-
2016 оны 12 сарын 15
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.09.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 12 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбоотой/;
Ахмад настны тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2016.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2016.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан 2016.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Бусад;
Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: “Дээд боловсролын тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар” хийнэ.
-
2016 оны 12 сарын 14
Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамрагдах мэдүүлэг гаргагчид нь хуульд заасан үндэслэлийн дагуу хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор www.meduuleg.iaac.mn цахим хуудсаар шинэчлэн мэдүүлэх үүрэгтэй бөгөөд тус газраас цахим системийг шинэчлэх, нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянах үйл ажиллагааг цахимаар хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Мөн тус газраас хөрөнгө, орлогын мэдүүлгийг улсын хэмжээнд бүртгэх, хүлээн авах үйл ажиллагааг зохион байгуулахтай холбогдуулан 2017 оны мэдүүлгийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааны бэлтгэл ажлыг ханган ажиллах чиглэлээр төрийн болон нутгийн захиргааны нийт 106 байгууллагын удирдлагуудад зөвлөмж, чиглэлийг боловсруулан хүргүүлсэн байна.
2016 оны Улсын Их Хурал, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн дүн болон Монгол Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолоор Засгийн газрын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбогдуулан төрийн байгууллагуудын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтны 40 гаруй хувь нь шинээр томилогдон өөрчлөгдсөн тул Авлигатай тэмцэх газраас мэдүүлэг гаргагч болон мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнуудыг арга зүйн удирдлагаар хангаж сургалт зохион байгуулан ажиллаж байна.
-
2016 оны 12 сарын 14
Дархан уул аймгийн Хонгор сумын Хар модтын гуу гэх газар нутаглаж буй Иргэн Ж-гийн хонь өвчилсөн мэдээлэл 12-р сарын 6-ны өдөр аймгийн ХХААГ-т ирсэн байна.
-
2016 оны 12 сарын 14
Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд “Газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээ”-г нийслэлийн Газрын албанаас зохион байгуулж байна. Энэ хүрээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд зөвшөөрөлгүйгээр байрлуулж, үйл ажиллагаа эрхэлж буй түргэн үйлчилгээний цэгүүд /ТҮЦ/, гараж, чингэлэг, павильон зэрэг зөөврийн байгууламж, авто зам болон явган хүний зам хааж барьсан хашаа, хайс, төмөр хаалт, шон, шат, зөөврийн байгууламж болон бусад төрлийн объект, зөвшөөрөлгүйгээр дур мэдэн сунгасан хашаа зэргийг зохих журам, удирдамжийн дагуу зөрчил арилгах, газар чөлөөлөх арга хэмжээ авч эхлээд байгаа юм.
Улаанбаатар хотын хэмжээнд нийт 1132 ТҮЦ байгаагаас 757 нь зөвшөөрөлгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Өнөөдрийн байдлаар 572 түргэн үйлчилгээний цэгт зөрчлөө арилгаж, газраа чөлөөлөх тухай шаардах хуудас өгч, эхний ээлжид зөвшөөрөлгүй 23 ТҮЦ-ийг нүүлгэн, газрыг чөлөөлөөд байна гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.
-
2016 оны 12 сарын 14
Мөнгөний бодлогын зөвлөлийн ээлжит хурал энэ сарын 19-нд болно. Хурлаар бодлогын хүүгийн түвшинг өөрчлөх, эсэх асуудлыг хэлэлцэх аж.
-
2016 оны 12 сарын 14
“Авьяаслаг Монголчууд” шоуны ялагчаар тодорсон О.Энх-Эрдэнэд 100 сая төгрөгийн шагналыг нь гардуулан өгчээ.
-
2016 оны 12 сарын 14
Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд Оросын Холбооны Улс, Арабын Нэгдсэн Эмират Улс, Саудын Арабын Вант Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр /2016.12.14/ “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас мордлоо.
Улсын Их Хурлын дарга М.Энхболд энэ сарын 14-16-ны өдрүүдэд ОХУ-д хийх айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны зөвлөлийн дарга Валентина Ивановна Матвиенко, Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав Викторович Володин, Холбооны Хурлын Төрийн Думын орлогч дарга Владимир Абдуалиевич Васильев нартай тус тус уулзана. Түүнчлэн Монгол Улсын Хөгжлийн банк, ОХУ-ын Хадгаламж банкны хооронд хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцож, Москвагийн эрчим хүчний их сургуульд зочлох юм.
