
Энэ сарын 2-ны өдөр Х.Аксент маркийн машинтай 7 залуу Гачууртын замд зугаалгаар явж байгаад осолд орсон ба ослоор Б гэгч эмэгтэй нь газар дээрээ нас барж мөн одоогоор 4 нь сэхээнд, нэг залуу нь хүнд гэмтсэн байдалтай эмнэлэгт хүргэгдэж биеийн байдал нь маш муу байгаа гэх мэдээлэл гарсан. Тэгвэл мэдээллийн мөрөөр тухайн хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Шалгалтын явцад Э.Оргил нь 2014 оны 06 дугаар сарын 02-ны шөнө архи уун согтуурч “Х.Верна” маркийн 25-51 УНВ дугаарын автомашин жолоодож, автомашиныхаа норм хэтрүүлж зорчигч суулгаж Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байрлах тойрог замд явахдаа замын хашлага мөргөж онхолдсоны улмаас зорчигч Т.Байгалмаагийн амь насыг хохироосон болох нь тогтоогдсон байна.
Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэж байгаа бөгөөд тээврийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/