Монгол Улс болон ОХУ-ын Засгийн газар хооронд хийсэн хэлэлцээрийн дүнд дутагдалтай байгаа 51 мянган тонн тэжээлийг оруулж ирэн, малчдад түгээхээр болжээ. Нийтдээ 40 тэрбум төгрөгийн үнэ бүхий тэжээлийг 34 аж ахуйн нэгжээр дамжуулан орон нутагт хүргэх, борлуулах ажил оноос өмнө эхэлсэн. Аж ахуйн нэгжүүд борлуулах аймгаас хамааран тухайн аймгийн бүх суманд дунджаар нэг тонн хивгийг 334000-480000, хорголжин тэжээлийг 344000-517700, овьёосыг 400000-537700, арвайг 410000-440000 төгрөгөөр тус тус худалдаалж байгаа ба гааль болон НӨАТ-аас чөлөөлөх хууль хэрэгжсэнээр өвс, тэжээл малчдын гарт хямд үнээр худалдаалагдах боломж бүрджээ.
Тухайлбал 25 кг хивэг 9800 орчим, 40 кг хорголжин 17200 орчим төгрөгөөр тус тус зарагдахаар байгаа юм. Эх сурвалжийн хэлснээр, өнөөдрийн байдлаар 1947.8 тонн хивэг, 1324.1 тонн хорголжин, 21.2 тонн тэжээлийн бэлдмэл импортоор орж ирээд байгаа бөгөөд ХХААХҮ-ийн яамтай “Бодлогын гэрээ” байгуулсан есөн аж ахуй нэгж нийтдээ 1248.2 тонн хивэг, 761.9 тонн хорголжин тэжээлийг импортоор оруулж ирэн Баян-Өлгий, Увс, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн малчдад хүргэн, худалдаалж байна.
Б.ХЭРЛЭН