-
2016 оны 10 сарын 06
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр ГХЯ-нд сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийсэн. Энэ үеэр сүүлийн үед олны анхаарал татаат буй “Эрдэнэт” ХХК-ны 49 хувийг зарах асуудалын талаар УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн мэдээллийг худал, зохион байгуулалттай, эрх ашгийн төлөө хэмээн мэдээлсэн юм. Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Нямдорж үүнийг няцааж “Эрдэнэт” ХХК-ын 49 хувийг зарсан гол хүн нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрөө гэж мэдэгдлээ.
-
2016 оны 10 сарын 06
Таван хүүхэд тутмын нэгд нийгмийн халамж дутагдаж байна
Өнөөдөр Монгол Улс 0-18 насны нэг сая гаруй хүүхэдтэй. Үүний 281 мянга нь нийгмийн халамж зайлшгүй шаардлагатай, 61 мянга нь хамгийн доод давхаргын, хүнсний талон авдаг, 10 мянга гаруй нь хөдөлмөр эрхэлж байна, 1000 гаруй нь асрамж халамжийн газарт амьдардаг гэх тооцоог Үндэсний статистикын хорооноос гаргаж өгөв. Өөрөөр хэлбэл, Монголын таван хүүхэд тутмын нэг нь нийгмийн халамж шаардлагатайг Үндэсний статистикын хорооны судалгаа харуулж буй. Энэ нь эргээд тухайн нийгэмд ядуурал, ажилгүйдэл өндөр, эдийн засгийн суурь нөхцөл муу байгаатай холбогддог гэдгийг албаныхан хэлж байна. Төрийн бодлого иргэддээ ээлтэй байгааг хүүхдийн эрх хэрхэн хангагдсанаар тодорхойлдог байна. Гэтэл Монгол Улсын хүүхдийн эрхийн хууль хэрэгжсэн ч дангаараа хүчрэхгүй байгааг албаныхан хэлж байгаа юм.
Б.Цэцэг
-
2016 оны 10 сарын 06
Ам.долларын ханш буурч байна. Өнөөдрийн байдлаар Найман шарга валютын захад 2265 ханшаар худалдаж авч, 2280 ханшаар худалдаж байна.
Харин банкуудын хувьд 2274-2276 ханшаар худалдаж авч, 2286-2288 ханшаар худалдаж байна. Өнөөдөр мөрдөж буй Монголбанкны албан ханш 2289,67 төгрөгтэй тэнцэж байгаа бөгөөд өмнөх өдрөөс бага зэрэг буурсан байна.
-
2016 оны 10 сарын 06
Дундговь аймгийн баруун хэсэг, Өмнөговь аймгийн нутгаар цастай байна.
Өнөө шөнө зүүн аймгууд, Сүхбаатар чиглэлд цасан шуургатай, нойтон цас орох, үзэгдэх орчин хязгаарлагдах, замын гадаргуу мөстөх, халтиргаа гулгаа үүсэх магадлалтай байгааг Авто тээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын газраас анхаарууллаа.
-
2016 оны 10 сарын 06
Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар “Боловсролын зээлийн сан байгуулж”, Оюутны хөгжлийн зээлийн журмыг баталсан. Үүнтэй холбогдуулж БСШУС-ын сайд Ж.Батсуурь нэмэлт тодруулга өглөө.
Оюутны хөгжлийн зээл нь бакалаврын ангийн оюутнуудыг сургалтын төлбөрийн дарамтгүй суралцуулах, магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудын чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилготой юм.
Тухайн оюутан 2.0-оос дээш голч дүнтэй суралцдаг бол барьцаагүй зээлийг урт, богино, хүүг бууруулах гэсэн гурван хэлбэрээр авах боломжтой. Зээл жилийн 5 хувийн хүүтэй бөгөөд оюутнууд сургуулиа төгссөнөөс хойш 10 жилийн дотор эргүүлж төлөх болзолтой юм.
Зээлийг улсын төсвөөс эргэн төлөгдөх хэлбэрээр олгож байгаа учир 4-5 жлийн дараа гэхэд Оюутны хөгжлийн зээлийн сан бүрдэх боломжтой. Иймээс ирэх оны төсөвт 100 тэрбум төгрөг тусгасан гэж сайд Ж.Батсуурь хэллээ.
2016-2017 оны хичээлийн жилд сургалтын төлбөрөө төлөх боломжгүй 74 мянган суралцагч, хоёр болон түүнээс дээш хүүхэд нь зэрэг суралцаж байгаа өрхийн нэг хүүхдэд олгох сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжийг 1500 орчим оюутанд олгох тооцоо гарчээ.
Улсын хэмжээнд 164 мянган оюутан төрийн болон төрийн бус өмчийн их, дээд сургуульд суралцдагийн 125 мянга нь бакалаврын өдрийн ангид суралцаж байна.
-
2016 оны 10 сарын 06
Монгол Улсын Засгийн газраас 2016 оны есдүгээр сарын 09-ний өдөр “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулийг төслийг /шинэчилсэн найруулга/ Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Тэгвэл өнөөдөр /2016.10.06/ УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам хамтран “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлгийг Төрийн ордноо зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Н.Оюундарь ахалж, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Х.Нямбаатар, М.Оюунчимэг, Б.Ундармаа, А.Сүхбат, Ц.Цогзолмаа, Б.Саранчимэг, Ц.Гарамжав, Ж.Ганбаатар, Д.Ганболд, Д.Оюунхорол болон холбогдох бусад байгууллагын төлөөлөл оролцов.
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2004 онд, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний хөтөлбөр 2007 онд тус тус батлагдан хэрэгжиж, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалан байрлуулах, утсаар зөвлөгөө өгөх болон нэг цэгийн үйлчилгээний төвүүдийг байгуулан хохирогчдод үйлчилгээ үзүүлэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа боловч Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн зохицуулалт оновчтой бус, байгууллагуудын эрх хэмжээ, оролцоог хэт ерөнхий, салангид байдлаар тусгаж, хохирогч, түүний гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдлыг хамгаалах журмыг орхигдуулсантай холбоотойгоор хүчирхийллийн гаралт буурахгүй, харин ч хүний амь нас хохирох, гэмтэх, хүүхэд өртөх зэргээр илүү ноцтой хэлбэрт шилжих болсон байна. Иймд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн зохицуулалтыг хохирогчийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд хамгаалах, хүчирхийлэл дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх, салбар хоорондын хамтын ажиллагаанд тулгуурлах зарчимд нийцүүлэн хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг боловсрууллаа.
Хуулийн зорилттой уялдуулан
хохирогчийн нэр төрийг хүндэтгэх, үл буруутгах, аливаа хэлбэрээр ялгаврлан гадуурхахгүй байх;
хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нэн тэргүүнд хамгаалах;
хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг шуурхай хангах;
нууцлалыг хамгаалах;
салбар хоорондын хамтын ажиллагааг хангах, нэгдмэл цогц байх зарчмын хүрээнд зарчмын шинжтэй өөрчлөлтүүдийг хуулийн төсөлд тусгасан.
Уг хуулийн төсөл батлагдснаар гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүчирхийллийг эрт илрүүлэх, таслан зогсоох, хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах төрийн байгууллагын бүтэц, төрийн байгууллага, албан тушаалтнуудын оролцоо, гүйцэтгэх үүрэг, эрх хэмжээ, тэдгээрийн үйл ажиллагааны уялдаа холбоог нарийвчлан зохицуулахтай холбогдсон эрх зүйн орчин боловсронгуй болно гэж үзэж байна” хэмээн хэлэлцүүлгийн эхэнд танилцуулсан юм.
