-
2015 оны 7 сарын 07
Шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдааны хүрээнд Сүхбаатар дүүргийн 2-р ажлын хэсэг 3.9.19 дүгээр хорооны 248 аж ахуйн нэгж байгууллагын ажилтай 14 хоног тутам танилцаж, үнэлгээ өгч байна. Уралдаан эхэлснээс хойш аж ахуйн нэгжүүд нийт 381 сая төгрөгийн тохижилт хийж, 2700 кв. метр газарт ногоон байгууламж шинээр бий болгосон.
-
2015 оны 7 сарын 07
Чингисийн талбайд шөнийн цагаар бэлтгэлээ базааж байна
-
2015 оны 7 сарын 07
2005 оны 7 сарын 7-нд Лондон хотноо террористууд бөмбөг дэлбэлж, 52 хүн амь амиа алдсан эмгэнэлт хэрэг болсон билээ. Эмгэнэлт үйл явдал болсноос хойш яг 10 жил болж байна.
-
2015 оны 7 сарын 07
Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхим 2015 оны эхний хагас жилийн байдлаар нийт 671 хэрэг хүлээн авч, 499 хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, 78 хэргийг Ерөнхий шүүгчийн ажлын албанд шилжүүлж, 21 хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцуулахаар хэлэлцэж, 3 хэргийг хяналтын журмаар хэлэлцэхээс татгалзаж, 7 хэргийн харьяаллыг тогтоожээ.
Иргэний хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаан нийт 45 өдөр хуралдаж, өдөрт дунджаар 11,5 хэрэг хэлэлцсэн байна.
Хяналтын журмаар хэлэлцэгдсэн иргэний 499 хэргийн 57.1 хувь буюу 285 хэргийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож, 11.6 хувь буюу 58 хэргийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, 21.5 хувь буюу 107 хэргийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, 9.8 хувь буюу 49 хэргийн шийдвэрийг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгожээ.
Хүчингүй болгосон 58 шийдвэр, магадлалтай хэргээс 84.5 хувь буюу 49 хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, 15.5 хувь буюу 9 хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.
Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн 499 хэргийг эрх зүйн төрлөөр авч үзвэл Иргэний хуулиар 336, Хөдөлмөрийн тухай хуулиар 106, Гэр бүлийн тухай хуулиар 22, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар 18, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар 2, бусад хуулиар 15 хэргийг хянан шийдвэрлэжээ.
-
2015 оны 7 сарын 07
Сэлэнгэ аймаг Сант сумын Ивэн багийн нутаг “Дааган дэл” гэдэг газар иргэн Л (21 настай, эрэгтэй) “Орхон” голын усанд осолдсон тухай дуудлагыг энэ сарын 06-ны өдрийн 12:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 автомашин, 1 завьтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. Түүнчлэн нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны 81 дүгээр байрны 8 дугаар давхрын 36 тоотын тагтан дээр харгалзах хүнгүй бага насны 2 хүүхэд байна гэсэн дуудлагыг энэ сарын 06-ны өдрийн 21:15 цагт хүлээн авчээ. Улмаар нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 6 албан хаагч, ажиллаж, Э (8 настай, эмэгтэй), И (4 настай, эрэгтэй) нарын аюулгүй байдлыг хангаж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.
Мэдээний эх сурвалж: http://time.mn/65090
-
2015 оны 7 сарын 07
Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй халуун ус, сауны газруудад нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас ээлжит шалгалтаа явуулжээ. Шалгалтаар хөгц, мөөгөнцөрт идэгдэж, өндөр эрсдэлд орсон 28 халуун усны газрыг илрүүлсэн байна. Гэхдээ эхний ээлжинд дөрвөн халуун усыг л хаах арга хэмжээ авчээ. Энэ удаагийн шалгалтыг эрсдэл өндөртэй гэгдэх 123 газарт явуулжээ.
-
2015 оны 7 сарын 07
Өчигдөр Грекийн Сангийн Сайдын тангараг өргөх ёслол боллоо.
