
Жин хасна гэдэг шинжлэх ухаан. Түүнээс ид шид биш. Дор хаяж нэг жил уйгагүй хөдөлмөрлөж байж сурталчилгааны хуудас дээр байгаа зураг шиг өөрчлөлт гарна. Цаг хугацаатай холбоотой энэ хүчин зүйлээс гадна нэмэлт бүтээгдэхүүнүүд үнэхээр эрүүл мэндэд хор хөнөөлгүй, аюулгүй юу гэдэгт өгөх баталгаа байхгүй.
Бидний ууж, идэж байгаа хоол хүнс, эм тан бүгд элэг, бөөрөөр дамжин цэвэрлэгдэж байдаг. Ингэж бидний дотор “цэвэрлэх байгууламж” ажиллаж байдгийн ачаар бие организм хорт бодисоос хамгаалдаг юм.
Гэтэл хүмүүс эм, эмийн бүтээгдэхүүнүүдийн харилцан үйлчлэлийн хор нөлөөг бодолцолгүй олон янзын нэмэлт бүтээгдэхүүнийг холин хэрэглэдэг. Нэмэлт бүтээгдэхүүний замбараагүй хэрэглээ нь элэгний өвчлөлийн 20 хувийг үүсгэж байна гэдэг судалгааг мэргэжилтнүүд гаргажээ.
Нэмэлт бүтээгдэхүүн нь хүнс эсвэл эмийн зүйл ангийн алинд ч ордоггүй гэдгийг нэг их тод ярьдаггүй. Өөрөөр хэлбэл, түүнийг яаж ангилахаа мэдэхгүй орхисон, завсрын бүтээгдэхүүн гэж хэлж болно. Тиймээс энэхүү завсрын бүтээгдэхүүн нь эцэстээ сая, сая долларын хөрөнгө эргэлдэж байдаг хяналт багатай бизнессийн салбар болон хувирсан байна. Ихэнх оронд нэмэлт бүтээгдэхүүний найрлаган дээр шаардлага тавьж, найрлага тунг нь хянадаг алба байдаггүй гэнэ. Тэгэхээр “тураана, булчин суулгана, дархлаа сайжруулна” гэдэг хүчтэй сурталчилгааны цаана түүхий гурил байхыг ч үгүйсгэх аргагүй.
Амин дэм, микро-элементүүдийг хангалттай авах хамгийн шилдэг арга бол зөв хооллолт аж. Тиймээс уншигчид та бүхэн зөв хооллох аргуудаас уншиж, судалж мэдээрэй.
24tsag.mn