“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулийн төслийн дэлгэрэнгүй танилцуулгыг Хууль зүй, дотоод хэргийн яамны мэргэжилтэн Д.Саруул хийсэн бөгөөд уг хуулийн төслийг боловсруулахдаа урьдчилан сэргийлэх, хамгаалах, нөхөн сэргээх, хариуцлага хүлээлгэх гэсэн дөрвөн үндсэн зарчмыг баримталсан аж. Ингэхдээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ, албадлагын арга хэмжээ, зорчих эрхийг хязгаарлах, хорих зэрэг олон төрлийн хариуцлага ногдуулахаар хуулийн төсөлд тусгасан байна.
Мөн “Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэгтэй тэмцэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хуулийн төсөлд цагдаагийн байгууллагын хүлээх үүрэг” сэдвээр Цагдаагийн ерөнхий газрын ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Г.Арсланхуяг, “Хохирогчийг хамгаалах цогц зохицуулалт” сэдвээр Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Д.Энхжаргал, “Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилсан сэргийлэх, таслан зогсооход НҮБХАС-ын оролцоо” сэдвээр НҮБХАС-ын Жендэрийн асуудал эрхэлсэн мэргэжилтэн Б.Оюун нар тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлэв.
Зарим тоон баримтаас дурдвал, Улсын хэмжээнд 2016 оны эхний 9 сарын байдлаар 21105 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 0.6 хувиар өсч, гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 1066 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 295 хэргээр буюу 38.3 хувиар, бүх хэрэгт эзлэх хувийн жин 5.1 хувь болж, 1.4 нэгжээр тус тус өссөн байна. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэргийн 83.2 хувийг хөнгөн, 12.3 хувийг хүндэвтэр, 3.0 хувийг хүнд, 1.5 хувийг онц хүнд ангиллын гэмт хэрэг эзэлж, 59.3 хувь нь Улаанбаатар хотод, 40.7 хувь нь орон нутагт тус тус бүртгэгджээ.
2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс нийт 581 гэр бүлийн нийт 1043 үйлчлүүлэгчийг хүлээн авснаас насанд хүрсэн эрэгтэй хүн 8, эмэгтэй хүн 358, эрэгтэй хүүхэд 341, эмэгтэй хүүхэд 336 байна.
Цагдаагийн байгууллагаас гэр бүлийн хүчирхийлэл дарамтад өртөн хамгаалалтад авагдсан нийт 375 үйлчүүлэгчид эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ хийн, эрсдлийн түвшинг тогтоож, холбон зуучилсан. Үүнд:
- Хүчирхийлэлийн үндсэсний төвд –55
- Хамтарсан багт –114
- Эцэг эхэд нь –420
- Өөрийн хүсэлтээр -185
- Асрамж халамжийн төвд –23
- Дүүргүүдийн гэр бүл хөгжлийн төвд –162
- Цагдаагийн байгууллагад –56
- Төрийн бус байргууллагад - 6
- Яаралтай тусламжийн төвд – 4
- Нэг цэгийн үйлчилгээнд -11
- Хөөрхөн зүрхнүүд ТББ – 2 тус тус зуучилжээ.
Мөн хэлэлцүүлэгт оролцогчид гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалах цогц зохицуулалтыг бий болгохын тулд салбар хоорондын нягт хамтын ажиллагаа чухал болохыг онцлоод зөвхөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиас гадна Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Хууль сахиулах ажиллагааны тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай зэрэг хуулиудад тодорхой зохицуулалтыг тусгах нь зүйтэй гэдэг дээр санал нэгдэж, УИХ-ын гишүүдээс энэ тал дээр анхаарал хандуулж ажиллахыг хүсэж байлаа.
Уг хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүний эрхийн үндэсний комисс, Улсын ерөнхий прокурор, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Нийслэлийн хүүхэд, гэр бүл хөгжлийн газар, Хууль сахиулах их сургууль, Отгонтэнгэр их сургууль, Монголын хуульчдын холбоо, НҮБ-ын Хүн амын сан зэрэг төрийн болон төрийн бус, олон улсын донор байгууллагын төлөөлөл оролцож, санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2016 оны 10 сарын 06
Нутгийн өөрөө удирдах байгууллага нь тухайн орон нутгийнхаа эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлогыг тодорхойлж, төрийн удирдлагатайгаа нягт хамтран ажилладаг үндсэн хуулийн байгууллага юм. Тиймээс өнөөдөр Монголын нутгийн удирдлагын холбооноос зохион байгуулж, аймгуудийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, нарийн бичгийн дарга нартай хамтран ажиллах “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Шинэ үндсэн хуулийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх үүднээс байгуулагдаад 25 жил болж байгаа үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг тус холбоо нь Үндсэн хуульд тусгагдсан нутгийн өөрөө удирдах зарчмыг орон нутагт хуулийн дагуу хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Манай байгууллагын салбар хороодын захиралаар аймаг нийслэлийн хурлын дарга нар, гүйцэтгэх захиралаар нь хурлын нарийн бичгийн дарга нар ажилладаг. Сонгуулийн дараагаар байгуулагдсан шинэ бүрэлдэхүүнтэй анх удаа уулзаж байна. Цаашид дөрвөн жилийн хугацаанд хамтран ажиллах хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Байгууллагын маань гол зорилго нь шинээр сонгогдсон орон нутгийн улс төрчдөд сургалт явуулах, тэднийг дадлагажуулах, өөрөө удирдах байгууллагаас сонгогдсон төлөөлөгчид иргэдийн төлөөллийг хэрхэн хэрэгжүүлдэг вэ гэдэг тал дээр дадлага сургууль олгох журмаар үйл ажиллагаа явуулдаг. Энэ байгууллага бэхэжсэнээрээ орон нутгийн ардчиллыг бэхжүүлэхэд чухал үүрэгтэй юм” гэдгийг хэллээ гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
1 / 4
-
2016 оны 10 сарын 06
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт Т гэгч насанд хүрээгүй хүүхэд хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн байна. Тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, Цагдаагийн газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ. Дээрх хэрэгт тус аймгийн прокурорын орлогч Ж.Болорпүрэв хяналт тавин ажиллаж, яллах дүгнэлт үйлдэн, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн аж. Улмаар анхан шатны шүүхээс шүүгдэгч Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, 10 жил 1 сар хорих ял оногдуулжээ. Б.Цэцэг
-
2016 оны 10 сарын 06
УИХ дахь АН-ын бүлэг өргөтгөсөн хуралдаан хийж, ирэх оны төсөв болон орон нутгийн сонгуулийн талаар хэлэлцээд байгаа. Түүнчлэн хуралдааны дараа бүлгийн гишүүд хэвлэлийнхэнд мэдээлэл өгөв. С.Эрдэнэ гишүүн хэлэхдээ “Чингис” бондыг төлөх хугацаа болоогүй байгаа. Өнөөдөр энэ бондыг төлөх хугацаа тулаад ирсэн юм шиг яриад байна. 2017 оны төсвийн төсөлд АН-ын үед авсан ямар ч зээл, бондын өр төлөгдөхгүй. Өмнөх С.Баяр, Сү.Батболдын Засгийн газрын үеийн бий болгосон өрийг төлнө. Өнөөдөр дэлхийн зах зээл дээр Австралийн нэг тонн коксжих нүүрсний үнэ 220 ам.долларт хүрсэн. Гэтэл манайх өнөөдөр 30 орчим ам.доллараар гадагшаа гаргаж байна. Үүний эх сурвалжийг судлахаар Чалко-гоос 2011 онд 350 сая ам.долларын зээл аваад нийгмийн халамжид зарцуулсан. Энэ нь эргэж төлөгдөх эх үүсвэр байхгүй. Одоо энэ зээлийн үлдэгдэл нь 100 орчим сая ам.доллар байна. Анх байгуулахдаа нэг тонн нүүрсний үнэ тарифыг Хятадын зах зээлийн үнэ ханштай уялдуулж тогтоосон. Зээлээ төлж дуусах хүртэл хугацаанд уг дүнгээрээ явах юм гэлээ. Харин З.Нарантуяа гишүүн хэлэхдээ “Төсвийн зардлыг бууруулах тал дээр нэлээд судалсан зүйлүүдийг оруулж ирэх байх гэж найдаж байсан. Харамсалтай нь оруулж ирсэнгүй. Зардлыг танахдаа дарга нарын өрөөний засвар, төрийн албаны зохистой шинэчлэл зэргийг хийсэнгүй. Хамгийн хялбархан аргаар буюу төсвийн зарлагыг бууруулна гэж оруулж ирж байна. Тухайлбал, 152 тэрбум төгрөгөөс төсвийн урсгал зардыг бууруулна гэсэн. Түүн дотор хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгосноос 61 тэрбум төгрөг хэмнэнэ гэж байна. Хүүхдээ ялгаварлаж төсвөө хэмнэх гэж байна. Их, дээд сургуулийн оюутнуудад тэтгэлэг өгдөг байсныг болиулж 52 тэрбум төгрөгийг хэмнэнэ гэж байна. Энэ бол Монгол Улсын ирээдүй болсон оюутнуудаа дэмжих төрийн бодлогын ухралт. Мөн Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн үйлчлэлийг 2021 он болгож хойшлуулснаар 2017 онд 5.6 тэрбум төгрөг хэмнэнэ гэж байна. 5.6-хан тэрбум төгрөгийг хэмнэхийн тулд 1200 орчим хүүхэд харах үйлчилгээ эрхэлж байсан иргэд болон 6700 орчим хүүхдийг хохироож байна” гэлээ.