-
2015 оны 7 сарын 07
Ерөнхийлөгчид Элчин сайд нар ИЖБ барив
-
2015 оны 7 сарын 07
БНЧУ-ын Хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Прага хотын Амьтны хүрээлэнгийн санаачилгаар хэрэгжиж буй ”Монголд Тахь эргэн нутагшуулах, хамгаалах” төслийн хүрээнд энэ оны 7 дугаар сарын 6-нд Ховд аймгийн нутаг дахь Тахийн талд ээлжит дөрвөн тахийг (гүү) унаган байгальд нь тавилаа.
2015 оны 7 дугаар сар 4-ний өдөр Кбелийн тусгай нислэгийн онгоцны буудлаас Чехийн зэвсэгт хүчний КАСА агаарын хөлөг хөөрч эдгээр дөрвөн тахийг нийтдээ 30 гаруй цагийн нислэг үйлдсэний дараа Ховд аймгийн Булган сумд буулт хийж унаган нутагт нь хүргэсэн юм. Ээлжит тахиудыг үдэх арга хэмжээний хүрээнд, Прага хотын Кбелийн тусгай нислэгийн онгоцны буудалд хэвлэлийн бага хурал зохион байгуулагдсан бөгөөд энэхүү хуралд төслийн хэрэгжүүлэгч байгууллагуудын болон ЭСЯ-ны төлөөлөл оролцлоо.
Хэвлэлийн бага хурлын үеэр Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал ноён М.Бобек Чехийн засгийн газрын Хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй “Монголд Тахь эргэн нутагшуулах, хамгаалах” төслийн талаар товч мэдээлэл хийсэн бөгөөд энэхүү арга хэмжээнд ЭСЯ-ыг төлөөлөн оролцсон худалдаа, эдийн засгийн асуудал эрхэлсэн ажилтан Д.Өнөбилэгт ховордож үгүй болоод байсан тахийг Монголын уугуул нутагт нь хүргэж, эргэж нутагшуулахад олон жил их хөрөнгө мөнгө, хүч чармайлт гаргаж буй тус амьтны хүрээлэнгийн нийт ажилтнууд, ачиж тээвэрлэж алс холын Ази тивд хүргэж ирсэн Чехийн цэрэг, иргэний бусад байгууллагуудад болон Чехийн олон нийтэд ЭСЯ-ны нийт хамт олны нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж БНЧУ-ын Засгийн газраас манай улсад олон жилийн туршид үзүүлж ирсэн хөгжлийн тусламжийн дотроос байгаль орчинд ээлтэй, чех, монголын олон нийтийн талархлыг хүлээсэн хамгийн үр өгөөжтэй, оновчтой төсөл хэмээн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөнийг цохон тэмдэглэсэн байна.
БНЧУ-ын засгийн газрын Хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Прага хотын Амьтны хүрээлэнгийн санаачилгаар 2011 оноос хэрэгжиж буй ”Монголд Тахь эргэн нутагшуулах, хамгаалах” төслийн хүрээнд Монгол улсын Хомын тал болон Тахийн талд нийт 19 тахийг унаган байгальд нь тавиад байна.
-
2015 оны 7 сарын 07
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр БНСУ-ын Парламентын гишүүн, Боловсрол, соёл, спорт, аялал жуулчлалын байнгын хорооны дарга Сол Хүүнийг хүлээн авч уулзан хоёр орны боловсрол, соёл, шинжлэх ухааны цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Энэ үеэр БСШУ-ны сайд Л.Гантөмөр БНСУ-ын Засгийн Газрын тэтгэлгээр суралцах Монгол оюутны тоог нэмэгдүүлэх, БНСУ-ын санхүүжилтээр Монгол улсын ЕБС-уудад дэвшилтэт технологид суурилсан хичээлийн “ухаалаг анги”-ийг олноор нийлүүлэх, Монгол, Солонгосын багш солилцооны хөтөлбөрийн хамрах хүрээг улам өргөжүүлэн үргэлжлүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Харин БНСУ-ын Парламентын гишүүн Сол Хүүн түүний саналыг дэмжиж байгаагаа илэрхийлэн БНСУ-ын Боловсролын сайдад энэ тухай уламжилж, түүнийг Монгол улсад айлчлах үеэр энэ асуудлууд нааштайгаар шийдэгдэнэ гэдэгт итгэж байна гэв. Уулзалтын төгсгөлд тэрээр БСШУ-ны сайд Л.Гантөмөрийг БНСУ-д ажлын айлчлал хийхийг урилаа.
