АН-ынхан 1996-2000 оны гашуун түүхээ давтах нь. Тухайн үед АН парламентад олонх болж Засгийн газраа байгуулсан ч дөрвөн жилд, дөрвөн удаа Засгийн газраа бужигнуулж тоглосон нь тэднийг 2000 оны сонгуулиар УИХ-д ганц суудал авахад хүргэсэн юм.
Гэтэл тус нам дээрх алдаанаасаа сургамж аваагүй гэдгээ дахин баталж орхилоо. 1996 онд тус намынхан фракц хоорондын хагарал, эрх ашгийн төлөөх тэмцэлээсээ болж Засгийн газраа дөрвөн удаа задалж байжээ. Энэ онуудад ч мөн тус намынхан дээрхтэй яг адил шалтгаанаар Засгийн газраараа гурав дахиа оролдож, огцруулах гэж байна. Тэдний энэ тэнэг үйлдэл 1996-2000 оны үед ч, одоо ч сөрөг хүчнээр ажиллаж буй МАН-ынханд л ашигтайгаар тусна. МАН-ынхан АН-ын алдаа бүхэн дээр тоглож ирэх сонгуульд их ялалт авахдаа итгэлтэй сууж байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг унагах төлөвлөгөө ойрноос улам эрчээ авах гэнэ. Тодруулбал, Зам тээврийн Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг баривчилсан нь Засгийн газрыг унагах үйл ажиллагаа улам хурдлуулж өгөх нь. Б.Батзаяагийн хувьд УИХ-ын гишүүн Х.Баттулгын баруун гар, ойрын хүн нь. Тиймээс түүний баривчилгаа Х.Баттулгад нэг төрлийн сануулга болохоос гадна хүндээр тусч байгаа нь тодорхой юм.
1996 онд тус намынхан фракц хоорондын хагарал, эрх ашгийн төлөөх тэмцэлээсээ болж Засгийн газраа дөрвөн удаа задалж байжээ. Энэ онуудад ч мөн тус намынхан дээрхтэй яг адил шалтгаанаар Засгийн газраараа гурав дахиа оролдож, огцруулах гэж байна.
Хуулийнхан Б.Батзаяаг авлига, албан тушаалын гэмт хэрэгт сэжиглэн хорьж байгаа. Зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар Б.Батзаяа нь Солонгосын “Самсунг C&T” компанид илт давуу эрх олгож Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн төмөр замын далангийн ажлыг гүйцэтгүүлсэн нь тодорхой гэж буй. Ингэхдээ тус компаниас хахууль авсан гэж сэжиглэж байгаа юм.
Хуулийн талаас хийх тайлбар энэ мөн боловч нийгмийн талаас нь авч үзвэл олон жил сунжирсан Тавантолгой, баригддаггүй төмөр замыг тойрсон бүлэглэлүүдийн маргаантай салшгүй холбоотой юм. Улс төрийн хүрээнийхэн Тавантолгойн төслийг ахин оруулж ирэхэд З.Энхболд, Х.Баттулга нар дахин гацаах магадлалтай тул Б.Батзаяаг баривчиллаа гэх ярьж байна. Б.Батзаяаг баривчилсан даруйд УИХ-ын гишүүн Х.Баттулга өөрийн багийн гишүүн гэгддэг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн хамтаар яаран мэдээлэл хийж “Тавантолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээний төслийг өргөн барих болсныг мэдэгдсэн нь бас л нэг зүйлийг хэлж буй. Гэхдээ үүнийг энэ удаад бичихээ түр хойшлуулъя.
Б.Батзаяаг баривчилсан нь давхар Х.Баттулгад өгч буй сануулга. Тиймээс Х.Баттулга гараа хумхиад зүгээр суугаад байхгүй нь тодорхой. Түүний хамгийн эхэлж хийх үйлдэл нь Засгийн газрыг унагах. Одоо хэн хамгийн ихээр Засгийн газрыг унагахаар ажиллаж байгаа билээ. Х.Баттулга тэр хүнтэй нэгдэнэ. УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах бичигт гишүүдийн гарын үсгийг цуглуулж байгаа. Тэр бичигт нь нийт 14 гишүүн гарын үсэг зурсан гэх мэдээлэл бий. Тэгвэл тэдэн дээр Х.Баттулгын МОАХ фракцийнхан нэмэгдэж гарын үсэг зурах нь. Ингэснээр Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслийг УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэх боломжтой болно гэсэн үг.
Ингээд УИХ-аар хэлэлцэх болоход Ч.Сайханбилэг маш амархан унах нөхцөл байдал үүслээ. Учир нь МАН-ын 25 гишүүн дээр Алтангадасаас бусад АН-ын фракцууд “Шударга ёс” эвслийнхэнтэй нэгдэж огцруулах кноп дарснаар Засгийн газар огцорно.
Одоо Х.Баттулга дээрх үр дүнд хүрэхийн тулд л хөдөлнө.
Т.Хулан
Сэтгэгдэл (92)