-
2016 оны 10 сарын 06
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Одоо мэдэгдэл хийдэг цаг нь биш ажил хийдэг цаг
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр ГХЯ-нд сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийсэн юм. Уулзалтын үеэр түүний хэлсэн онцлох ишлэлүүдээс та бүхэндээ хүргэсэн бол тус уулзалтын хүрээнд ямар ямар асуудлыг хөндсөн талаар дурдая.
“Хойд хөршдөө бид баярлалаа гэж хэлэх ёстой. Монгол, Оросын ард түмний харилцаа гайхамшигтай түүхтэй. Монголын ард түмний төлөө цусаа урсгаж явсан ард түмэн Орос. Бүтээн байгуулалтад хөлсөө дуслуулж явсан улс Орос. Ямар улстай хамгийн ойрхон ажиллах вэ гэхэд 60 гаруй хувь нь ОХУ-тай ойрхон ажиллах ёстой гэж хариулдаг. Бүх яамд, салбарын төвшинд хамтарч ажиллах байх, өмнөх уламжлалаа үргэлжлүүлэх байх гэж харж байна”
“Сүүлийн хоёр жилийн хугацаанд ОХУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай 10 гаруй удаа уулзсан. Өмнөх түүхийг харахаар хоёр жилд нэг удаа ч уулзаагүй тохиолдол бий”.
Харилцаа өндөр төвшинд хүрсэн, хойд хөршийн удирдагчид хоёр орны харилцаа ямар чухал юм бэ гэж үздэгийн илэрхийлэл. Хоёр орны хооронд иргэд визгүй зорчдог болоод хоёр жил болж байна. Урагшаа явсаар нэг хотыг манай иргэд хөгжүүлсэн гэж ярьдаг. Хойд хөршийн маш олон иргэн Монголд орж ирдэг болсон, тэндээс хамтын ажиллагаа эхэлж байна. Иргэд, аж ахуйн нэгжүүдийн хооронд харилцаа эрчимтэй явж байгаа. Хоёр хөршийнхөө төрийн тэргүүнтэй яагаад уулзаж болдоггүй юм бэ гэж санал гаргаад уулздаг болсон. Гурван улс оролцоод 36 төсөл хэрэгжүүлэх боломжтой жагсаалт гаргасан. Ойлголцсон жагсаалт. Нэг зүйлийг би хүсэж байсан, төмөр замыг хос болгочих юмсан гэж. Урд хөрш маш том үйлдвэрлэгч. Орос, Хятадын хооронд бүх ачаа бараа Монголоор дайрч өнгөрдөг болох юмсан гэсэн итгэлцлийг бий болгох юмсан гэж ажилласан. Цаашаа энэ ажил хийгдэх байх гэж итгэж байгаа.
“Манай хүү ИТХ-д нэр дэвшсэн, цэвэр өөрийнх нь сонголт. Олон түмнийхөө төлөө явъя гэсэн зорилго байгаа бол, зорилго нь зөв байгаа бол дэмжих ёстой”
“ОЛОН ХҮНИЙГ ТӨРИЙН АЛБАНААС ЧӨЛӨӨЛЖ БАЙГАА ТУХАЙД ХҮМҮҮС ГАСАЛЖ БАЙНА. БҮР АЙДАСТАЙ АЖИЛДАА ОЧИЖ БАЙНА.
“Олон хүнийг төрийн албанаас чөлөөлж байгаа тухайд хүмүүс гасалж байна. Бүр айдастай ажилдаа очиж байна. Машинаа лизингээр авчихсан байдаг”.
“Цэвэрлэгч, мэргэжилтэн хэнийг ч голохгүйгээр жагсааж байгаад толгой дараалан хөөж явуулж байна. Захиргааны ерөнхий хуульд зааж өгсөн. Ийм байж болохгүй”.
“Халах тусам төрийн албаны чадвар дордож байгаа. 20, 30 жил ажиллачихсан хүмүүс асар үнэтэй капитал. Тэр хүмүүсийг хөөж явуулаад шахааны хүмүүс оруулж ирэхээр төр хүчгүй болж байгаа”.
“Иргэдээс хүмүүс их бичиж байгаа, Ц.Нямдоржийн гар хөл хүрээгүй газар байхгүй боллоо, банк санхүүгийн салбарыг барилаа ч гэдэг юм уу. Энэ зүйлийг ард түмэн асуух ёстой юм.”
Сонгуулийн өмнөхөөс амьдрал сайжрав уу гэхээр бүгд л дордлоо гэж байна. Өдөрт би 30 хонь зардаг байсан бол 3 хонь зардаг боллоо гэж.”
“Ийм зүйлээс бултах гэж чанга, чанга мэдэгдэл хийгээд байх шаардлагагүй. Одоо бол мэдэгдэл хийдэг цаг биш ажил хийдэг цаг. Нэгдээд нийлээд ажилламаар байгаа юм. Одоо сонгууль дууссан, нэгдээд нийлээд ажиллая.”
“Хагаралдах үйл явц хангалттай болсон, одоо боллоо. Бие биенээ гутаах оролдлого хангалттай явсан, одоо болио. Богино хугацаанд нэгдэж нийлээд ажлаа хийгээд явах юм руу орох ёстой.”
Монголд ажил хийх чадавхийг дээшлүүлэх ёстой. Энд шаардлагатай байгаа өөрчлөлтийг хийх ёстой. Дуртай юмаа ярьж, татан буулгаж, нэгнийгээ татаж унагаж болсон.
