Баримтаас харахад, 2017 оны байдлаар 17800 гэр бүл бүртгүүлсэнээс 3900 нь салсан байгаа. Өөрөөр хэлбэл дөрвөн гэр бүл тутмын нэг нь салж байна гэсэн үг. Тиймээс эцэг эхийн энэ салах шийдвэрээс үүдэн гэр бүлийн амин холбоо, хайрын гэрч болон үлдсэн хүүхэд хугаслагдсан хайраа бүтэн болгож чадахгүй ч гэлээ сэтгэл амар, элэг бүтэн мэт өсөхөд аав ээжийнхээ хэнтэй нь байвал зохихыг Шүүхийн байгууллага шийдвэрлэдэг.
Тэгвэл энэ шийдвэрийг гаргахад Гэр бүлийн маргаан болон гэр бүлийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцож буй мэргэжилтнүүд чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Тэр ч утгаараа гэр бүлийн маргаан болон гэр бүлийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцож буй мэргэжилтнүүдийн энэхүү чухал хариуцлагатай ажлаа хийж хэрэгжүүлэхэд тустай ‘Шидэт толь’ гэр бүл, хүүхдэд зөвлөгөө өгөх төв Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт нээгджээ. Тус газрыг “Гүүд Нэйборс” олон улсын төрийн бус байгууллагын төлөөлөгчийн газар хамтран 20 орчим сая төгрөгийн санхүүжилтээр байгуулжээ.