-
2016 оны 10 сарын 10
Монгол улсын нутгаас маш сайн хадгалагдсан морины мумми олдсон тухай “National Geograpchic” сэтгүүл мэдээлжээ. Тодруулбал, өнгөрсөн он Монголын үндэсний музейн хэсэг судлаачдаас бүрдсэн хайгуулын баг Ховд аймгийн Мянгад орчимд малтлагын ажлаа эхлүүлж байжээ. Малтлагын ажил үр дүнд хүрч, занданшуулан хадгалсан морины бие цогцос тэндээс олджээ. Уг морийг тун чамбай боож, арьс ширээр давхарлан ороож, хажууд нь эврээр зорж хийсэн нум сум, морины бүхий л эд хэрэглэл хамтдаа байсан аж. Дайнд бэлтгэсэн уг хүлэг морины тоног хэрэгсэл нь 6-8-р зуунд хамаарч байгааг судлаачид олж мэдсэн байна. Түрэг династи 6-8-р зуунд, Монголын ихэнх нутгаар нүүдэллэн аж төрж байгаад улмаар Афганистан, Туркменистаны нутаг руу буюу баруун тийш нүүдэллэн оджээ. Гэхдээ түргүүдийн үлдээсэн ул мөр бүр сүүлд 10-11-р зуунд ч Монголын нутгаар маш ихээр олддог бөгөөд шинжлэх ухааны нарийн судалгаа шаардлагатай гэж малтлагын багийнхан мэдээлжээ.
Мянгадын орчмын агуйгаас олдсон тоноглогдсон морины муммины тухай археологчдын багийн ахлагч, судлаач Ж.Баярсайхан “Энэ агуйд морийг эзэнтэй нь хамт оршуулсан байна. Гэхдээ цаг хугацааны эрхэнд морины бие цогцос хамгийн сайн хадгалагдаж үлджээ” хэмээжээ.
Б.Цэцэг
-
2016 оны 10 сарын 10
Монгол Улсын Пара жүдо бөхийн холбооны шигшээ багийн тамирчин, Паралимпийн хүрэл медальт Б.Ууганхүү өсвөрийн тамирчиддаа амжилтын хишгээсээ хуваалцлаа. Тэрбээр өсвөрийн тамирчдад Дэлхийн аварга болохыг ерөөж, Adidas брэндийн 3 сая төгрөний үнэ бүхий 20 ширхэг кимоног нутгийн дүү нартаа бэлэглэжээ.
Олимпийн анхны медалтьнаа өлгийдөн авсан Дорноговь аймагт өсвөрийн жүдо бөхийн дугуйлан нээгдээд хагас жил болжээ. Энэхүү дугуйланд Тив, Дэлхий, олимпийн дэвжээнд амжилт ялалтаа цуурайтуулсан Х.Цагаанбаатар, Д.Төмөрхүлэг, Б.Ууганхүү тэргүүтэй Монголын шилдэг жүдочид өсвөрийн тамирчиддаа өөрсдийн арга, техник, ур чадвараасаа зааж, сургалаа.
Б.Цэцэг
-
2016 оны 10 сарын 10
Авлигатай тэмцэх газар 2016 оны 10 дугаар сарын 3-7-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 263 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шинээр хүлээн авчээ. Нийт 584 урьдчилсан мэдүүлгийг хянан шалгасан байна.
-
2016 оны 10 сарын 10
“Guys” хамтлагийн дуучин Х.Бат-Ундрал Замын-Үүдийн гаалиар их хэмжээний хар тамхи оруулах гэж байгаад баригдсан хэргээр хуулийн байгууллагад шалгагдаад байв.
-
2016 оны 10 сарын 10
Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Бумбат багийн малчин Б энэ сарын 7-ны өглөө адуунаасаа морь барьж ирэхээр гэрээсээ гараад сураггүй алга болсон байна.
-
2016 оны 10 сарын 10
Авлигатай тэмцэх газар энэ сарын 3-7-ны өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 6 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 20 гомдол, мэдээллийг шалгажээ.
-
2016 оны 10 сарын 10
Монголын хөрөнгийн бирж шийдвэр гаргаж, хоёр компанийн хувьцааг бүртгэлээс хаслаа.
-
2016 оны 10 сарын 10
Долоо хоног бүрийн даваа гаригт болдог ЭХЯ-ны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөнд Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан, Эрчим хүчний яамны дэд сайд Т.Гантулга нар оролцож, өвлийн бэлтгэл ажил, станцуудын нүүрсний хангамж болон салбарын цаг үеийн мэдээ мэдээллийг сонсов. Дулааны цахилгаан станцуудын өвөлжилтийн бэлтгэл ажил 75-90 хувьтай, мөн нүүрсний 12-60 хоногийн нөөцтэй байгаа нэгдсэн дүнг салбарын удирдлагууд танилцууллаа.
-
2016 оны 10 сарын 10
Өнгөрсөн баасан гарагт Татварын ерөнхий газарт гал гарч, НОБГ-ын 10 дугаар ангийн аврагчид шуурхай ажиллан унтраасан талаар бид мэдээлсэн билээ.