Ардчиллаас монголчууд эрх чөлөөний мэдрэмжийг авсан. Одоо тулгамдаж байгаа асуудлыг шийддэг, ажил хийдэг үндэстэн болох ёстой.
Хувийн хэвшилд ажиллаж байгаа хүмүүс Монголын ард түмний нэг хэсэг.
Монголын амьдралын 80 хувь нь хувийн хэвшил дээр явж байгаа. Ингэж төрийн гар хуруу багассан.
70, 40 мянгыг хасахаар төсвийн тодотголоор Сангийн сайдын оруулж ирсэн санал. Засгийн газар байгуулагдаад бүрэн эрхээ хэрэгжүүлэх ёстой гэдэг байр суурь барьсан.
Ц.Нямдоржийн шахаа, мөнгөний хүч Сангийн сайдыг бий болгосон байж магадгүй.
Иймэрхүү байдлаар хуйвалдах, цаг, сэдэв хүлээж улс төр хийдэг юмаа болих хэрэгтэй
Банктай холбоотой асуудлыг чөлөөлөх, хоёр дахь зах зээлийг бий болгох. Хувийн аж ахуйн нэгжүүд нэг хүний өмч байхаа больё, Монголын ард түмэнд хувьцаагаа зар, Засгийн газар, УИХ-ын зүгээс ажлаа хий, хуулиа батал.
Засгийн газар төсвөө оруулаад ирдэг, УИХ нь дураараа тэлж байдаг, баталсны дараа дандаа тодотгож байдаг. Сахилга бат гэдэг юмыг ОУВС-ай хэлэлцээр хийж байгуулахгүй л юм бол эндээс гарахгүй. Мөнгө зээлж магадгүй, 2, 4 тэрбум гэж та нар бичээд байна.
Өмнөд хөрштэй ганц биш, БНСУ, хойд хөрш, Европоос Герман байж болно. Мексик АНУ-тай ярьж байгаад эдийн засгаа босгоод ирсэн туршлага байна. Явж, явж байгаад нэг орон дээр тунаж магадгүй. Хөнгөлөлттэй хүүгээр сольж болно.
Улстөрчид мөнгө харахаар үнэхээр хариуцлагагүй болдог.
Э.БАТ-ҮҮЛИЙГ БИ ҮРГЭЛЖИД ДЭМЖИЖ ИРСЭН, БААТАР БОЛТОЛ НЬ ДЭМЖСЭН. ЦААШДАА Ч ДЭМЖИНЭ.
С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэг гарснаас хойш манай хууль хяналтын байгууллагынхан олон жил нойр хоолгүй ажилласан. Энэ хэрэг дээр ажиллаж байгаа хууль хяналтын байгууллагынхан хэн нэгнийг хэлмэгдүүлэх ямар ч зорилго тавиагүй.
Хэрэг шүүхийн шатандаа очиж, шийдэгдэх хэмжээнд очиж байгаа юм болов уу гэж харж байна.
Би Ерөнхий прокуророос асууж тодруулдаг. Малыш Энхтүвшин над руу мессэж бичнэ гэж байхгүй. Худлаа.
Э.Бат-Үүлийг би үргэлжид дэмжиж ирсэн, баатар болтол нь дэмжсэн. Цаашдаа ч дэмжинэ.
С.Зоригийн хэрэг дээр ажиллаж байгаа хүмүүс хэн нэгнийг хэлмэгдүүлэх ямар ч зорилго байх ёсгүй, хэлмэгдүүлэх ч ёсгүй.
”Эрдэнэт”-ийн 49 хувийг авах үйл ажиллагаа хэдийд эхэлсэн бэ гэж ярьж байна. Дүрмэн дээр нь байдаг л даа, 51 хувь дээр өөрчлөлт хийх худалдах бол 49-өөс асуух гэдэг ч юм уу. Миний байр суурь бол Монголын 51 хувь хөдлөхгүй шүү. Өөр улсад байгаа 49 хувиа яриад оруулаад ирж байгаа бол асуудал байхгүй. Манай Аж ахуйн нэгжийн тухай хуулийг муу гэдэггүй юм шүү. Өмнө гаргасан Сангийн сайдын тушаал буруу байгаа бол засаад явах. ОХУ-тай харилцаж байсан 49 хувиас буулгаж болохгүй, аж ахуйн нэгжийн тухай хуульдаа оруулаад явахад буруу юм байхгүй.
Төсвийн урсгал зардал хасаж болж байга. Жил бүхэн миний төсвийг хассаар энэ жил 4 тэрбум болсон. 12 тэрбум байсныг гурав дахин бууруулсан. Ерөнхийлөгч ингэж бууруулж болж байна. Тэгэхээр хүнд суртал нэмсэн зардлыг хасах ёстой.
Өрөөг нь л хасаад байх хэрэгтэй. Элчин сайд З.Алтай надад хэлж байсан, парламентын гишүүн нь өрөөгүй, хуралдаа орж ирчихээд гараад явдаг гэж.
УЛСТӨРЧ ДАРААГИЙН СОНГУУЛИА БОДДОГ, ТӨРИЙН ЗҮТГЭЛТЭН ДАРААГИЙН ҮЕЭ БОДДОГ
Том төслүүдээ хөдөлгөх ёстой. Да.Ганболд “Эрдэнэт”-ийн ТУЗ-ийн даргаар томилогдсон бол мөнгө санхүү хөрөнгө оруулалт энэ бүх чиглэлийг сайн мэддэг хүн. УИХ-д нээлттэй сонсгол хийх бол тайлбараа хийгээд л явах хэрэгтэй гэж бодож байна.
Ерөнхийлөгчийн засаглалын тухайд гүйцэтгэх эрх мэдлээ үнэхээр гүйцэтгэдэг чадвартай эрх мэдлийг бий болгох ёстой.
Ерөнхий сайдыг ажлаа хийх эрх мэдлээр хангах хэрэгтэй.
Хийдэг институци Монголд хэрэгтэй байна. Надад санал ч байна, дэмжинэ.
Ерөнхий сайд гүйцэтгэх засаглалаа ажил хийлгэдэг болгоё, хугацаан дээр нь таван жил ч болгож болно.
Задарсан эрх чөлөө ярьдаг, шүүмжилдэг зүйл хангалттай. Хэвлэлийн эрх чөлөө, хүн үзэл бодлоо илэрхийлэх, шүүмжлэх эрх чөлөө хумигдахааргүй болсон. Хийдэг, бүтээдэг чадамжийг заавал дээшлүүлэх ёстой.
Улстөрч дараагийн сонгуулиа боддог, төрийн зүтгэлтэн дараагийн үеэ боддог гэж үг бий.
Ардчилсан намын шинэчлэлийн тухайд ямар үзэл энэ намд байх ёстой юм бэ гэдгээ тодорхой болгох хэрэгтэй, юу хийх вэ гэдгээ тодорхой болох, дүрмээ тодорхой болгох. Энийгээ авч явах чадамжтай бүтэц бий болгох ёстой.
Ерөнхийлөгчийн ажлаа өгөөд яах вэ гэж байна. Би яг үнэндээ Монгол Улсын маргааш хийх ажилд л их санаа зовж байгаа.
Хийх юм байгаа бол би зүтгэнэ ээ. Ард түмний улстөрийн эрхийг буцааж өгөхөд юу хэрэгтэй, ажилтай болгоход юу хийх юм, ямар боломжууд Монголыг тойрч алга болоод байгаа юм, энэ бүхэнд хэрэгтэй бол зүтгэнэ.
Ардчилсан намд шинэчлэлийг хийнэ гэж надад олон хүн орж ирсэн, таны дэмжлэг хэрэгтэй байна гэдэг, би дэмжинэ л гэдэг.