-
2015 оны 7 сарын 07
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулав
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдөр /2015-07-07/-ийн хуралдаанаар Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг дагалдан өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд, “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Аж үйлдвэрийн сайд Б.Эрдэнэбат танилцуулга хийхдээ, Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл 2014 онд оны үнээр 12.2 их наяд төгрөг болж өссөн хэдий ч энэхүү өсөлтөнд уул уурхай, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдэд тулгуурласан, технологийн агууламжгүй бүтээгдэхүүний үйлдвэрлэл ихэнх хувийг эзэлж байна. Түүнчлэн аж үйлдвэрийн гол салбар болох боловсруулах үйлдвэрлэлийн салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ ДНБ-ний 8.9 хувийг эзэлж байгаа нь бусад орны боловсруулах үйлдвэрийн түвшинтэй харьцуулахад харьцангуй доогуур байгааг тэмдэглэв
Иймд манай орны хувьд технологийн хоцрогдлыг багасгах, үндэсний тэргүүлэх чиглэлийн технологиудыг дотооддоо шинжлэх ухаан, мэдлэгт тулгуурлан бий болгох, шаардлагатай технологийг гаднаас авч нутагшуулан, үйлдвэрлэлд нэвтрүүлэх улмаар эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэхийн тулд судалгаа хөгжил, технологи хөгжүүлэх чиглэлийн хөрөнгө оруулалтыг аж үйлдвэрийн салбарт нэмэгдүүлэх, экспортын чиг баримжаа бүхий үнэ цэнэ шингэсэн боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих харилцааг зохицуулах “Үйлдвэрлэлийг дэмжих тухай” хуулийн төслийг боловсруулсан тухай сайд танилцууллаа.
Дараа нь гишүүд дээрх хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж улмаар санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр болов.
Байнгын хорооны гишүүд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Хэлэлцэж буй хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хурааж, тухайлбал,“ энэ хуулийн 15.3-т заасан нөхцөл, шаардлага хангасан албан татвар төлөгчийн тухайн татварын жилд албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгох”, “Албан татвар суутган төлөгч хоорондын бараа борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн тухай бүрд төлбөрийн баримт олгох бөгөөд уг баримтуудыг дангаар эсхүл хамтатган нэмэгдсэн өртгийн албан татварын падаан баримт үйлдэнэ” гэсэн зэрэг заалт, хэсгийг өөрчлөн найруулж, төслийн “Нэгдсэн ба хэрэглэгчийн систем” гэсэн 17 зүйлийг өөрчлөн найруулсан байна. Үүнд, тухайлбал, нэгдсэн систем хариуцагч нь нэгдсэн системийн хэвийн үйл ажиллагааг хангах, хэрэглэгчийн системийн дамжуулсан мэдээллийг үндсэн системийн санд бүрэн, үнэн зөв нэгтгэх, эрх бүхий этгээдэд тайлагнах зэрэг үүрэгтэй байхаар тусгагджээ.
Үүнээс гадна хуулийн дагаж мөрдөх хугацааг 2016 оны 01 дүгээр сарын 01-нээс мөрдөх саналын томьёолол олонхын дэмжлэг авлаа.
Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэхээр товлосон байв. Гэвч УИХ дахь МАН-ын бүлэг уг асуудлаар ажлын 5 хоногийн завсарлага авах санал гаргасан тул хэлэлцүүлгийг хойшлуулав гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
-
2015 оны 7 сарын 07
Долоодугаар сарын 7-ны Мягмар гарагт нийслэлийн хоёр дүүрэгт цахилгаан хязгаарлана.
Маргаашнаас буюу долоодугаар сарын 8-аас долоодугаар сарын 20-ны хооронд нийслэлд цахилгаан хязгаарлахгүй.
-
2015 оны 7 сарын 07
Сүхбаатар дүүргийн 13 хороо буюу Таван буудалд өнгөрсөн оны есдүгээр сард СЭҮ 00-23 дугаартай цагдаагийн автомашин урсгал сөрж явснаас зам хөндлөн гарч явсан 12 настай охиныг мөргөж амийг нь хөнөөсөн ноцтой хэрэг гарсан. Тухайн үед урсгал сөрж яваад осол гаргасан СЭҮ 00-23 дугаартай цагдаагийн автомашин дотор Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Цагдаагийн хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Саранбаатар жолооч Ц.Ууганбаатарын хамтаар явж байсан бөгөөд дэд хурандаа Б.Саранбаатар жолоочдоо урсгал сөрөх үүрэг өгснөөр энэ хэрэг гарсан байдаг. Анхан шатны шүүхээс Ц.Ууганбаатарт дөрвөн жилийн ял оноосон. Өнөөдөр 10.00 цагт Давж заалдах шатны шүүх дээр Ц.Ууганбаатарт холбогдох хэргийн шүүх хурал болно. Хохирогч болон шүүгдэгч талын төлөөлөл болон өмгөөлөгч нь Ц.Ууганбаатарын дарга Б.Саранбаатар энэ хэрэгт ямар нэгэн холбоогүй байдлаар гарсанд хохиролтой байгаагаа хэлж байсан юм. Учир нь түүний хууль бус тушаал дээрхи хэрэгт нөлөөлсөн учраас ямар нэгэн хариуцлага хүлээх ёстой хэмээн үзэж байгаа юм.
-
2015 оны 7 сарын 07
Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн VI хуралдаанаар аймгийн Тахилгат хайрханыг тахих товыг зарлах, аймгийн боловсролын талаар баримлах бодлогыг батлах, улсын нөөцийн ашиглалт хамгаалалтын тухай хэлэлцүүлэг, “Байгаль орчин иргэдийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлгүүдийн тайлан, мөн аймгийн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх талаар хэлэлцсэн байдаг.
Түүнчлэн, нутгийн өөрөө удирдах ёсны байгуулагын 20 жилийн ойг өчигдөр тэмдэглэсэн байна. Харин аймгийн баяр наадмыг долдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд зохион байгуулахаар тогтсон ажээ.
-
2015 оны 7 сарын 07
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан Төрийн ордны “А” танхимд үргэлжилж байна. Тус хуралдаанаар Эрүүгийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж буй юм. Ингэхдээ ажлын хэсгээс оруулж ирсэн саналын томъёоллоор санал хураалгаж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан, О.Баасанхүү нар Эрүүгийн тухай хуулийн төслийг дэмжих боломжгүй байгаа тул ирцээс албан ёсоор хасагдаж хуралдаанд оролцохгүй болж буйгаа мэдэгдэж, хурлыг орхин гарлаа.
Ингэснээр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааны ирц 50 хувьд хүрэхгүй болж 42.1 хувь болж буураад байна.
Ирц 50 хувьд хүрээгүй байхад Эрүүгийн тухай хуулийн төслөөр санал хураах нь эцэстээ хууль зөрчсөнд тооцогдож, асуудал Үндсэн хуулийн цэцэд очих болно гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан тодотгож байсан ч УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат “Явах нэг нь явна л биз, хуралдаан үргэлжилнэ” гэснээр санал хураалт үргэлжилж байгаа юм.