-
2016 оны 10 сарын 10
“Герман-Монголын бизнесийн өдрүүд 2016” маргааш эхэлнэ
Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн ”Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага (ЭТИС) хөтөлбөр, Герман-Монголын бизнес эрхлэгчдийн холбоо хамтран Герман-Монголын бизнес өдрүүдийг “Made in Germany” сэдвийн дор зохион байгуулах байна. Тус арга хэмжээний зорилго нь хоёр талт хамтын ажиллагааг дэмжихийн зэрэгцээ Герман-Монгол орнуудын хооронд технологи, ноу-хауг дамжуулах юм.
2016 оны 10 сарын 11, 12-нд болох бизнесийн өдрүүдэд Герман, Монголын 50 гаруй компани оролцон хамгийн сүүлийн үеийн технологи, орчин үеийн удирдлагын аргуудын тухай мэдээлэл хүргэж, өөрийн түншүүдтэйгээ туршлагаа солилцох аж.
Тус арга хэмжээний нээлтийн ёслолын хүндэт зочноор Монгол Улсын Үндэсний Хөгжлийн Газрын дэд дарга Н.Нацагням, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Штефан Дуппел болон бусад төр, хувийн хэвшлийн төлөөлөгчид оролцоно.
Үндсэн илтгэлийг “Компанийн сайн засаглал” сэдвээр Германы компанийн засаглалын зарчим, кодексийг боловсруулан олон улсад танигдсан судлаач Проф. Др. Кристиан Штренер тавих аж. Нээлтийн дараагаар Монгол, ХБНГУ, АНУ, БНХАУ, Австралийн бизнес эдийн засаг, эрдэм шинжилгээний салбарт нэр хүндтэй төлөөлөгчид илтгэл, танилцуулга, “Master Class” семинарыг зохион байгуулна.
Энэ жилийн үндсэн чиглэлүүд нь компанийн удирдлагын менежмент, газар тариалан, текстил–бэлэн хувцасны технологи, эрчим хүч байх ба эдгээр чиглэлээр төлөвлөсөн мэргэжлийн арга хэмжээнүүд чуулганы бүрэлдэхүүнд багтаж, өнгөрсөн жилүүдийн адил өргөн хүрээний оролцогчдод сонирхолтой ярилцлага, шинэлэг мэдээлэлийг хүргэхийг зорьж байна.
Герман-Монголын бизнесийн өдрүүдийг GIZ-ийн ЭТИС хөтөлбөрөөс санаачлан зургаа дахь удаагаа зохион байгуулж байгаа ба энэ жилийн 2 өдрийн арга хэмжээ “Шангри-Ла” зочид буудалд олон нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй болох аж.
-
2016 оны 10 сарын 10
Өнгөрөгч амралтын өдрүүдэд буюу амралтын өдрүүдэд Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 707 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 566 дуудлага бүртгэгджээ.
-
2016 оны 10 сарын 10
Монгол Улсын Ерөнхий сайдын гэргий хатагтай Д.Тунгалагийн урилгаар Япон улсын хүүхдийн зүрхний эмч нар Сэлэнгэ, Дархан-Уул аймагт 2-3 өдөр ажиллаж, хүүхдүүдэд үнэ төлбөргүй үзлэг хийх бөгөөд мөн энэ үеэр жирэмсэн эхчүүдэд ургийн зүрхний эхо үзлэг хийхээр болсон билээ.
Тэгвэл үзлэг Сэлэнгэ аймагт энэ амралтын өдрүүдэд Аймгийн нэгдсэн эмнэлэгт хийгдсэн. Харин Дархан-Уул аймагт өнөөдөр буюу энэ сарын 10-ны өдөр үзлэг хийгдэх гэнэ.
Үзлэгээр хагалгаа хийх шаардлагатай онош тогтоогдсон хүүхдүүдэд Япон эмч нар энэ оны 11, 12 дугаар сард ирж үнэ төлбөргүй хагалгаа хийх юм байна. Хэрвээ таны хүүхдэд зүрхний ямарваа нэг эмгэг ажиглагдаж байвал өрхийн эмчээрээ дамжуулан үзлэгт бүртгүүлэх боломжтой юм.
-
2016 оны 10 сарын 10
Засгийн газрын шийдвэрээр 2016-2019 онд гадаадын их дээд сургуульд суралцагчдын тэтгэлэт хөтөлбөрт шинээр оюутан хамруулахгүй гэдгээ зарлачихлаа. Өөрөөр хэлбэл, 2019 он хүртэл шинээр оюутан бүртгэхгүй. Төсвийн боломжтой уялдуулан энэхүү хөтөлбөрийг одоогийн батлагдсан зардлын хэмжээнд үргэлжлүүлэх буюу зардал нэмэгдүүлэхгүй байхаар төсөвлөсөн байна. Уг нь МАН-ын мөрийн хөтөлбөрт “Хүүхэд залуучууд маань дэлхийд өрсөлдөхүйц боловсролтой болж, аав ээжээ ачилж, эх орны хөгжлийн баганаас өргөлцөх бодлогыг санал болгож байна” гэж тусгасан. Ийнхүү Ардын нам оюутнуудыг дэлхийн боловсролоос ухраав. Үүгээрээ залуусыг дэмжихгүй гэдгээ мэдэгдэж байна.