Үндсэн хуулийн өөрчлөлтийг гүйцэтгэх засаглалыг сайжруулахад өөрчлөлт хийх хэрэгтэй.
Б.Чимэд агсны сахилга батыг бий болгож өгсөн хуулийг байхгүй болгосон, тэрнийг хатуу баримтлах. Үндсэн хуульд өөрчлөлт хийх бол нэг л харилцаагаар өөрчлөлт хийх.
Оффшороор сонгуулийн өмнө л пижигнэх юм, төрийн албан хаагч оффшор нээлгэхийг бүрэн хориглох хэрэгтэй.
Нүүрс үнэ хүрч байгаа, боломжтой байгаа дээр төслөө хөдөлгөөсэй гэж бодож байгаа. Хэтэрхий их талцсан байдлаасаа болж боломжийг алдсан. Зарим нэг боломж Монголд нэг л удаа олдоно.
Төмөр замаа ав гэж байхад нэг л удаа олдсон боломж.
Монгол Улс төвийг сахисан улс гэдгээ ҮАБЗ-өөр тунхагласан.
АН-ын ялалтад олон мянган гишүүний орлцоо байсан.
Зөв үзэл бодол, зөв үйл ажиллагаа урагшаа явах ётсой. Муу зүйлээсээ аль ч нам нь салах ёстой.
Ерөнхийлөгч болоод “Та шүүхэд итгэдэг үү” гэхэд 20 хувь нь итгэдэг гэж байсан, одоо 60 хувь нь шүүхэд итгэдэг болсон гэдэг болсон байна лээ.
Шүүхэд байгаа бүхэн сайн байгаа гэж би хэлэхгүй, хамгийн гол өөрчлөлт нь таван хуульдаа байгаа.
Аяганы алгаас гэж ярьдаг тийм байдал руу ормооргүй байгаа юм.
Оруулах ёстой өөрчлөлт байгаа бол тэрийгээ оруулаад гүйцээгээд хийгээсэй. Аливаа улстөрийн хүчин явахад ард нь зөв институт, зөв хууль, зөв соёл үлдэх ёстой.
“Эрдэнэт”-ийн татвартай холбоотой асуудал дээр засах боломж байсан. “Эрдэнэт” буяны байгууллага биш, зэсийн үнэ 5000 руу орчихсон байхад 6000 хүн ажиллаж байгаа. Хэзээ ч ”Эрдэнэт” төлөх ёстой татвараа дутуу төлж байгаагүй. Дэргэдээ орчин үеийн эмнэлэг байгуулсан, хуруу хумсаа хуйхлах шахам байж. 40 жил болно гэдэг өндөр нас. Монголчууд аваад зөв шийдээд, хувийнхан нь аваад төртэйгээ хамтраад цааш нь аваад яваг л гэж харсан байх. Оросууд монголчуудаас дутуу мэдээлэлтэй байсан гэж бодохгүй байна. Өр зээл янз бүрийн асуудал бий.
Хувийн хэвшлээс өөр зориг гаргаж, энийг авах хүн олдохгүй.
49 хувьдаа оногдох ашгаа гадагш нь явуулдаг байсан бол Монголд үлдэнэ. Энийг зөв болгох ёстой. 51-ийг ч, 49 хувийг ч өмөөрөөгүй.
-
2016 оны 10 сарын 06
Төрийн орон сууцны корпораци /ТОСК/-ийн шинэ захирлыг Засгийн газраас өнгөрсөн Даваа гаригт буюу энэ сарын 3-нд томилсон байна. Монгол Улсын Ерөнхий сайд асан, Төр нийгмийн зүтгэлтэн П.Жасрайн ач хүү Ж.Хичээнгүй ТОСК-ийн Ерөнхий захирлын албан тушаалыг хүлээн авч, ажилдаа оржээ. Тэрбээр өмнө нь ТОСК-ийг Орон сууцны санхүүжилтийн корпораци /ОССК/ нэршилтэй байхад дэд захирлын албан тушаалыг хашиж байсан юм. Мөн ШӨХТГ-ын даргаар Т.Аюурсайханыг ажиллаж байх үед тус газрын Эрх зүй, дотоод хяналтын газрын даргаар ажиллаж байсан билээ. Б.Цэцэг
-
2016 оны 10 сарын 06
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Японы “ЖАЙКА” олон улсын байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. “ЖАЙКА” олон улсын байгууллагаас нийслэлд хэрэгжүүлж байгаа “Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх чадавхийг сайжруулах” төслийн ахлах зөвлөх Очи Такэо үйл ажиллагааныхаа явцыг Засаг даргад танилцуулж, цаашид хэрхэн ажиллах талаар санал солилцлоо. Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөө, хот байгуулалтын хөтөлбөрийн судалгаа, Хот байгуулалтын салбарын чадавхийг бэхжүүлэх төсөл зэргийг өнгөрсөн хоёр жилд хэрэгжүүлсээр ирсэн юм. Төслийн үр дүнд Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг 2013 онд УИХ-аар батлуулсан. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль 2015 оны зургаадугаар сард батлагдсан. Цаашид “ЖАЙКА” олон улсын байгууллага Улаанбаатар хотын өрөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, улсын хэмжээнд нэвтрүүлэх зорилготой ерөнхий төлөвлөгөөний төлөвлөлт болон хэрэгжүүлэх чадавхийг бэхжүүлэх төслийг танилцуулан үргэлжлүүлэх бодолтой байгаагаа нийслэлийн Засаг даргад илэрхийллээ.
Засаг дарга С.Батболд “Цаашид хамтын ажиллагааны тал дээр ямар боломжууд байна гэдгийг бид илүү дэлгэрэнгүй ярилцах болно. Энэ хэрэгжиж байгаа төслийг маш өндрөөр үнэлж байгаа. Миний хувьд бүрэн дүүрэн дэмжиж ажиллана. Засгийн газар, Улсын Их Хурлаас гаргасан шийдвэр, хууль тогтоомжийг хэрэгжүүлэн ажиллах болно. Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд сонгосон 24 байршилд үйл ажиллагаа явуулах эрх авсан компаниудын холбогдох хүмүүстэй уулзсан. Газраа чөлөөлсөн иргэдийг түр шилжин суулгах орон байргүйгээр энэ ажил цаашид явна гэдэг хүндрэлтэй, боломжгүй зүйл. Айл өрхүүд гудманд гардаггүй, үнэтэй сууц түрээслэхгүйгээр байх тийм арга замыг олох хэрэгтэй. Мөн “Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах төсөл” манай нийслэлд тохирсон, нүдээ олсон зөв ажил байх болно” гэдгийг хэллээ гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 10 сарын 06
“Мустанг-5” мотоциклтой осолдож амиа алджээ
-
2016 оны 10 сарын 06
монголын баялаг
монголын мэдэлд ирсэнд яагаад хорсов
Х
оёр улсын хооронд байгуулсан гэрээний дагуу ”Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг эхний удаад Монголын талд зарах ёстой, өөр ямар нэгэн талд санал тавих, зарах эрхгүй. Энэ дагуу л Монголд санал тавьсан. Тавьсан саналынх нь дагуу хувийн хэвшлийн “Монголын зэс” компани худалдаж авчээ. Процесс ердөө энэ юм билээ. Одоо тус үйлдвэрийн ногдол ашиг 100 хувь Монгол Улсад үлдэнэ. ”Эрдэнэт” үйлдвэрээ 100 хувь өөрийн болгосон нь монголчуудын хувьд том дэвшил гэдгийг гадныхан хэдүйн бичээд эхэлсэн. Харин ойрын хугацаанд монголчууд дотроо авах нь зөв, авах нь буруу хэмээн хоёр хуваагдаад эхэлсэн нь гадныхныг гайхшруулж орхилоо. Энэ тухай оросын хэвлэлүүд бичсэнийг та бүхэн сошиалаас харж байгаа байх. Тэд нэгэн сонин гаргалгааг хийжээ. “Монгол зарим нэг улстөрч ”Эрдэнэт” үйлдвэрийг монголчууд хуйвалдаад авчихлаа гэж байна. Хэрэв тийм зэвүүн үйлдэл хийж манай ”Ростех” компанийн эзэмшиж байсан ”Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг авчихсан юм бол бид эргүүлж авахын төлөө тэмцэх ёстой” гэж. Оросууд ингэж үзэж байгаа бол, тэр нь хэрвээ үнэн юм бол тэрхүү гайхамшигтай хуйвалдааныг хийж монголчуудын хагас зуун жилийн мөрөөдөл болсон ”Эрдэнэт” үйлдвэрийг 100 хувь Монголынх болгож чадсан тэдэнд баатар цол өгье. Гадныхны үнэлэлт дүгнэлтээс харахад ийм сонин, бидний бодож байгаагаас тэс өөр үнэлэлт дүгнэлт өгдөг юм байна. Тэд цааш нь бас бичжээ, “Наймаа буцвал Оросууд баяртай байх болно. Шалавхан 400 сая долларыг нь буцааж шидчихээд ”Эрдэнэт” үйлдвэрийнхээ 49 хувийг маш хурдтайгаар Торонтогийн бирж дээр дор хаяж тэрбум доллараар зарна” гэжээ.
