочайна Интернэшнл компанитай хамтран ажиллахаар болжээ.
Мөн Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбайн 2026–2030 оны хөрөнгө оруулалт, олборлолтын хөтөлбөрийг шинэчилж, шинэ цооног өрөмдөх, нөөцийг дахин үнэлэх, технологийн шинэчлэл хийх замаар олборлолтыг нэмэгдүүлэхээр тохиролцсон байна. Жилийн олборлолтыг 0.8–1 сая тонн хүртэл нэмэгдүүлэх боломжийн талаар техник, эдийн засгийн хамтарсан үнэлгээ хийхээр болжээ.
Монгол Улсын газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулсны дараа түүхий эдээр тогтвортой хангах зорилгоор Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбайгаас олборлох түүхий тосны урт хугацааны нийлүүлэлтийн механизм бүрдүүлэхээр талууд ажиллана.
Энэ хүрээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Си-Эн-Пи-Си, Дачин Ойлфилд болон Монголын газрын тос боловсруулах үйлдвэрийн төлөөллөөс бүрдсэн хамтарсан техникийн баг байгуулж, олборлолтын хэмжээ, газрын тосны чанар, нийлүүлэлт, тээвэрлэлтийн асуудлыг нарийвчлан судлахаар болов.
Талууд мөн нүүрсний давхаргын метан хий, нүүрснээс нийлэг хий болон шингэн түлш үйлдвэрлэх, нүүрсийг гүн боловсруулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцсон байна.
Уулзалтын мөрөөр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Си-Эн-Пи-Си хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, хамтын ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөг батлахаар тогтжээ.
ХуваалцахFacebookX (Twitter)
























