Улсын Их Хурлын даргын ОХУ-д хийх албан ёсны айлчлалын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Г.Мөнхцэцэг, Б.Наранхүү, О.Содбилэг, Г.Тэмүүлэн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд П.Ганхүү нар багтсан байна.
Улсын Их Хурлын дарга М.Энхболд ОХУ-д хийх айлчлалаа дуусгаад 12 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсад, 18-20-ны өдрүүдэд Саудын Арабын Вант Улсад тус тус албан ёсны айлчлал хийх юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2016 оны 12 сарын 14
Мал тооллогын явцад тооллогын комиссын гишүүд мөн тус суманд тоо толгой нь өсч буй янгир ямааны баримжаа тоог гаргажээ. Тэдний ажигласнаар 1500 орчим янгир ямаа байна гэж тоолжээ. Байгаль хамгаалах сан байгуулж, ажиллуулах боломж хуулиар хязгаарлагдсан нь янгир ямаа, зэрлэг ан амьтдыг хамгаалах, шаардлагатай орчин нөхцлийг бүрдүүлэхэд хүндрэл учруулж байгаа аж. Янгир ямаа хужиршиж байгаагаас малчны хот руу орж хужир шүү долоох үзэгдэл элбэгшиж байгаа гэнэ. Урьд нь тус сумынхан борооны ус тосох уст цэг, хужир шүү янгирын бэлчээрт байршуулах зэрэг ажлыг хийж байжээ.
-
2016 оны 12 сарын 14
Улаанбаатар дахь вагон депогийн дарга Н.Баттулга өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөх өргөдлөө УБТЗ-ын даргад өгчээ. Түүнийг тус салбарын дэд сайдын хамаатан гэж ажлынхан нь ярьдаг байсан гэх сураг байна.
-
2016 оны 12 сарын 14
”Монголбанк”, “Тэнхлэг зууч” компанитай хамтран өнгөрсөн сарын “Орон сууцны үнийн индекс”-ийг гаргажээ.
-
2016 оны 12 сарын 14
Улаанбаатар хотын цагдаагийн газраас Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэстэй хамтран өчигдөр ТҮЦ-үүдэд гэнэтийн шалгалт хийлээ. Уг шалгалтаар ТҮЦ ажиллуулах зөвшөөрөлгүй, зөвшөөрөгдсөн цэгээс бусад газарт зөвшөөрөлгүйгээр тамхи худалдан борлуулдаг зөрчил дийлэнх хувийг эзэлж байлаа.
Улаанбаатар хотын Цагдаагийн газрын ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч Л.Ганбаатар “Улаанбаатар хотын цагдаагийн газраас харьяа дүүргүүд дэх цагдаагийн хэлтсүүдтэй хамтран түргэн үйлчилгээний цэгүүдэд хяналт шалгалт хийж байна. Өнөөдрийн хувьд Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийнхэнтэй хамтран тус дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ТҮЦ-үүдэд хяналт шалгалт хийлээ. Зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулах, Тамхины хяналтын тухай хуулийг зөрчсөн нийтлэг зөрчил гарч байна” хэмээн ярилаа.
Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд нийт 1100 гаруй түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/ үйл ажиллагаа явуулж байна. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын А/103 тоот тушаалын хэрэгжилтэд гүйцэтгэлийн хяналт шалгалтыг өнгөрсөн сард хийсэн. Шалгалтаар ТҮЦ эрхлэгчдийн 1.7 хувь нь ариун цэврийн өрөөтэй боловч зориулалтын дагуу ашигладаггүй, 98.3 хувь нь ариун цэврийн өрөө байх хэсгийг агуулах, амралтын өрөө болон үйлчилгээний талбай болгон засч ашигласан, шаардлага хангасан хогийн савгүй, хаана бие засч, гараа угааж, хувийн ариун цэвэр сахидаг нь тодорхойгүй, орчны 5м хүртэлх талбайг тохижуулаагүй, орчноо бохирдуулж, бохир ус, хогоо ногоон байгууламж руу асгадаг гэх мэт нийтлэг зөрчил гаргадаг нь илэрсэн юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2016 оны 12 сарын 14
Монгол бөхийн өргөөнд арванхоёрдугаар сард болох барилдаануудын хуваарийг танилцуулж байна.