Монголчууд минь дээ, гадныхан ингэж харж, анаж, магадгүй өнөөдрийн энэхүү монголчуудын хоорон дахь яс хаялтыг гадныхан хийж байж ч мэдэх нь. Хэрэв зээ тийм биш юм бол монголчуудын тамын тогооны үлгэр өнөөдөр өрнөж байгаа юм байна. Дорж аваад байхдаа яадаг юм, би л авах байсан юм гэсэн зөвхөн монгол хүнд байдаг атаархал. Эсвэл Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэлдээ хэт автсан зарим нэг улстөрч нөхдүүд ”Эрдэнэт”-ээр ийнхүү өөрийгөө баатар болгон харуулах гэж ард түмний тархийг угааж байна. Зүгээр л бизнесийн зарчмаар явагдсан энэхүү наймаа өнөөдөр Монголд хамгийн аймаар улс төр болон хувирлаа. ”Эрдэнэт” үйлдвэрийн бүх үйл ажиллагаа ил байдаг байсан бол улстөрчид ингэж улайран оролцохгүй байсан. Бүх зүйл нь далд байсан учраас л өнөөдөр ”Эрдэнэт”-ийн төлөө үхэлдэж байна. Далд юмны цаана юу ч хийж болдог шүү дээ. Жишээ нь Оросын мэдэлд 49 хувь байх хугацаанд тэднээс санхүүгийн тайланг нь авах бүү хэл аашлуулдаг байсныг бүгд мэднэ. Одоо Монголын мэдэлд ирлээ. Манай татварын байгууллагууд дарамталж байгаад авна. Хэрэв зээ тэр “Монголын зэс” компани тайлангаа удаах юм бол захын нэг байцаагч давхиж очоод дансыг нь хаачихна. Ингэхгүй гээд яах юм. ”Эрдэнэт” үйлдвэр манай улсын хуулиар зохицуулагддаг Монгол Улсын үндэсний аж ахуйн нэгж болчихсон юм чинь.
Э
рдэнэт үйлдвэрийн агуулах гурван жил тутамд нэг удаа шатдаг байсныг санаж байгаа хүн байна уу. Аймаар том агуулах нь шатсны дараа сэтгүүлчид ганц л зүйл тэднээс асуудаг байсан. “Хохирол нь хэд вэ” гэж. Нэг ч удаа хариулт авч үзээгүй. Яагаад гэвэл тэнд дүүрэн хог байдаг байсан. Өнөөдөр боож үхэх гээд байгаа улстөрчдөөс эхлээд захын нэг мэргэжилтний шахаас гэхэд хэдэн мянган жил хэрэглэх ч хугацаа нь дуусчихсан каноны хороос эхлээд таван сая бэлгэвч хүртэл байдаг байлаа. Дээр нь оросуудын шахсан хог шаар бол тонн тонноор байдаг. Тэр бүгд нь хэрээс хэтрээд, ухаандаа баригдах дээрээ тулаад ирэхээр агуулахаа шатаачихдаг. Дотор нь ямар хэмжээний эд хөрөнгө, бараа материал байсан, түүний хор хохирол хэдэн тэрбум болсон тухай дүгнэлт түүхэндээ гарч байсангүй.
Эдгээрээс худалдах, худалдан авах гэрээ бол хамгийн том нууц. Хамгийн том бялуу. Үүнийг мэддэг хүн Монголд гарын арван хуруунд л багтана. Үүний цаана бүр ч том луйвар бий. Түүнийг энгийн иргэний түвшинд ойлгуулж бичих нь их түвэгтэй. Үнэндээ энэ бүгдийг нийгэмд ил болгочих юм бол ”Эрдэнэт” үйлдвэр рүү зүглэх нохой ч олдохгүй. Тэгвэл “Монголын зэс” гэж хувийн компани авснаар энэ бүгд ил тод болно. ”Эрдэнэт” үйлдвэр гэж номхон тэмээ ноолоход амар газар байхаа болино. Тэгэхээр тийшээ байнга гүйдэлтэй байсан луйварчид өнөөдөр боож үхэлгүй яах юм бэ.
”Эрдэнэт” үйлдвэр 100 хувь монголчуудын мэдэлд ирснээр, тэр дотроо 49 хувийг нь Монголын үндэсний хувийн компани эзэмшдэг болсноор иргэн Бат та жижигхэн оёдлын цехтэй бол энэ үйлдвэрийн тендерт ороод үнийн саналаар бээлий нийлүүлэх боломжтой болно. Яагаад гэвэл хувийн компанийн үйл ажиллагаа хамгийн шударга, эрүүл байдаг. Тэд тендер зарлаж хамгийн боломжтой үнийн саналыг шалгаруулна. Харин Монгол-Оросын хамтарсан төрийн өмчит ”Эрдэнэт” үйлдвэр бол хамгийн өндөр өртөгтэй, зөвхөн улстөрчдийн хувийн компанийг шалгаруулдаг учраас ардын хүүхэд тэнд өрсөлдөх нь утгагүй. Ийм бэлэн сайхан хоолоо улстөрчид юу гэж алдахыг бодох юм бэ. Ийм их ашиг орлогоо ард түмэнд алдах уу, эс алдах уу гэдгийн төлөөх аймшигт тулаан өнөөдөр ид өрнөж байна. Яаж ч бодсон ”Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг монгол хүн л авч байвал сүүний гарц нь нэмэгдэнэ. Төсөвт их мөнгө орно. Энэ мөнгө эмч, багш, цагдаа... гээд төрийн албанд өдөр шөнөгүй зүтгэж буй хүмүүсийн цалин хангамж урамшуулал гээд төсвийн бүх л салбарт маш том санхүүгийн тэлэлт авчирна. Өнөөдрийг хүртэлх хугацаанд хэдэн зуун тэрбумыг улстөрчид, том дарга нарын халаас руу алдаж байсан ”Эрдэнэт” үйлдвэрийн гунигт түүх дуусгавар болж байтал шахааны тэрбумтнуудын том арми байлдааны фронт нээлээ. Ард түмний тархийг угааж эхэллээ. Жинхэнэ үнэн бол ард түмний гарт ”Эрдэнэт” үйлдвэр 100 хувь ирсэн гайхамшигтай түүхэн үйл явдал болж байна шүү дээ. Монголын нэг компани байдгаа бараад Монголынхоо баялгийг оросуудаас авч чадсанд гадныхан гайхан биширч байхад харин эсрэгээр зарим нэг монгол хүн хорсон зэвүүцэж байгаа нь хорвоогийн ховор жигтэй үйл явдлын нэг байх л даа, хөөрхий. Монголд л ийм юм байдаг байх.