Б.Цэцэг
-
2016 оны 10 сарын 10
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа хамтран эрхлэх хуулийн этгээдийн хэлбэр нь хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл байхаар хуульчилсан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэх Цэцийн дунд суудлын хуралдааныг аравдугаар сарын 12-ны өдөр хийхээр товлосон боловч Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас уг хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан байна.
-
2016 оны 10 сарын 10
НҮБ -ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын “Аюулгүй, гамшгийг даван туулах чадавхитай хотыг бий болгох нь“ уриалгад дэлхийн 3368 хот нэгдэн орсон байдаг юм. Энэ уриалгад өнөөдөр Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотууд нэгдэн орлоо.
-
2016 оны 10 сарын 10
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн болж, Улаанбаатар хотын есдүгээр сарын 22-ноос энэ сарын 5-ны өдрийн нөхцөл байдлын талаар холбогдох газрууд мэдээлэл өглөө.
-
2016 оны 10 сарын 10
Авлигатай тэмцэх газраас гаалийн байгууллагын авлигын эрсдлийг тодорхойлох, авлига, албан тушаалын гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөлийг тогтоох зорилгоор Гаалийн ерөнхий газар, Улаанбаатар хотын гаалийн газарт хяналт шалгалт хийж байна.
-
2016 оны 10 сарын 10
Боловсрол соёл, шинжлэх ухааны яамнаас 2016-2017 оны хичээлийн жилийн сурагчдын амралтын хуваарийг гаргажээ. Тодруулбал, I-II ангийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт энэ сарын 27-ноос эхлэх бөгөөд ирэх арваннэгдүгээр сарын 9-ний өдөр дуусах юм байна.
УЛААНБААТАР ХОТОД:
Нэгдүгээр улирлын амралт
1,2 дугаар анги 10,27-11,09
3-12 дугаар анги 11,03-11,09
Хоёрдугаар улирлын амралт
1-5 дугаар анги 12.22-01.25
6-9 дүгээр анги 01.05-.01.25
10-12 дугаар анги 01.12-01.25
Гуравдугаар улирлын амралт
1-12 дугаар анги 03.29-04.12
Дөрөвдүгээр улирлын амралт
1-12 дугаар анги 06.07
ХӨДӨӨ ОРОН НУТАГТ:
Нэгдүгээр улирлын амралт
1,2 анги 10,27-11,09
3-12 дугаар анги 11,03-11,09
Хоёрдугаар улирлын амралт
1-5 дугаар анги 01.12- 02.01
6-9 дүгээр анги 01.12-01.25
10-12 дугаар анги 01.12-01.18
Гуравдугаар улирлын амралт
1-5 дугаар анги 03.23-04.12
6-9 дүгээр анги 03.23-04.04
10-12 дугаар анги 03.16-03.29
Дөрөвдүгээр улирлын амралт
1-12 дугаар анги 06.07
-
2016 оны 10 сарын 10
Энэ сарын 13-14-нд баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр хур тунадас, цас орно.
Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 14-нд баруун аймгуудын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. 10 дугаар сарын 11-нээс ихэнх нутгаар өдөртөө дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.
-
2016 оны 10 сарын 10
Нийслэлийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын газрын даргын энэ сарын 05-ны өдрийн тушаалаар Нийгмийн даатгалын бодлого, хууль тогтоомжийг иргэд, даатгуулагчдад сурталчлах ажлыг эхлүүлээд байна.
“Засгийн газрын 100 хоног” арга хэмжээг дүүргүүдийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсүүд зохион байгуулах бөгөөд нийгмийн даатгалын үйлчилгээ, үйл ажиллагааг иргэдэд ойртуулж, сургалт, сурталчилгаа явуулан, зөвлөгөө өгч ажиллах юм. Өнөөдөр томоохон зах, худалдааны төвүүдэд дүүргийн байцаагч нар ажиллаж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын ач холбогдлын талаар сургалт зохион байгуулж, иргэд, даатгуулагчдад хууль тогтоомжид орсон нэмэлт өөрчлөлтийн талаарх мэдээ мэдээллийг өгнө.
Мөн дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсүүдтэй хамтран малчид, хөдөлмөр эрхлэгчид, бүртгэлтэй ажилгүй иргэдэд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын ач холбогдлын талаар сургалт, зөвлөгөө өгөх ажлыг дүүрэг бүрт хувиарийн зохион байгуулна. Дүүргүүдийн алслагдсан хороодын иргэд болон 1000 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллагад нийгмийн даатгалын үйлчилгээг ойртуулж, зөвлөгөө, мэдээлэл хүргэх юм. Түүнчлэн иргэд даатгуулагчдад нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа авах цахим үйлчилгээ, гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэд нийгмийн даатгалын шимтгэлээ онлайнаар төлөх боломж, мобайл банкны үйлчилгээний талаар иргэд даатгуулагч нарт мэдээ мэдээллийг шуурхай хүргэх зэрэг олон ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлэхээр боллоо гэж Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газраас мэдээллээ.