-
2016 оны 12 сарын 14
Нийслэлийн Засаг дарга С.Батболд Пусан хотын олон улсын харилцааны сангийн дэд захирал Пак Юн Суктэй уулзлаа.
-
2016 оны 12 сарын 14
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимар Путины Япон улсад хийх албан айлчлал манай оронд ямар ач холбогдолтой талаар МУНН-ын дарга Б.Батболд өөрийн байр сууриа ийн илэрхийлжээ. Тэрээр “Доналд Трамп Тайваны Ерөнхийлөгчтэй утсаар ярьсныг нь Хятад эсэргүүцсэн. Хариуд нь Далай ламтай уулзана гэсэн байна.
Путины Японд хийх айлчлалын үр дүнгээс Монголын геополитикийн орон зай ихээхэн тэлэх идэвхжих шинж ажиглагдаж байна.
Түүнчлэн Путины айлчлалыг цуцлахыг АНУ Японд санал болгосон ч цаадуул нь сонсоогүй мэт өнгөрөөсөн нь бас нэг шинэ хачирхам үйл явдал боллоо. Путины Японд хийх айлчлалын үр дүнгээс Монголын геополитикийн орон зай ихээхэн тэлэх идэвхжих шинж ажиглагдаж байна. Харин манай төр засаг үүнд бэлэн эсэх нь тун эргэлзээтэй байгаа нь мэргэжлийн экспертүүдээ цалинжуулж ажиллуулах амин чухал шаардлага байгааг илтгэн харуулж байна. Бид үргэлж хүндээ хөнгөнөөс өгч байсан хойшид ингэх боломж байхгүй гэдгийг Монгол Улсын ҮАБЗ, ТЕГ, Гадаад харилцааны яам зэрэг чиг үүргийн байгууллагууд идэвх санаачилгатай ажиллах хэрэгтэй байх шиг. Бид зөв ажиллаж чадвал асар их боломж байна мөн гэзэг зантай зээл шүтдэг сэтгэлгээгээ өөрчлөх цаг болжээ” гэжээ.
-
2016 оны 12 сарын 14
С.Зориг агсны хэргийн шүүх хурал өнөөдөр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид 10.00 цагаас эхэлнэ. Тэгвэл яг одоо тус газарт хамгаалалт аваад байгаа бөгөөд шүүгдэгч, хохирогч нарын ар гэрийнхэн болон сэтгүүлч нарыг дотогш нэвтрүүлээгүй байна.
-
2016 оны 12 сарын 14
С.Зориг агсныг хэргийн шүүх хурал хэрэг гарснаас хойш 18 жилийн дараа ийнхүү өнөөдөр болж байна.
-
2016 оны 12 сарын 14
БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлалын алба тус улсад визний хугацаагаа хэтрүүлэн хууль бусаар оршин суугаа гадаадын иргэдийг сайн дураараа эх орондоо буцсан нөхцөлд тус улсад буцаж ирэхэд нь визний болон хилийн хоригоос чөлөөлөх өршөөлийн аян өрнүүлж эхэлсэн.
Аяны хугацаагаа тус улс энэ сарын 31-нийг хүртэл сунгасан байна. Уг аянд хуурамч бичиг баримтаар Солонгост ирсэн иргэд мөн хамрагдах бөгөөд энэ тохиолдолд эх орондоо буцахаас гурав хоногийн өмнө нисэх буудал болон цагаачлалын албатай урьдчилан холбоо барих шаардлагатай аж.
-
2016 оны 12 сарын 14
С.Зориг агсны хэргийн шүүх хурал яг одоо ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид эхлэх гэж байна.
-
2016 оны 12 сарын 14
Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан Японы “Шарп” корпорацийн Эрчим хүчний шийдэл салбарын ерөнхий менежер Тацуяа Сатотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг санамж бичгийн хүрээнд Багануур дүүрэгт 20 мВ бүхий хүчин чадалтай нарны цахилгаан станц байгуулж, тухайн бүс дэх айл өрхүүдийг эрчим хүчээр хангах аж.
Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсны дараа нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Багануур дүүрэгт буюу нүүрсний олборлолтын бүсэд эрчим хүчний тогтвортой эх үүсвэрийг сэргээгдэх эрчим хүчээр бий болгох үүднээс уг төслийг хэрэгжүүлэх гэж байна. Монгол Улсад сүүлийн 14 жилийн хугацаанд сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр тогтвортой үйл ажиллагаагаа явуулж ирсэн учраас “Шарп” корпорацитай хамтарч ажиллахаар сонгосон” гэлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн гуравдугаар бүлгийг бүхэлд нь байгаль орчин, ногоон хөгжилд зориулсан. Түүнчлэн Улаанбаатар хотын агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулах, ногоон хөгжилд тулгуурласан үйлдвэрлэлийг дэмжих, эдийн засгийн өсөлт бий болгож иргэдийн амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилт тавьсан байдаг гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 12 сарын 14
Шинэ жилийн баяр, тэмдэглэлт ой зэрэг олныг хамарсан арга хэмжээнүүд болох хугацаа ойртож буйтай холбогдуулан зарим бүтээгдэхүүний үнэ ханш өссөнөөс хямд үнэтэй, хуурамч бүтээгдэхүүн худалдаанд гарч болзошгүй тул дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. Үүнд:
1. Баяр ёслол, тэмдэглэлт ойн арга хэмжээг зохион байгуулахаар зоогийн газрыг сонгохдоо дараах зүйлийг харгалзан үзэх шаардлагатай. Үүнд:
Зоогийн газрын хоол үйлдвэрлэлийн ажлын байр нь хоол хүнсний зориулалтаар зохион байгуулагдсан, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан байгаа эсэхийг анхаарах.
Их хэмжээний хоол хүнснийг нэг дор бэлтгэн халуунаар хадгалахад шаардагдах хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл хүрэлцээтэй эсэх, ажиллагсад эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдсан эсэх, мэргэжлийн тогооч, ажиллагсдаар бүрэн хангагдсан эсэхийг харгалзан үзэх.
Хоол хүнсэнд хэрэглэж буй түүхий эд, материал нь чанар аюулгүй байдлыг хангасан тухай шинжилгээний бичигтэй баталгаажилттай байх, ариун цэврийн шаардлага хангасан, зориулалтын байртай худалдааны байгууллагаас нийлүүлсэн эсэхийг холбогдох бичиг баримтанд үндэслэн сайтар хянаж үзэх.
Мах, махан бүтээгдэхүүн нь мал эмнэлэг, ариун цэвэр-гарал үүслийн гэрчилгээтэй эсэх, эрх бүхий лабораторит аюулгүй байдлын шинжилгээнд хамрагдсан байдлыг нягтлан үзэх.
2. Ариун цэврийн шаардлага хангаагүй, бохир орчинд явуулж буй хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газраар үйлчлүүлэхгүй байх.
Архи согтууруулах ундааг худалдан авах, үйлчлүүлэхдээ хаана үйлдвэрлэсэн, чанар аюулгүй байдлын баталгаажилттай эсэхийг магадлан үзэхийн зэрэгцээ тунадас булингартай, механик хольцтой, хямд үнэтэй, гар дээрээс худалдаалж буй архи, согтууруулах ундааг худалдан авч хэрэглэхгүй байх.
Хоол хүнсийг бүрэн гүйцэд болгосон эсэхийг шалгаж хэрэглэх,
Гэрийн нөхцөлд хүнсний бүтээгдэхүүнээ зөв хадгалж, бүрэн боловсруулан хэрэглэх, хоносон хоол, удаан хадгалсан бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэхгүй байх.
Хүнсний бүтээгдэхүүний хэвийн өнгө, үнэр,төлөв байдал өөрчлөгдөж, муудсан шинж тэмдэг илэрсэн бол тухайн хүнсний бүтээгдэхүүний чанар алдагдаж, өвчин эмгэг, үүсгэгч, бичил биетэн өсөж үржсэн байж болзошгүй тул хоол хүнсэнд хэрэглэхгүй байх, хүнсний бүтээгдэхүүнийг худалдаж авахдаа сонголтоо зөв хийх.
“Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай” Монгол улсын хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д “худалдан авагч нь худалдагчаас тухайн бүтээгдэхүүний чанар аюулгүйн баталгааг шаардан үзэх эрхтэй” гэж хуульчилсан байдаг тул ТА эрхээ зөв эдлэн болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон хэрэглэгч үйлчлүүлэгчдийг урьдчилан сэргийлэхийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас анхааруулж байна.