П.ХАШЧУЛУУН
ӨДРИЙН СОНИН
-
2016 оны 10 сарын 06
Монгол улсын Филармонийн 45-дахь жилийн үзвэрийн нээлтийн тоглолт энэ сарын 15-нд Соёлын төв өргөөнд болох гэж байна.Тоглолтонд улсын Филармони бүрэн бүрэлдхүүнээрээ буюу Симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга, Баянмонгол жазз найрал хөгжим, гоцлол дуучид оролцоно. Тус тоглолтын тасалбарыг юнителийн хэрэглэгчид GG катраа ашиглан 100 GG-ээр 5,000₮ хөнгөлөн авах боломжтой ба Univision-ны 88-р суваг, DDISH-ийн 900-р сувгаар шууд дамжуулах юм. Дэлгэрэнгүй мэдээллийг 7011-8012, 7014-8012, 8800-4849, 9992-5074 дугаарын утсаар лавлана уу.
-
2016 оны 10 сарын 06
Баянгол дүүрэгт байрлах “Хөх хот” гэх хятад ресторанаар үйлчлүүлсэн 12 хүн хоолны хордлого авсан байна. Тодруулбал, энэ сарын 1-ний өдөр гэр бүлийн 20 гаруй хүн төрсөн өдөр тэмдэглэхээр тус ресторанаар үйлчлүүлжээ. Одоогийн байдлаар долоон хүн ХӨСҮТ-д хордлого тайлан эмчилгээ хийлгэж байгаа аж.
-
2016 оны 10 сарын 06
ЦЕГ-ын даргын Б\516 тоот тушаалаар Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын шинэ даргаар, цагдаагийн дэд хурандаа Намсрайн Лхагвасайхан томилогдон ирж, ажлаа хүлээн авлаа. Ажлыг ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга, тэргүүн дэд комиссар Ц.Батсүх хүлээлцэж өгчээ. Н.Лхагвасайхан нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уугуул. 1993-2014 он хүртэл аймгийнхаа цагдаагийн газарт эргүүлийн цагдаагаас эхлээд дэд дарга хүртэлх албан тушаалыг хашиж байсан юм. Аймгийн Цагдаагийн газрын дэд даргаар 8 жил ажиллаад Улаанбаатар хотруу шилжиж ЦЕГ-ын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байжээ.
Б.Цэцэг
-
2016 оны 10 сарын 06
Нэг настай эмэгтэй хүүхэд халуун цайнд түлэгдэж, амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, есдүгээр сарын 23-ны өдөр дээрх хүүхэд халуун цайнд түлэгдэж, Гэмтлийн эмнэлгийн Түлэнхийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаад өчигдөр буюу аравдугаар сарын 5-ны өдөр нас барсан байна. Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлжээ.
Энэ намар цэцэрлэгийн хүрэлцээ муу, хүүхдэд тавих эцэг эх, асран хамгаалагчийн хараа хяналт сул байгаагаас үүдэн хүүхэд гэртээ халуун цай болон усанд түлэгдэж, амиа алдах тохиолдол нэмэгдсээр байгаа аж. Иймд эцэг, эхчүүдэд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна.
-
2016 оны 10 сарын 06
Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн Тухай хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үг хэлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Улсын Их Хурлын дарга аа,
Улсын Их Хурлын эрхэм гишүүдээ,
Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг Монгол Улсын Засгийн газраас боловсруулан, Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцээд 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн барьсан.
Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлд орсон нэг шалтгаан нь сүүлийн жилүүдэд хэрэгжүүлж ирсэн төсвийн хэт тэлсэн бодлого, төсвийн сахилга, хариуцлагагүй байдалтай холбоотой гэдгийг Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Олон Улсын Валютын Сан зэрэг байгууллагаас сүүлийн үед гаргаж буй тайлан мэдээлэл, бие даасан судлаачдын дүгнэлтэд санал нэгтэй дүгнэж байна.
УИХ-ын Намрын чуулганы хуралдааныг нээж УИХ-ын дарга М.Энхболд хэлсэн үгэндээ ч улс орны өмнө тулгараад байгаа хүндрэлийг даван туулахын тулд УИХ, Засгийн газрын зүгээс ямар байр сууринаас, ямар үзэл бодолтойгоор хандах ёстой вэ гэдгийг тодорхой дүгнэсэн билээ.
2016 оны төсвийн тодотголд баримталсан төсвийн нэгдмэл байдлыг хангах, төсвөөс гадуур аливаа арга хэмжээ хэрэгжүүлэхгүй байх, төсвийн сахилга батыг чанд мөрдөх арга хэмжээг Монгол Улсын 2017 оны төсвийн жилд үргэлжлүүлнэ.
Татварын орчныг тогтвортойгоор хадгалах, зарлагын өсөлтийг хязгаарлах, Засгийн газрын өрийг хуулийн хязгаарт багтаан тогтворжуулах, төсвийн тогтвортой байдлыг бий болгох замаар макро эдийн засгийн өсөлтийг хангах зорилтын хүрээнд дараах бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр 2017 оны төсвийн төслийг боловсрууллаа.
Эдийн засгийг хүндрэлээс гаргаж, тогтворжуулах зорилгоор Засгийн газраас уул уурхайн томоохон төсөл, хөтөлбөрүүд болох Оюутолгойн далд уурхайн төсөл, Тавантолгойн төсөл, Гацууртын алтны ордны төсөл, Тавантолгойн цахилгаан станц, ДЦС3-ын хүчин чадлыг өргөтгөх төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Манай хувийн хэвшлийнхний үйл ажиллагаа болон Засгийн газраас авч хэрэгжүүлэх бодлогын үр дүнд Монгол Улсын эдийн засгийн бодит өсөлтийг 2017 онд 3.0 хувьд хүрнэ гэж тооцож байна.
Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг тооцохдоо эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлоготой уялдуулан, ирэх 2017 онд татварын орчныг тогтвортой байх бодлогыг баримтлан шинээр татвар бий болгохгүй, татварын хувь хэмжээг нэмэгдүүлэхгүй байхаар тооцлоо. Энэ нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийн зүгээс гаргаж ирсэн татварын орчинг тогтвортой байлгах санал, хүсэлттэй нийцэж байгаа юм.
Уул уурхайн томоохон төслүүдийг эрчимжүүлж, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар уул уурхай, дэд бүтцийн салбарыг дагасан эдийн засгийн өсөлтийг бий болгох, төрийн өмчит аж ахуйн нэгжийг хувьчлах, алдагдалтай ажиллаж байгаа төрийн өмчит компаниудын менежментийг сайжруулах замаар ашигтай ажиллуулах бодлого баримталснаар төсвийн орлогыг нэмэгдүүлэх боломжтой.