Одоогийн байдлаар Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж, С.Эрдэнэ, Х.Тэмүүжин, Ц.Оюунгэрэл, Р.Гончигдорж нар оролцож байна.
Онцлоход, өнгөрсөн баасан гаригт хуульч гишүүд болох Ц.Нямдорж, Ц.Оюунбаатар, Л.Цог, О.Баасанхүү, Ж.Батзандан нар Эрүүгийн тухай хуулийн төслийг энэ хэлбэрээр дэмжих боломжгүй учраас байнгын хорооны бүрэлдэхүүнээс гарна гэдгээ мэдэгдсэн юм. Тэд хуулийн этгээдэд ял өгөхийг эсэргүүцэж байгаа төдийгүй энэ хууль батлагдсан нөхцөлд хөрөнгө мөнгөтэй нь гэрийн хорионд нэртэй цайгаа уугаад суух, хөрөнгө мөнгөгүй ядарсан иргэн нь шоронд суух нөхцөл бүрдэнэ гэж байр сууриа илэрхийлсэн юм.
Мөн автын хэрэг Эрүүгийн хуулиар шийтгэгдэхгүй болж буй нь ноцтой гэсэн асуудлыг ч хөндөж тавиад байгаа. Дээр нь МАН Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарах болсон нь бүлгийн гишүүдийн хувьд байнгын хорооны хуралдаанд оролцохгүй байх бас нэгэн шалтгаан болу өгөөд байна.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.
-
2015 оны 7 сарын 07
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр болоход МАН-ын бүлгийн гишүүдээс нэг нь ч оролцсонгүй.
Тус байнгын хороонд УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Ч.Хүрэлбаатар, Д.Дэмбэрэл нар харьяалагддаг. Тэднээс энэ удаагийн хуралдаанд нэг нь ч ирсэнгүй. Дээр нь УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгээс УИХ-ын гишүүн Ч.Улаан, М.Сономпил нар, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн нар ирээгүй юм. Ирц бүрдэхийг хүлээсний эцэст УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл ирснээр Төсвийн байнгын хороо хуралдлаа.
Мөн УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн орж ирсэн ч картаа уншуулж ирцэнд орсонгүй, хуралдааныг ажиглаж сууна.
Тус байнгын хороонд УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Ё.Отгонбаяр, Ө.Энхтүвшин нар харьяалагддаг юм.
Ийнхүү МАН Засгийн газраас гарах шийдвэрээ байнгын хорооны хуралдаанд суухгүй, ирцээр уяхаас эхлүүлээд байна.
-
2015 оны 7 сарын 07
Олон улсын хөлбөмбөгийн холбооны удирдлагуудыг авлигын хэргээр шалгаж байгаа. Энэ ажлын хүрээнд өчигдөр ФИФА-гийн албан хаагчид долоон жилийн хориг тавьсан байна.
-
2015 оны 7 сарын 07
Ерөнхий сайд өвлийн бэлтгэлийг хангах үүрэг өглөө
-
2015 оны 7 сарын 07
Нийслэлийн Онцгой байдлын газраас баяр наадам, амралтын өдрүүдэд хотын иргэдийн аюулгүй байдлыг хэрхэн хангах, шингэрүүлсэн шатдаг хий ашиглахтай холбогдуулан гал түймэр, голын усны осол, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авах талаар өнөөдөр 15 цагаас мэдээлэл хийнэ. нийслэлийн Онцгой байдлын газарт, мэдээлэл сэрэмжлүүлэг авах сэтгүүлчдийг урьж байна.
-
2015 оны 7 сарын 07
Дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг дуулгаж, олон улсын тэмцээнүүдэд тэргүүлсэн хоёр дуучинг салбарын сайд нь Хөдөлмөрийн баатарт тодорхойлжээ. Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, МУГЖ Э.Амартүвшин, МУГЖ Г.Ариунбаатар нарт Хөдөлмөрийн баатар цол олгох тухай тодорхойлолтыг Соёл, Шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр өчигдөр гаргаж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хүргүүлсэн байна.