Бүх шатны төсөвт байгууллагууд хэмнэлтийн зарчмаар ажиллах, төрийн албан хаагчдын цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийн одоогийн түвшнийг хадгалах, иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг бууруулахгүй байх, статистик, хүн ам зүйн өөрчлөлтөөс шалтгаалан нэмэгдэх нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн зардлыг төсөвт тусгах зарчмыг баримталлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зарим арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж эхлэх. Тухайлбал, ахмад настай азай буурлууддаа “Насны хишиг” олгох эрх зүйн орчныг бүрдүүлж, 2017 оны төсвийн жилээс хэрэгжүүлж эхлэхэд 20.5 тэрбум төгрөг тусгалаа.
Их, дээд сургуульд суралцагч оюутны санхүүгийн дарамтыг бууруулах зорилтын хүрээнд шинээр байгуулагдсан “Боловсролын зээлийн сан”-гийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах 101.5 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг ирэх оны төсөвт тусгасан.
Төсвийн орлогын боломж хомс, эх үүсвэр дутагдалтай байгаа хүндрэлийн улмаас 2012 оноос хойш олгож ирсэн хүүхдийн мөнгийг ирэх 2017 оны тухайд зорилтот бүлгийн өрхүүдэд буюу нийт өрхийн 60 хувьд олгохоор төлөвлөж, шаардагдах эх үүсвэрийг төсөвт тусгасан.
Төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг тогтвортой үргэлжлүүлэх зорилтын хүрээнд төрийн албан хаагчийн өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжтэй холбоотой өмнөх зохицуулалтыг сэргээх, үүнтэй уялдуулан ирэх онд тэтгэвэрт гарахад олгох тэтгэмжийн зардлыг 89.6 тэрбум төгрөгөөр тооцон төсөвт тусгав.
Дотоодын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих, үндэсний үйлдвэрт тушаасан малын арьс шир, ноос болон хүнсний улаанбуудайн урамшуулалд зориулж нийт 54.0 тэрбум төгрөгийг ирэх 2017 онд олгохоор тогтлоо.
Зөвхөн эрүүл мэнд, боловсрол, мэргэжлийн боловсрол болон онцгой байдлын салбарт иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхтэй холбоотой орон тоог төсвийн төсөлд тусгах, бусад аливаа орон тоог нэмэгдүүлэхгүй байх, төсвийн байгууллагын тэвчиж болох зарим урсгал зардлыг 2016 оны тодотголын түвшнээс хэтрүүлэхгүй байх, улмаар салбарын онцлогийг харгалзан 10-100 хувь бууруулах, өмнөх онуудад хэрэгжсэн нэг удаагийн шинжтэй, эсвэл хуульд өөрчлөлт орсны улмаас өөрчлөгдөж буй хөтөлбөр, арга хэмжээний урсгал зардлыг бууруулах зарчмыг баримталсан.
УИХ-ын 2016 оны 2 дугаар сарын 5-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталсан “Ирээдүйн өв сангийн тухай” хуулийн хэрэгжилтийг 2017 оны 1 дүгээр сарын 1-ээс эхлэн хангаж ажиллана.
Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлж, шинэ төсөл, арга хэмжээ эхлүүлэхгүй байх, шилжих ажлуудын санхүүжилтийг гүйцэтгэлтэй нь уялдуулан хойшлуулах, эсвэл бүрэн тусгах, өмнөх жилүүдэд эхэлсэн боловч орхигдсон ажлуудыг дуусгах, зайлшгүй шаардлагатай боловсрол, эрүүл мэндийн салбарын их засвар, тоног, төхөөрөмжийн зардал, өвлийн улиралд гэнэтийн осол, аваарын байдалд хүргэж болзошгүй байгаа Улаанбаатар хотын дулааны гол магистрал шугамын их болон урсгал засварт шаардагдах хөрөнгийг ирэх оны төсөвт тусгалаа.
Гадаадын зээл, тусламжийн үр ашгийг нэмэгдүүлэх, эдийн засгийн үр ашигтай төслүүдэд санхүүжилт хийх замаар эдийн засгийн өсөлтийг дэмжих, төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор гаргах дотоод бондын хэмжээг бууруулах, өрийн удирдлагын оновчтой арга хэрэгслийг хэрэгжүүлэх замаар хүүгийн зардлыг өмнөх оны түвшнээс бууруулахаар тооцлоо.
Дээр дурьдсан арга хэмжээнүүдийг тусган улсын нэгдсэн төсвийн үндсэн үзүүлэлтүүдийг тооцоход Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 5,974.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 22.8 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 8,564.0 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.7 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 2,589.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 9.9 хувьтай тэнцэж Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлагыг хангахаар байна.
Монгол Улсын 2017 оны төсвийн тухайн хуулийн төслийг дагалдуулан нийт 15 хуулийн төсөл, Улсын Их Хурлын 2 тогтоолын төсөл өргөн мэдүүлэхээр бэлтгэлээ. Үүнд:
1/ “Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухайхууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын 2016 оны 47 дугаар тогтоолд “төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэрт гарахад ажил олгогчоос олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийг ажилласан хугацааг нь харгалзан 36 хүртэлх сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээтэй байх”-аар Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн хамт өргөн мэдүүлэхээр заасны дагуу холбогдох хуулийн төслүүдийг боловсрууллаа.
2/Төрийн байгууллагуудын үйл ажиллагааны зардлын үр ашгийг сайжруулах зорилгоор төсвийн шат шатны захирагч нарт эрхэлсэн салбар, яам, агентлаг, байгууллагын батлагдсан төсөв, орон тооны хязгаартаа багтаан бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийх эрхийг олгох, мөн бүтцийн өөрчлөлтийн улмаас орон тоо бууруулж цалингийн санг, тогтмол зардал гэх мэт хэмнэсэн зардал, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогоо зарцуулах эрхийг олгох зохицуулалтыг Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгалаа.
3/ Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт азай буурлууддаа “Насны хишиг” олгох эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэж заасан. Эдийн засаг, төсөв, санхүүгийн хүндрэлтэй нөхцөлд байгаа хэдий ч ахмад настны орлогын баталгааг сайжруулах зорилгоор 70 ба түүнээс дээш настай азай буурлуудад жилдээ 2 удаа 100-300 мянган төгрөгийг олгохоор тооцож холбогдох заалтыг Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд тусгалаа.
4/ Хүний хөгжил сангийн тухай хууль болон Хүний хөгжил сангийн төсөв 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болж байгаатай холбогдуулан хүүхдийн мөнгийг зорилтод бүлгийн өрхүүдэд олгохтой холбогдуулан Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Хүүхдийн мөнгөний талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсрууллаа.
5/ Нэгдсэн төсвийн бүрэлдэхүүнд бие даасан төсөв байдлаар хуульчилсан Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн харилцааг төсвийн хүндрэлтэй холбогдуулан хэрэгжилтийг нь хойшлуулах нь зүйтэй гэж үзэж 2019 оны төсвийн жил хүртэл хойшлуулах зохицуулалтыг холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлтөөр оруулах тухай хуулийн төслүүдэд тусгасан болно.
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хууль, эдгээр хуулийг дагалдуулан өргөн барьсан бусад хуулийн төслийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье.
Анхаарал тавьсанд баярлалаа.
-
2016 оны 10 сарын 06
Булган аймгийн Хангал сумын “Бүрэнгийн нуруу” гэдэг газар иргэн Б энэ сарын 4-ний өдөр самранд явж байгаад модон дунд төөрч сураггүй болсон тухай мэдээлэл Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу онцгой байдлын албан хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, төөрсөн иргэнийг өчигдөр Сөрт багийн “Сөрт” гэдэг газраас эсэн мэнд олжээ.